Цэвэршилт гэж юу вэ? Зарим хүмүүс яагаад эрт цэвэршдэг вэ?
Цэвэршилтийн талаарх таны мэдэх ёстой зүйлс
Цэвэршилт гэж юу вэ?
Тодорхой цаг хугацаа өнгөрөхөд эмэгтэй хүн бүрийн бие организмд цэвэршилт гэх физиологийн хэвийн үйл явц явагддаг билээ. Хэрэв нэг жилийн хугацаанд эмэгтэй хүний өндгөвч өндгөн эс боловсруулаагүй буюу өөрөөр хэлбэл сарын тэмдэг огт ирээгүй бол үүнийг цэвэршилт гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эмэгтэй хүний нөхөн үржлийн үе дууссаныг илтгэдэг. Ихэвчлэн 50 орчим насны эмэгтэйчүүдэд цэвэршилт явагддаг ч хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан хэлбэлзэх нь бий. Хэрэв 40 наснаас өмнө цэвэршилт явагдаж эхэлсэн бол үүнийг цагаасаа өмнө цэвэрших гэж нэрлэдэг бол эрт цэвэршилт нь 40-44 насанд явагддаг байна.
Яагаад цэвэршилт явагддаг вэ?
Америкийн эрүүл мэндийн WebMD сэтгүүлийн мэдээллэснээр бол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон гормоны системд өөрчлөлт орсноор цэвэршилт явагддаг байна. Энгийнээр тайлбарлавал, эмэгтэй хүн нас ахих тусам өндгөн эсний хангамжинд насжилт явагдаж, бие организмд овуляци явагдах нь ч багасдаг аж. Энэ үеэр эмэгтэй хүний гормоны түвшин дээш, доош хэлбэлзэн сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг байна. Тодорхой цаг хугацааны дараа эстроген ба прогестерон гормонууд хангалттай хэмжээгээр ялгарахаа больсноор сарын тэмдэг бүр мөсөн зогсдог. Энэ нь ч хэвийн үйл явц юм. Гэхдээ зарим тохиолдолд химийн болон цацрагийн эмчилгээ, өндгөвчний мэс засал хийлгэсний улмаас 40 наснаас өмнө буюу цагаасаа өмнө цэвэршилт явагдах тохиолдол гардаг байна.
Цэвэршилт явагдаж байгаа үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Тогтворгүй сарын тэмдэг
Цэвэршилт явагдаж эхэлснийг илтгэх нийтлэг шинж тэмдгүүдийн нэг бол сарын тэмдгийн тогтворгүй байдал юм. Жишээлбэл зарим бүсгүйчүүдийн сарын тэмдэг нь хэвийн хэмжээнээс хэт их эсвэл хэт бага ирэх бөгөөд мөчлөг нь урт эсвэл богино хугацаанд үргэлжилдэг. Эсвэл сарын тэмдэг алгасах нь ч бий.
Гэнэт халуун оргих
Цэвэршилтийн үед илэрдэг бас нэгэн түгээмэл шинж тэмдэг бол нүүр болон биеийн бусад хэсгүүд огцом халуун оргих мэт мэдрэмж юм. Энэ үеэр гэнэт халуун оргиж, заримдаа нүүр улайж, биеийн халуун нэмэгдэн, хөлөрдөг. Мөн зарим эмэгтэйчүүдийн зүрхний цохилт түргэсч, хэм алдагдан бүр даарах нь ч бий.
Нойргүйдэх
Өдөр тутмын амьдралд цэвэршилтээс болж үүсдэг бас нэг асуудлуудын нэг бол нойргүйдэл юм. Тухайлбал шөнө дунд халуун оргих мэдрэмж төрснөөр, тайван нойрсоход нь саад болдог гэдгийг Америкийн "National Sleep Foundation" ТББ мэдээллэжээ.
Толгой өвдөх
WebMD сэтгүүлийн мэдээллэснээр цэвэршилтийн үед гормоны хэмжээ хэлбэлзсэнээс болж толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.
Ой санамж болон төвлөрөх чадвар муудах
"The Journal of Clinical Endocrinology & Metabolism" анагаах ухааны сэтгүүлийн хийсэн судалгаанаас үзэхэд эстрогений нэг хэлбэр болох эстрадиол гэх гормон нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс цэвэршилтийн үед эстрогений түвшин багасдаг тул ой санамж, төвлөрөх чадвар муудах шалтгаан болдог гэжээ. Үүнээс гадна, эстрогений хэмжээ багассанаас үүдэн үтрээний хуурайшилт явагддаг аж. Эмэгтэй хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан дээрх шинж тэмдгүүд янз бүрээр (хүчтэй эсвэл сул) илэрдэг байна.
Хэт эрт сарын тэмдэг ирсэн, хүүхэд төрүүлээгүй, мөн тамхи татдаг бол цагаасаа өмнө цэвэрших эрсдэл нэмэгддэг
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тэргүүлэгч эх сурвалжуудын нэг болох "Human Reproduction" сэтгүүл Их Британи, Австрали, Япон болон Скандинавын орнуудын 51,450 эмэгтэйн дунд нийт есөн судалгаа явуулсан байна. Тэдний хийсэн судалгааны үр дүнд сарын тэмдэг нь хамгийн анх 11 ба түүнээс доош насанд ирсэн эмэгтэйчүүдийн 80%-д нь цэвэршилт 40-өөс өмнөх насанд буюу цагаасаа өмнө явагдах эрсдэлтэй байжээ. Харин сарын тэмдэг нь 12-13 настайд нь эхэлсэн эмэгтэйчүүдийн 30% нь 40-44 насандаа буюу эрт цэвэрших эрсдэлтэй байсан аж. Ингээд ч зогсохгүй хэзээ ч жирэмсэлж байгаагүй болон огт хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийн цагаасаа өмнө цэвэрших эрсдэл хоёр дахин нэмэгдэж, эрт цэвэрших магадлал нь 30%-иар ихэссэн байжээ.Мөн сарын тэмдэг нь эрт ирснээс гадна огт хүүхэд төрүүлж байгаагүй 35 орчим насны бүсгүйчүүд хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад цагаасаа өмнө цэвэрших эрсдэл нь тав дахин их байсан бол эрт цэвэрших магадлал нь гурав дахин өндөр үзүүлэлттэй гарчээ. Дээрх шалтгаануудаас гадна, удамшил, сэтгэл санааны хямрал, нийгмийн орчин, амьдралын хэв маяг (тамхи татдаг зуршил) нөхөн үржихүйн чадварт нөлөөлдөг болохыг энэхүү судалгааны ахлах судлаач, Квинслендийн их сургуулийн профессор Гита Мишра онцолсон юм.
Юуг анхаарах вэ?
Зөвхөн цэвэршилтийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд (мэдээж хэвийн хугацаанд) заавал эмчид хандах шаардлагагүй ч жил бүр эмнэлгийн үзлэгт тогтмол орох хэрэгтэй гэж WebMD сэтгүүл үзэж байна. Учир нь цэвэршилт явагдсаны дараа зүрх судасны өвчин, хорт хавдар, ясны сийрэгжилтээр өвчлөх эрсдэл нэмэгддэг гэнэ.
Цэвэршилт бол нас ахихад эмэгтэй хүний бие организмд тохиолддог хэвийн үйл явц юм. Тиймээс тогтсон хугацаандаа цэвэршилт явагдаж, шинж тэмдгүүд нь таныг зовоохгүй байвал эмчилгээ хийлгэх шаардлагагүй байдаг. Мөн та эрүүл амьдралын хэв маяг баримталснаар цэвэршилтийн шинж тэмдгүүдийг багасгах боломжтой. Үүний тулд:
Эрүүл хооллох
Ханасан өөх тосны агууламж багатай, загас, жимс, ногоо, эслэг өндөртэй үр тариа зэрэг зүрх судсанд сайнаар нөлөөлөх эрүүл хоол хүнс хэрэглэж занших хэрэгтэй. Мөн кальци, D аминдэмээр баялаг, тослог багатай сүүн бүтээгдэхүүн таны ясны бат бөх байдлыг дэмжинэ.
Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх
Тогтмол дасгал хийснээр та биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж чадна. Мөн дасгал хөдөлгөөн нь зүрх судас ба ясанд сайнаар нөлөөлөхөөс гадна, сэтгэл санааны байдлыг сайжруулдаг.
Кофеин, архи, тамхи болон стрессээ багасгах
Дээрх зүйлс цэвэршилтийн шинж тэмдгүүдийг бүр ч дордуулдаг байна. Тиймээс та эдгээр зуршлуудаа зогсоосноор сайн унтаж амарч, гэнэт халуун оргих мэдрэмжийг багасган, ирээдүйд тохиолдож болох эрүүл мэндийн эрсдэлүүдээс сэргийлэх юм.