Хайх

Зөвхөн Их Британид л гэхэд Хэллоуины костюмууд 2,000 тонн хуванцар хог хаягдал үүсгэдэг

Зөвхөн Их Британид л гэхэд Хэллоуины костюмууд 2,000 тонн хуванцар хог хаягдал үүсгэдэг

Шинэ судалгаа

Text: Бюро 24/7


Энэ жил Хэллоуины баяраар жихүүдэс хүргэм Жокер эсвэл хөөрхөн муужгай болох гэж байна уу? Үүний оронд байгаль орчноо бохирдуулахгүйн тулд өнгөрсөн жилийн костюмаа дахин өмсвөл ямар вэ?

Жил бүрийн аравдугаар сарын 31-нд дэлхийн олон оронд Хэллоуин буюу сүнсний баярыг тэмдэглэн янз бүрийн костюм өмсөж, гэрээ чимэглэдэг уламжлалтай. Гэхдээ Их Британид энэхүү баярын дараа зөвхөн Хэллоуины костюмууд нь л 2,000 тонн хуванцар хог хаягдал үүсгэдэг болохыг Fairyland Trust сайн үйлсийн сан ба Hubbub байгаль орчны байгууллага мэдэгдсэн байна. Харьцуулбал энэ нь 83 сая кока кола ундааны хуванцар савтай тэнцэх юм.

Дээрх байгууллагууд Их Британийн гэр бүлүүдийн дунд судалгаа явуулсан бөгөөд үр дүнд нь тэдний 90% энэ жил Хэллоуины баярт зориулан шинэ костюм худалдан авна гэжээ. Үүний зэрэгцээ Aldi, Argos, Asos, Amazon, Boden, John Lewis, M&S, Next ба Tesco зэрэг томоохон дэлгүүрүүдийн худалдаалж буй баярын сэдэвтэй эд зүйлс нь ихэвчлэн хуванцар материалаас бүрддэг болохыг судлаачид онцолсон юм. Жишээ дурдвал нийт 324 костюмд ашигласан материалын 83% нь биологийн задралд ордоггүй, тосон суурьтай хуванцраар бүтээгдсэн байжээ. Түүнчлэн хүмүүс Хэллоуинд зориулан худалдан авсан бараа бүтээгдэхүүнүүдээ баярын дараа шууд л хаядаг болохыг судлаачид дурджээ. Өөрөөр хэлбэл хогийн цэг дээр хөглөрч, далай тэнгисийг бохирдуулж байдаг хуванцар хаягдал болно гэсэн үг юм. Мөн жил бүр баярын сэдэвтэй 7 сая костюм хог дээр хаягддаг бөгөөд үүнээс ердөө 1% нь л дахин боловсруулалтад ордог байна.

Hubbub компанийн ерөнхий захирал Тревин Ресторикийн хэлснээр Хэллоуины баярын дараа үүсдэг хог хаягдлын хэмжээ дээрх тооноос хэд дахин их гэжээ. Уг судалгаанд зөвхөн костюмуудыг л дурдсан тул бусад чимэглэл, эд зүйлсийг оролцуулбал энэ тоо бүр ч их болно гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх