Хайх

#BuroCrush: Шведийн шинэ од Алисия Викандер

#BuroCrush: Шведийн шинэ од Алисия Викандер

Кино ертөнцийн It girl

Text: Buro.Mongolia


Энэ долоо хоногт Шведийн мэргэжлийн бүжигчнээс Оскарын шагналын эзэн болсон Алисия Викандерийг Buro 24/7 онцолж, түүний тухай товч танилцуулгыг хүргэж байна

Анх Алисия есөн настайгаасаа эхэлж Royal Swedish Ballet School сургуульд балетаар хичээллэж эхэлжээ. Тэрээр балетын гоцлол жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхээр   15 насандаа төрөлх Готенбург хотоо орхин Стокгольмыг зорьсон байна. Энэ үеэс л түүний бие даасан амьдрал эхэлсэн юм. Харамсалтай нь тэрээр гэмтэл авч, бүжигчний карьераа үргэлжлүүлэх боломжгүй болсноор өнөөдрийн кино ертөнцийн шинэхэн од төржээ. Гэхдээ мэдээж ганц энэ шалтгаан түүний амжилтын эхлэл биш байсан бөгөөд Алисиягийн ээж нь театрын жүжигчин хүн ажээ. Тэрээр гэмтэл авсныхаа дараагаар хуулийн сургуульд шалгалт өгч, тэнцсэн ч хичээл эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө "Pure" кинонд тоглохоор болж сургуулиа орхисон байна.

#BuroCrush: Шведийн шинэ од Алисия Викандер (фото 1)

Алисия Викандер жүжигчний карьерынхаа эхэн үед жижиг телевизийн цувралууд болон богино хэмжээний кинонуудад дүр бүтээдэг байв. Харин түүнийг дэлхийн тавцанд гаргаж ирсэн анхны кино нь "Anna Karenina" болсон юм. Мөн энэ кино нь түүний анхны англи хэлээр бүтээсэн анхны дүр болсон байна. Энэ киноноос хойш жүжигчин бүсгүйн тоглосон бараг бүх кино амжилттай болсон. Гэхдээ энэ бүхэн огтхон ч аз биш юм. Тэр маш хөдөлмөрч нэгэн. Магадгүй бүжигчний хатуужил, сахилга бат сайтай байдал нь түүний амжилтанд нөлөөлсөн байх. Тухайлбал 2012 онд "A Royal Affair" гэдэг кинонд тоглохын тулд тэр хоёрхон сарын дотор Дани хэл сурч чадсан нь үүнийг баталж байгаа юм. Мөн түүнд Оскарын шагнал авчирсан "The Danish Girl" кинонд зураач Герда Вегенерийн дүрийг бүтээхийн тулд Алисия уран зургийн хичээл хүртэл авч байжээ. Учир нь түүний хэлснээр бол тэр амьдралдаа хэзээ ч бийр барьж үзээгүй байсан гэнэ.

Харин одоо бол тэр Холливүүдын хамгийн амжилттай, эрэлттэй залуу жүжигчдийн нэг болсон. Түүнийг бүх л найруулагчид, дизайнерууд хүсч байгаа. Гэсэн ч тэрээр Net-A-Porter сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Надад тохиолдож байгаа бүх зүйлс удаан үргэлжлэхгүй байх вий гэж би байнга санаа зовдог. Энэ бол маш хэцүү салбар. Би бүх юм буруу эргэхэд үргэлж өөрийгөө бэлэн байлгадаг" гэжээ.

#BuroCrush: Шведийн шинэ од Алисия Викандер (фото 2)

Гэвч Алисия Викандерт одоогоор айх зүйл байхгүй гэж хэлж болно. Тэр хамгийн сүүлд л гэхэд "Tomb Raider" кинонд Анжелина Жолигийн оронд Лара Крофтын дүрд тоглохоор болоод байгаа билээ. Мөн саяхан Алисия "Vikarious Productions" гэх нэртэй өөрийн продюсерын компаниа байгуулсан бөгөөд түүний анхны бүтээл болох "Euphoria" нэртэй киноны зураг авалт ирэх наймдугаар сард эхлэхээр төлөвлөгдсөн байна. 

цааш үзэх