Toyota компани футуристик хот байгуулна
“Woven City”
Технологийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг болох CES 2020 буюу Хэрэглээний цахилгаан хэрэгслийн үзэсгэлэн Лас-Вегас хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн уг арга хэмжээнд дэлхийн шилдэг компаниуд өөрсдийн бүтээлүүдээ танилцуулахаар хуран цугларч, олон нийтэд хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг дэлгэдэг билээ. Тэгвэл автомашин үйлдвэрлэгч Toyota компани ажилтнууддаа зориулан футуристик хот байгуулах гэж байгаа тухайгаа CES 2020-ийн үеэр олон нийтэд зарлалаа.
"Woven City" хэмээн нэрлэгдсэн 2,000 хүнд зориулагдсан энэхүү футуристик хотын зураг төслийг Данийн архитектор Бярке Ингелс гүйцэтгэхээр болжээ. Фүжи уулын бэлд байрлах тус хот нь устөрөгчийн эрчим хүчээр ажиллах ба хиймэл оюун ухаан, робот, автомат удирдлагатай автомашин зэрэг дэвшилтэт технологи дээр суурилсан байх болно гэдгийг онцолсон юм. "Woven City" хэмээх шинэ хотын бүтээн байгуулалтын ажил ирэх онд эхлэхээр төлөвлөгджээ.