Хайх

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store

Text: Ө.Тодгэрэл


Франц хэлнээс [ам] гэж дуудах âme concept store хоёр хоногийн өмнө Шангри-Ла Моллд үүд хаалгаа нээлээ. Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine гэх дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдийг Монголдоо албан ёсоор нэвтрүүлж буй энэхүү дэлгүүрийн концепци нь юунд оршиж байгааг олж мэдэхээр бид үүсгэн байгуулагч Т.Зоригтой уулзлаа

Тэйлор хослолоор жигдрэн бээлий өмссөн мэргэжлийн залуус үүдээр орж ирэх зочдыг угтан уух зүйл санал болгож, âme гэх шинэхэн контемпорари орон зайгаа танилцуулж байх зуур энэ бүхнийг бүтээсэн Т.Зориг илүү хаалттай орчинд зөвлөгөө авахыг хүссэн эрхэм үйлчлүүлэгчээ тусгай өрөөнд тухлуулан ярилцаж суулаа. Нэг хана нь бүхэлдээ Монголын залуу зураач Б.Хишигсүрэнгийн контемпорари бүтээлийн зотон болсон, тод улбар шар, ягаан өнгийн зөөлөн буйдангуудаар тохижсон тэрхүү өрөө нь геометрийн дүрс бүхий аварга том шандельерийн ачаар нарны тусгалд мэт тод гэрэлтэж байлаа. Харин хана дагуу өлгөгдсөн Saint Laurent брэндийн намрын шинэ цуглуулгын гялалзсан хатгамалтай хамба хилэн жакет, энгэрээрээ хадаасан чимэглэлтэй футболка зэрэг нь âme-ийн санал болгох таван брэндийн ердөө нэг төлөөлөл нь юм.

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 1)

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 2)

Dior, Gucci, Saint Laurent, Celine, Balenciaga гэх дэлхийн топ брэндүүдийг multi-brand стратегийн дагуу албан ёсоор Монголд нэвтрүүлж байгаа âme нь энгийн дэлгүүр биш concept store юм. Ихэнх уламжлалт дэлгүүрүүд бүтээгдэхүүнээ борлуулах л зорилготой "амьгүй" орон зай байдаг бол concept store луу алхан ороход өөрийгөө загвар, дизайн, урлаг гээд үзэсгэлэнтэй бүхэн цогцолсон өөр ертөнцөд ирснээ мэдрэх учиртай байдаг. Мөн тэнд дэлгэгдсэн загварууд ч мэргэжлийн стилистээр нарийвчлан шилэгдсэн, брэндүүдийн шинэ цуглуулга дахь онцгой, ховор бүтээлүүд байдаг юм. Яг л хамгийн нарийн мэдрэмжтэй нэгний гэрээр зочилсон мэт тухайн орчны интерьер, уур амьсгал, хувцаснууд бүгд тодорхой амьдралын хэв маягийг, концепцыг илтгэдэг учир concept store гэх нэршил авсан билээ. Өөрөөр хэлбэл âme concept store нь Т.Зоригийн мэдрэмжээр бүтсэн түүний нэгэн ертөнц юм.

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 3)


âme concept store луу алхан ороход өөрийгөө загвар, дизайн, урлаг гээд үзэсгэлэнтэй бүхэн цогцолсон өөр ертөнцөд ирснээ мэдэрнэ


"âme гэдэг нь Францаар сэтгэл зүрх гэсэн утгатай. Энэ нь бидний хувьд сүүлийн 4,5 жилийн турш хөдөлмөрлөн бүх сэтгэл зүрхээ шингээсэн төсөл юм. Би анх загварын салбарт орохдоо л Монголдоо дэлхийн брэндүүдийг төлөөлж үүгээрээ загварын соёл, боловсролыг хөгжүүлэх алсын хараатай байсан. Харин одоо энэ зорилго маань биеллээ олж байна" хэмээн Т.Зориг бидэнд тайлбарлалаа. Сүүлийн хоёр жилийн турш дээрх брэндүүдийн толгой компаниуд болох LVMH болон Kering группуудтэй хэлэлцээр хийн албан ёсны эрхээ олж авсан тэрээр concept дэлгүүртээ дэлгэх загвар бүрээ өөрөө аялж, шоурүмүүдээс нь биечлэн сонгон buyer-ийн үүргийг давхар гүйцэтгэдэг байна. Gucci-гийн намар-өвөл 2019 цуглуулга дахь oversize твид бомбер, үргэлжлүүлээд Balenciaga-гийн энэ улиралд санал болгосон давхарласан ороолттой ноосон пальто, дөнгөж олон улсын дэлгүүрүүдээр тавигдаж буй шинэ дизайнтай гар цүнх, гутал ба аксесуаруудаас дүгнэхэд хамгийн мэргэжлийн шопперууд ч хүртэл эндээс ховор эд зүйлс олох боломжтой харагдлаа.

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 4)

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 5)

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 6)


Buyer хүний хувьд, мөн concept store-ийн үүсгэн байгуулагчийн хувьд мэдрэмж гэдэг хамгийн чухал. Бидэнтэй уулзах үедээ хөх өнгийн судалтай bespoke хослол өмссөн байсан Т.Зориг үргэлж л жентльмен хувцасладаг нэгэн юм. Тэрээр Premier Tailor, L'Uomo, Isaia гэх брэндүүдээрээ сүүлийн зургаа гаруй жилийн хугацаанд эрчүүдийн салбарт өөрийн мэдрэмжээ батлаад амжсан тул ийнхүү эмэгтэй хувцасны салбарт төвлөрч эхлэхэд түүний сонголтод итгэх хүн олон биз ээ.


Хамгийн мэргэжлийн шопперууд ч хүртэл эндээс шинэ улирлын цуглуулга дахь ховор эд зүйлсийг олох боломжтой


Парист L'Exception, Лондонд Dover Street Market, Нью-Йоркт Lafayette, одоо Улаанбаатарт âme гээд олон улсад concept store-ийн формат маш амжилттай байна. Энэ нь бүхэлдээ дижитал хэлбэр лүү шилжин онлайн худалдан авалтыг илүүд үзэх болсон орчин үеийн хэрэглэгчдийг энгийн дэлгүүрийн форматаар татах улам бүр хэцүү болсонтой холбоотой юм. Худалдан авагчид бодит шоппинг хийхдээ онцгой мэдрэмж, тусгай үйлчилгээ хүлээдэг болсон ба үүнийгээ ч concept store-оос олж авж чаддаг. Урлагийн галерей мэт, эсвэл модерн интерьертэй орон сууц мэт, эсвэл бүр амгалан тайван кафе мэт олон өгөгдөхүүн нэг дор цогцолсноор шоппинг хийх үйл явцыг өөр түвшинд авчирдаг юм. Мөн дээр дурдсанчлан concept store-ийн гол давуу тал нь загварын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдрэмжээр ахин дахин шилэгдсэн бүтээгдэхүүнүүдэд оршдог байгаа. Тухайлбал Gucci-гийн шинэ цуглуулгыг дэлгүүрээс нь хараад юу авахаа ойлголгүй гарч явах худалдан авагч энэ брэндийг төлөөлөх өөр нэгэн concept store луу ороход тэрхүү цуглуулгаас бүр нарийн шилсэн хамгийн тренди загваруудыг өөртөө олж нээх жишээтэй.

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 7)

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 8)

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 9)

Мэдээж concept store болгоны ард ямар нэгэн концепц байдаг тул бид âme-ийн гол бодлогыг Т.Зоригоос тодруулсан юм. "Эмэгтэй хүн бүр âme-д орж ирээд өөрийгөө илүү эмэгтэйлэг, онцгой мэдрэх болов уу. Манай интерьер дизайнаас харахад ягаан өнгө, хамба хилэн зөөлөн материал давамгайлсан контемпорари уур амьсгал мэдрэгдэнэ. A эсгүүрээрээ алдартай Dior-ын загварууд эмэгтэйлэг мэдрүүлж, Gucci cool хувцаслахад тусалж, Celine минимал, ажил хэрэгч уур амьсгал нэмж, Saint Laurent секси загварлаг байлгаж, харин Balenciaga гудамжны хипстер аяс оруулна. Өөрөөр хэлбэл хувьсан өөрчлөгдөх өндөр чадвартай контемпорари эмэгтэйд шаардлагатай топ брэндүдийг авчирлаа".


Парист L'Exception, Лондонд Dover Street Market, Нью-Йоркт Lafayette, одоо Улаанбаатарт âme гээд олон улсад concept store-ийн формат маш амжилттай байна


Үндсэн танхим дахь пастель ягаан хөвсгөр хивс, baby pink буйдан, мөс мэт харагдах шандельер, цагаан гэрэлтүүлэгтэй хувцасны чулуун тавцангууд, шалнаасаа эхлээд тааз хүртэл бүхэлдээ ягаан хамба хилээр бүрхэгдсэн хувцас солих өрөөнүүд гээд дэлгүүрийн бүрэлдэхүүн бүр захиалгаар хийгджээ. Интерьер дизайныг Испанийн архитектур ба интерьерийн компани гаргасан бөгөөд âme-ийн төлөөлж буй таван брэндийн удирдлагууд бүгд уг дизайныг хүлээн зөвшөөрсөн байна. Мэдээж олон улсын хамгийн том брэндүүдийн эрхийг авахын тулд гаднах фасадаасаа эхлээд л Монголд тэр бүр харагддаггүй үзмэрийн цонх бүтээх, бүтээгдэхүүн бүрийг гэрэлтүүлэн дэлгэх гээд өндөр стандартыг баримтлах учиртай байдгийг эндээс харах боломжтой юм. Түүнчлэн дэлгүүр дотор зураач Б.Хишигсүрэнгийн нийт дөрвөн бүтээл хананууд дээр шууд зурагдсан байгаагаас гадна өөр бусад уран зургууд чимэглэл болон байршжээ.

Энэхүү модерн, загварлаг, энгийнээс ондоо ертөнц руу нэвтрэхэд худалдан авагч энэ ертөнцийн нэг хэсэг болдогт л concept store-ийн мөн чанар оршдог юм.

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 10)

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 11)

Dior, Gucci, Balenciaga, Saint Laurent, Celine брэндүүд Монголд - âme concept store (фото 12)

 

Facebook Ame Concept Store
Instagram @ame_concept_store

цааш үзэх