Хайх

Одоо их сургуульд \"инфлюэнсер\" мэргэжлээр суралцаж болно

Одоо их сургуульд "инфлюэнсер" мэргэжлээр суралцаж болно

"Инфлюэнсер" албан ёсны мэргэжил боллоо!

Text: Buro.Mongolia


Зураг:

Инфлюэнсерүүдийг үл ойшоосоор л байна уу? Тэд Instagram, Youtube зэрэг олон нийтийн сүлжээг ашиглан жилд сая, сая ам.долларын орлого олж, дэлхийн томоохон компаниуд тэднээр бүтээгдэхүүнээ сурталчлуулахыг хүсэж, тэр ч бүү хэл Харвардын бизнесийн сургууль инфлюэнсерүүдийн амжилтыг судалж (Кьара Ферраньигийн The Blonde Salad блог) байна. Хэрэв тэдний талаарх таны бодол өөрчлөгдөөгүй байгаа бол яг одоо анхаарлаа хандуулаарай. Одооноос эхлэн их сургуульд "инфлюэнсер" гэх мэргэжлийг эзэмших боломжтой боллоо!

Тодруулбал Италийн eCampus онлайн их сургууль "инфлюэнсер" мэргэжил эзэмших гурван жилийн сургалтын хөтөлбөр зарласан бөгөөд энэхүү сургалтад хамрагдсанаар албан ёсны эрдмийн зэрэг хамгаалах боломжтой болж байгаа юм. Сонирхуулахад алдарт хөлбөмбөгчин Кристиано Рональдо eCampus их сургуулийн нүүр царай бөгөөд тэрээр энэ байр сууриа ашиглан нийт 36 хүнд тэтгэлэг олгохоор болжээ.

Оюутнууд сургалтын үеэр загварын сэтгэл зүй, бэлгэдэл, хэл зүй, телевизийн түүх, олон улсын соёлын харилцаа, мэдээллийн  технологи зэрэг хичээлүүдийг үзэж судлах болно.

"Ихэнх хүмүүс тэс ондоо зүйлсийг хооронд нь андуурдаг. Жишээ нь нөлөөтэй байх гэж хичээх нь нэг хэрэг бол маркетинг хэрхэн ажилладгийг ойлгож, өөрийн гэсэн брэндийг үүсгэх огт өөр хэрэг" гэж шинэ мэргэжлийн талаар eCampus-ын маркетингийн захирал Маурицио Паскетти тайлбар хийжээ.

Дашрамд дурдахад инфлюэнсер мэргэжил үүссэнтэй холбогдуулан олон нийтийн сүлжээнд Италичуудын дунд маргаан дэгджээ. Хэрэв зарим хүмүүс инфлюэнсерийг мэргэжил биш гэж үзэж байгаа бол энэхүү шинэ мэргэжил нь залууст ажилгүйдлийг даван туулахад тусална гэж найдаж байгаа хүмүүс ч  байгаа юм (Италид залуусын ажилгүйдлийн түвшин 27% хүрсэн).

цааш үзэх