Гацуур модны тренд: Шинэ жилийн гацуураа хэрхэн чимэглэх вэ?
Баярын уур амьсгал
Улаанбаатар хотын томоохон гудамж, талбай, худалдааны төвүүд аль хэдийнэ гацуур модоо сүндэрлүүлж, хаа сайгүй баярын уур амьсгал ороод эхэлжээ. Харин та шинэ жилийн баярын бэлгэ тэмдэг болсон гацуур модоо засч амжсан уу? Хэрэв амжаагүй байгаа бол бид танд минималист, сонгодог, металл, хуучны гээд олон аргаар гацуур модоо чимэглэх санаануудыг дэлгэж байна.
Минималист
Энэ жил гацуур модны загварт минималист хэв маяг давамгайлах бололтой. Сагсгар биш, нарийн мөчрүүдтэй гацуур мод илүү цэмцгэр харагддаг. Нэг өнгийн, цөөн тоглоомоор чимэглэсэн, байгалийн гацуур мод нь орчин үеийн интерьерт гайхалтай зохицно. Чимэглэлийг сонгохдоо жижиг цагаан гэрлүүд болон янз бүрийн хэлбэр дүрстэй, ойролцоо өнгийн тоглоомуудад анхаарлаа хандуулаарай. Мөн гацуур модны суурийг далдлах гэж нэлээд их хүчин чармайлт гаргадаг бол одоо танд сүлжмэл сагс эсвэл металл гадаргуутай хувин байхад хангалттай. Энэ нь таны гацуурыг илүү цэмцгэр бөгөөд орчин үеийн харагдуулна гэж House & Home сэтгүүл зөвлөсөн байна.
Хэд хоногийн өмнө Apple компанийн гол дизайнеруудын нэг болох Сэр Жонатан Айв ба үйлвэрлэлийн дизайнер Марк Ньюсон нар Лондон хотын Claridge's зочид буудлын үүдний өрөөнд гацуур модны инсталляц байгуулсан юм. Жони Айвын энэхүү ямар ч гэрэл ба чимэглэлгүй дан гацуур моднуудад түүний нэрийн хуудас болсон минимализм нэвт шингэсэн байлаа. Магадгүй байгаль ямар ч чимэглэл шаардлагагүй, тэр чигтээ төгс зүйл бүтээдэг учир та ч гэсэн Жонатан Айваас санаа авч, гэртээ дан ганц гацуур мод тавьж ч болно шүү.
Хуучны
Одоо гэр бүлд тань үе дамжин ирсэн хуучны "ёлканы тоглоом"-уудаа гаргах цаг нь ирлээ. Зөвлөлтийн үед үйлдвэрлэгдэж байсан тэр хуучин шилэн тоглоомуудаар энэ жил гацуур модоо чимэглээрэй. Энэхүү "Old School" чимэглэлүүд нь таны хүүхэд насны сайхан дурсамжийг сэргээгээд зогсохгүй, онцгой, ер бусын уур амьсгал бүрдүүлэх болно. Тэгэхдээ хэрэв танд ийм хуучны тоглоом хадгалагдаж үлдээгүй бол санаа зовох хэрэггүй. Байгалийн гацуур модны үнэр ч танд хүүхэд насыг санагдуулна.
Металл
Өнгөрсөн жил Кристофер Бейли Claridge's зочид буудлын гацуур модыг үлгэрийн мэт металлик чимэглэлтэй хийснээс хойш одоо хүртэл энэ загвар хуучраагүй байна. Мөнгөлөг гялтганасан чимэглэлүүд нь цагаан гацуур модонд илүү тохиромжтой бөгөөд энэ нь цастай хүйтэн өвлийг илтгэнэ. Харин алтлаг чимэглэлүүдийг ногоон гацууранд өлгөж, халуун, дулаан уур амьсгал бүрдүүлээрэй. Хамгийн чухал нь эдгээр металл чимэглэлүүдийг гэрлийн эффекттэй хослуулж чадвал бүр ч их гэрэлтэх болно. Бас металл дизайнтай лааны суурь болон нэмэлт аксессуаруудыг ч мартаж болохгүй. Ингэж хослуулбал илүү сайхан харагдана.
Сонгодог
Мэдээж сонгодог ногоон гацуур хэзээ ч хуучрахгүй. Өндөр, сагсгар, гэрэл болон чимэглэлүүдээр дүүрэн гацуур модыг хараад догдолдоггүй хүн гэж үгүй. Алтлаг, улаан, ногоон өнгөтэй шилэн тоглоом, олон янзын хүүхэлдэй, мөсөн чимэглэл, өнгө, өнгийн гэрэл гээд хүмүүс өөрийн хүссэнээрээ гацуур модоо гоёдог шүү дээ. Мөн та хэд, хэдэн гацуур ч засч болох юм. Хэрэв та зочны өрөөндөө том гацуур зассан бол гал тогоо болон бусад өрөөндөө жижиг гацуур мод байрлуулах хэрэгтэйг интерьер дизайны House Beautiful сэтгүүлийн зүгээс зөвлөжээ.