Хайх

Эко цуврал: Сарын тэмдгийн үед зориулагдсан дэвшилтэт технологи бүхий дотуур хувцас

Эко цуврал: Сарын тэмдгийн үед зориулагдсан дэвшилтэт технологи бүхий дотуур хувцас

Яг л ердийн дотоож шиг харагдаж, мэдрэгдэнэ

Text: О.Нандий


Зураг:

Сарын тэмдэг ирсэн үед тампон болон нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлийг орлуулах, дэвшилтэт технологиор хийгдсэн зориулалтын дотуур хувцас байдгийг та мэдэх үү? Тийм ээ, яг сонсогдож байгаа шигээ дангаар нь өмсөх зориулалттай, сарын тэмдгийг шингээж хуурай байлган, үнэр дарж, урсахаас сэргийлсэн патентжуулсан загвар, тусгай технологиор хийгдсэн ухаалаг дотоож барууны орнуудад дэлгэрээд удаагүй байна.

Бидний хэрэглэж хэвшсэн ариун цэврийн хэрэглэл нь 500-800 жилийн дараа задралд ордог юм. 10-20 жилийн өмнө эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл сонголт маш багатай байсан бол орчин цагт төрөл бүрийн шинэлэг, байгальд ээлтэй хувилбарууд дэлгэрээд байгаагийн нэг хувилбар нь уг дотоож билээ. Маш тухтай, арчлахад хялбар, хог хаягдал багасгадаг мөн хэтэвчинд хэмнэлттэй учраас барууны эмэгтэйчүүд ийм төрлийн дотоожийг маш ихээр хэрэглэх болжээ.

Эко цуврал: Сарын тэмдгийн үед зориулагдсан дэвшилтэт технологи бүхий дотуур хувцас (фото 1)

Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл ба тампоныг хэдэн цаг тутамд солих хэрэгтэй байдаг бол сарын тэмдгийн дотоожийг өглөө сэрэхээс эхлэн гэртээ харих хүртэл өмсөх боломжтой юм. Гэртээ хариад угаалгын машинд хийж угаан хатаагаад л дахин хэрэглэж болно. Дотоожийн шингээх чадвар нь сонгосон загвар, хэв маягаас хамаарч өөр, өөр байдаг ба хамгийн сайн шингээх чадвартай нь 40 мл буюу дөрвөн супер хэмжээтэй тампон хэрэглэсэнтэй тэнцэхүйц шингэн шингээх чадвартай бол, энгийн хувилбар нь 18 мл шингэн тогтоож чаддаг байна.

Үүнээс гадна уг дотоож нь үнэр дарж, нян саармагжуулдаг бөгөөд биед эвтэйхэн байгалийн гаралтай зөөлөн хөвөн даавуугаар хийгдсэн тул эмзэг арьстай хүнд ч тохиромжтой юм.

Үнийн хувьд 13-39 ам.доллараар худалдаалагддаг нь хэтэрхий үнэтэй санагдаж болох ч бусад ариун цэврийн хэрэглэлүүдтэй харьцуулбал эдэлгээ нь урт байх төдийгүй хог хаягдал багасгах том давуу талтай гэдгийг санах хэрэгтэй.  Нэг эмэгтэй хүн сард дунджаар 10-20 ширхэг тампон хэрэглэж, жилдээ 240 орчим хог хаягдал гаргадаг тоо баримт бий.

цааш үзэх