Хайх

Pantone институт 2020 оны гол өнгийг нэрлэлээ

Pantone институт 2020 оны гол өнгийг нэрлэлээ

Амар тайван байдал, өөртөө итгэх итгэл, хүн хоорондын холбоог илэрхийлэх "Сонгодог цэнхэр"

Text: Buro.Mongolia


Pantone өнгөний институт жил бүрийн арванхоёрдугаар сард ирэх оны гол өнгийг нэрлэдэг билээ. Тэгвэл 19-4052 кодтой "Classic Blue" буюу "Сонгодог цэнхэр" өнгө 2020 оны гол өнгөөр тодорсон байна. Үдшийн тэнгэрийг санагдуулам хөх цэнхэр өнгө нь амар тайван байдал, өөртөө итгэх итгэл, хүн хоорондын холбоог илэрхийлэх ба оюун санааг цэгцрэхэд, уян хатан байдлыг бий болгоход туслах ажээ. Pantone институтийн зүгээс технологи хөгжих тусам хүмүүс тайван байдлыг илэрхийлэх өнгө рүү татагдах нь мэдээжийн хэрэг ба түрэмгий бус энэхүү цэнхэр өнгө амар амгалан байдлыг бий болгоно хэмээн тайлбарласан юм.

Түүнчлэн Pantone институтийн тэргүүн Леатрис Эйсман "Бид итгэл найдвар, үнэмшлийг шаарддаг цаг үед амьдарч байна. Зах хязгааргүй тэнгэрийг санагдуулам цэнхэр өнгө бидний оюун санааны саруул байдлыг тэтгээд зогсохгүй юмсын учир утгыг гүн гүнзгий ойлгоход тусалж, алсын хараа ба эрүүл харилцааг бий болгох болно" хэмээн 2020 оны гол өнгөний тухай сэтгэгдлээ хуваалцжээ.

Дашрамд дурдахад Pantone институт өнгөрсөн 20 жилийн туршид жил бүрийн онцлох өнгийг тодорхойлсон ба сонгогдсон өнгө нь тухайн жилдээ хувцас загвар, урлаг, дизайн гээд бараг бүхий л салбарт онцгой байр суурь эзэлдэг уламжлалтай юм. Эргэн сануулахад "Living Coral" буюу "Амьд Шүр" өнгө нь 2019 оны гол өнгөөр нэрлэгдээд байсан билээ.

цааш үзэх