Ухамсартай хэрэглээнд шилжицгээе! Хуванцраас татгалзах 4 энгийн арга
Хүн бүр өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой
Дэлхий нийтээрээ хог хаягдалтай тэмцэж, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маяг руу шилжиж байгаа энэ үед олон улсын томоохон компаниуд, кофе шопууд ба сүлжээ ресторанууд нэг удаагийн хуванцар аяга ба соруулаас татгалзах уриалга гарган хэрэгжүүлж эхлээд байна. Бид ч мөн байгаль орчноо хамгаалах энэхүү хандлагад нэгдэж, ирэх оноос эхлэн гялгар уут ашиглахаа болино гэдгийг та дуулсан байх. Тодруулбал 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн нэг удаагийн нийлэг уутыг өргөн хэрэглээнд худалдах, хэрэглэхийг хориглосон тогтоол Засгийн газраас гаргасан байгаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан статистик мэдээнд 2017 онд Улаанбаатар хотод нийт 1,203,870 тонн хуванцар бүтээгдэхүүний хаягдал бүртгэгдсэнээс ердөө л 70,046 тонн хог хаягдал нь дахин боловсруулагдсан болохыг онцолжээ. Харамсалтай нь хуванцар хог хаягдлын багахан хувь нь дахин боловсруулалтад ордог болох нь энэхүү тоо баримтаас харагдаж байна. Сайхан мэдээ гэвэл та үүнийг өөрчилж чадна. Анхнаасаа хуванцар баглаа боодол, ус ундааны сав зэрэг ахуйн хэрэглээний хуванцар бүтээгдэхүүнийг хязгаарласнаар бид хүрээлэн буй орчноо цэвэр, аюулгүй байлгах боломжтой юм.
Ингээд хүн бүр дор бүрнээ хэрэгжүүлэх боломжтой хуванцар хог хаягдлыг багасгах энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.
Нэг удаагийн сорууланд үгүй гэж хэлцгээе
Та гэртээ байхдаа соруулаар уудаг уу? Үгүй биз дээ? Нэг удаагийн соруул нь нэн шаардлагатай зүйл биш бөгөөд таныг хэрэглээд дууссаны дараа шууд л хог дээр хаягдах болно. Хэрэв та ресторан, баар, кофе шопоор үйлчлүүлэхдээ үнэхээр соруул ашиглахыг хүсвэл ган, шил, хулс зэрэг материалаар хийсэн олон дахин ашиглагддаг соруул худалдан авахыг бид зөвлөж байна. Мөн нэг удаагийн хуванцар халбага сэрээ хэрэглэхээс аль болох татгалзахыг хичээгээрэй.
Шоппинг хийхдээ даавуун уутаа авч явахаа мартав аа
Байгаль орчноо хамгаалах хамгийн энгийн арга бол гялгар уут ашиглахгүй байх юм. Үүний оронд олон дахин ашиглагддаг даавуун тор сонгоорой. Даавуун тор нь байгаль орчинд ээлтэй байгаад зогсохгүй гялгар уутнаас хэд дахин даацтай байдаг давуу талтай. Мөн та загварлаг, төрөл бүрийн хийц, дизайнтай даавуун тороос сонголтоо хийх боломжтой юм.
Олон дахин ашиглах боломжтой кофены аяга худалдан аваарай
Жил бүр дэлхий даяар 600 тэрбум нэг удаагийн цаасан аяга ашигладаг гэж Business Insider вебсайт мэдэгдэж байна. Харин энэ нь хэр их хог хаягдал болохыг та төсөөлж байна уу? Өглөө бүр аяга кофе авч явахаар захиалахдаа эсвэл хуванцар савтай цэвэр ус худалдаж авахдаа та байгаль орчноо бохирдуулж байна гэдгээ ухамсарлаарай. Үүний оронд олон дахин ашиглах боломжтой, халуунаа барьдаг кофены аяга, өөрийн гэсэн усны сав худалдан авч, ухамсартай хэрэглээнд хөрөнгө оруулалт хийхийг санал болгож байна.
Хоол хүнсээ хадгалахдаа хуванцар баглаа, боодол бүү ашиглаарай
Хоолны үлдэгдлээ хүнсний гялгар уут буюу бидний хэлж заншсанаар хүнсний скотчоор ороож хадгалахын оронд тагтай керамик эсвэл шилэн саванд хийгээрэй. Хачиртай талх, жигнэмэг, алим зэрэг зуушнуудыг хүнсний гялгар уутанд хийх нь амар боловч орчин тойронд ямар их хор хөнөөл учруулах талаар та дахин нэг удаа бодоод үзээрэй. Олон дахин ашиглах боломжтой хоолны сав, силиконоор хийсэн хүнсний уут, бенто бокс зэрэг байгаль орчинд ээлтэй маш олон сонголт танд байгаа шүү дээ.