Хайх

Орчин үеийн францын зургаан “IT Girl”

Орчин үеийн францын зургаан “IT Girl”

Леа Сейду, Констанс Яблонски болон бусад

Text: Г.Тэмүүлэн


Хэрэв солонгос охид өөрсдийн сайхан арьсаараа, америк охид үсээрээ дэлхийд алдартай байдаг бол франц охид хичээгээгүй хэрнээ маш загварлаг стильтэй гэдгийг хүн бүр мэднэ. Энэ удаад Бюро 24/7 францын урлаг соёл, кино, загвар, болон медиа салбарт хамгийн "trendy" байгаа бүсгүйчүүдийг онцолж байна

Констанс Яблонски

Орчин үеийн францын зургаан “IT Girl” (фото 1)

Одоо 25 настай "Victoria's Secret"-ийн загвар өмсөгч Констанс Яблонски нь 2006 онд "Elite Model Look" тэмцээнд ялснаар загварын карьераа эхлүүлж байсан юм. Ингээд 17 настайдаа тэрээр Нью-Йорк хот руу нүүж, тун удалгүй Calvin Klein, Carolina Herrera, Elie Saab зэрэг томоохон брэндүүдийн сурталчилгаанд оролцож, Estee Lauder косметикийн брэндийн нүүр царай болж чадсан. Анх Констанс загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй бөгөөд мэргэжлийн теннисчин болохыг хүсч, есөн жил теннисний спортоор хичээллэж байжээ.

Соко

Орчин үеийн францын зургаан “IT Girl” (фото 2)

Францын инди поп дуучин, жүжигчин Соко "The Dancer" кинонд Америкийн орчин үеийн бүжгийг үндэслэгч Лои Фуллерын дүрд маш чадварлагаар тоглож, зөвхөн дуучин төдийгүй сайн жүжигчин болохоо харуулсан. Тэрээр өөрийн хөгжмийн карьертаа нийт "I Thought I Was an Alien" (2012), "My Dreams Dictate My Reality" (2015) гэх хоёр бие даасан цомог гаргасан. Гэхдээ Соко Chanel, Gucci зэрэг францын брэндүүдийн загварын шоуны эхний эгнээнд үргэлж сууж байдаг ч "Шик франц охин" гэдэг шошго зүүхийг хүсдэггүй ба өөрийгөө "анти IT Girl" гэж тодорхойлдог.

Леа Сейду

Орчин үеийн францын зургаан “IT Girl” (фото 3)

Холливүүдын хайртай франц жүжигчин Леа Сейду Квентин Тарантино, Ридли Скотт, Вуди Аллен зэрэг домогт найруулагчдын бүтээлүүдэд дүр бүтээгээд амжсан. Мөн тэрээр "Blue Is the Warmest Color" киногоороо Канны кино наадмын "Golden Palm" нэр хүндтэй шагналыг хүртсэн юм. Жеймс Бондын тухай "Spectre" киноны гол дүрд тоглож, Louis Vuitton, Miu Miu брэндүүдийн нүүр царайгаар тодорсон билээ. Louis Vuitton загварын ордны удирдлагууд түүнийг "Франц дэгжин хэв маягийн төлөөлөгч" гэж тодорхойлсон юм.

Каролин Де Мегрэ

Орчин үеийн францын зургаан “IT Girl” (фото 4)

Каролин Де Мегрэг бид XXI зууны Парис бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийг өгүүлсэн "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" гэдэг номоор нь маш сайн мэднэ. Бюро 24/7 Lancôme брэндтэй хамтарч энэхүү номын нээлтийг Улаанбаатарт зохион байгуулж байсан гэдгийг та санаж байгаа байх. Каролин Де Мегрэ бол загвар өмсөгч, Карл Лагерфельдын урлагийн тэнгэр, Chanel загварын ордны төлөөлөгч, хөгжмийн продюсер, DJ, зохиолч гээд маш олон зүйлийг нэгэн зэрэг хийдэг эмэгтэй. Каролин 2006 онд өөрийн нөхөр хөгжмийн зохиолч Яроль Пупотой хамтарч "Bonus Track Records" дуу бичлэгийн компанийг байгуулж байсан. Тэрээр өөрийгөө 100% Парис бүсгүйн стильтэй гэж тодорхойлдог юм. Каролин маш энгийн, биед эвтэйхэн хэрнээ дэгжин хувцасладаг бөгөөд тренд болж байгаа ч өөртөө зохихгүй хувцсыг хэзээ ч өмсөхгүй гэж Бюро 24/7-д өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа.

Камилль Роу

Орчин үеийн францын зургаан “IT Girl” (фото 5)

Парис хотоос гаралтай загвар өмсөгч, жүжигчин Камилль Роу одоогоор Лос-Анжелес хотод амьдардаг. Түүнийг 2008 онд Парис хотын нэгэн кафед сууж байхад нь анх загварын скаут анзаарч, загварын ертөнцөд оруулжээ. Үүнээс хойш Камилль Роу Dior Homme, Chloe, Louis Vuitton, Victoria's Secret, Mango брэндүүдийн сурталчилгаанд оролцож, Vogue Paris, Elle, L'Officiel зэрэг загварын сэтгүүлүүдийн нүүрэнд гарч, Венсан Кассельтай хамт "Our Day Will Come" гэдэг кинонд хүртэл тоглоод амжсан. Роугийн самнаагүй мэт үс, будаагүй мэт царай, классик жийнс, футболк, сул цамц зэрэг нь энгийн хэрнээ "cool" төрхийг бүрдүүлдэг.

Жанна Дамас

Орчин үеийн францын зургаан “IT Girl” (фото 6)

Парис хотоос гаралтай жүжигчин, блогер Жанна Дамас өөрийн янзлаагүй үс, тод улаан уруул болон "cool" байдлаараа алдартай. Хэрэв Алекса Чанг Лондон хотын IT Girl бол Жаннаг Парисын IT Girl гэж хэлж болно. Тэр бидэнд өөрийн street style төрхүүдээрээ тренч цув, хоолойтой цамц, жийнс, тэр ч бүү хэл үслэг эдлэл хэрхэн өмсөхийг сонирхолтойгоор харуулдаг. Жанна Дамас Vogue сэтгүүлд ярихдаа "Би Монгол хонины ноосонд бүр ч их дуртай" гэж ярьж байжээ.

цааш үзэх