Хайх

Япон эмэгтэйчүүд нүдний шил зүүх эрхийнхээ төлөө тэмцэж байна

Япон эмэгтэйчүүд нүдний шил зүүх эрхийнхээ төлөө тэмцэж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Ресторанд ажилладаг нэгэн эмэгтэй Twitter хуудсандаа "Ажил дээр өмсдөг уламжлалт кимонотой зохицохгүй, бүдүүлэг харагдана гэх шалтгаанаар удирдлага надад нүдний шил зүүж болохгүй гэж хэлдэг" хэмээн хуваалцжээ

Япон улсад эмэгтэйчүүдийг ажлын байрандаа нүдний шил зүүхийг хоригложээ. Тодруулбал тус улсын зарим байгууллагууд "хүйтэн сэтгэгдэл төрүүлнэ", "найрсаг биш, хэт ухаантай, эмэгтэйлэг бус харагдана", "аюулгүй байдлыг хангах үүднээс" гэх зэрэг шалтгаануудаар эмэгтэй ажилтнуудаасаа нүдний шилээ тайлахыг шаарддаг байна. Дээрх дүрмийг худалдааны төв, гоо сайхны салон, агаарын тээврийн компани зэрэг ихэвчлэн үйлчилгээний байгууллагууд хэрэгжүүлж, эмэгтэй ажилтнуудаа ялгаварлан гадуурхаж байгаа аж. Хачирхалтай нь уг хориг нь эрэгтэй ажилтнуудад хамаарахгүй юм байна.

Үүнээс үүдэн Twitter олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид #GlassesAreForbidden гэсэн хэштаг хэрэглэн эсэргүүцлийн аян эхлүүлж, хоригийг буулгахыг ажил олгогчдоос шаардаж байна. Нүдний шил зүүх нь хувь хүний эрхээс гадна наад захын хэрэгцээ тул энэхүү аяныг цааш нь түгээж тухайн хоригийг цаашид хэрэгжүүлэхээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай гэж хүмүүс үзжээ. "Эргэн тойрны эрэгтэй хамтран ажиллагсад нь нүдний шил зүүж ажлаа хийж байхад ямар ч эмэгтэй хүн нүдний шил зүүх эрхээ булаалгах ёсгүй" хэмээн олон нийт эсэргүүцэж байна.

Харамсалтай нь уг хориг нь хүйс дээр суурилан ялгаварласан анхны тохиолдол биш юм. Энэ оны эхээр Япон улсад эмэгтэйчүүдээс ажлын байран дээрээ заавал өндөр өсгийтэй гутал өмсөхийг шаардсан дүрэм гарч байжээ. Удалгүй үүнийг эсэргүүцсэн #KuToo нэртэй хөдөлгөөн олны дунд дэлгэрч, эмэгтэйчүүд хуучинсаг үзэлтэй дүрэмт хувцасны кодын эсрэг тэмцсэн билээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх