Эрдэмтэд: VR технологи ашиглан сэтгэл зовнилыг эмчлэх боломжтой
Cудалгаагаар баталлаа
Виртуал бодит байдал буюу VR технологийн тусламжтайгаар тоглож зугаацах, аялах, өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэт хязгааргүй боломжийг олж авсаар байна. Тэгвэл VR технологи нь чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэхэд төдийгүй эрүүл мэндэд ашиг тустай болохыг судалгаагаар баталлаа.
Их Британийн зан төлөв ба танин мэдэхүйн сэтгэл судлалын холбооноос (BABPC) явуулсан судалгаанд сэтгэл заслын эмчилгээг VR технологитой хавсаргаснаар нийгмийн сэтгэл зүйн түгшүүрийг эмчлэх боломжтойг батлаад байна.
Уг судалгаанд сэтгэл түгшүүрийн эмгэгтэй 15 өвчтөн оролцсон ба зургаан сарын турш долоо хоног бүр сэтгэл засал болон VR технологи хавсарсан эмчилгээнд хамрагджээ. VR эмчилгээний үеэр өвчтөнүүдэд кафе, хүнсний дэлгүүр, автобус, гудамж гэсэн дөрвөн төрлийн орчинг виртуал байдлаар дүрслэн үзүүлсэн байна. Судалгааны явцад хоёр өвчтөн эмчилгээг орхисон ч үлдсэн өвчтөнүүдийн нийгмийн харилцаанд эерэг өөрчлөлт гарч, айдас, сэтгэлийн түгшүүр багассан болох нь ажиглагджээ.
Судалгааны удирдагч, сэтгэл судлаач Крис Гераетс "Хэдий VR 100% бодит зүйл биш ч сэтгэл зүй болон бие махбод хариу үйлдэл үзүүлэх хэмжээний бодит зүйл юм. Цаашид VR хавсарсан эмчилгээ нь энгийн сэтгэл заслын эмчилгээтэй харьцуулбал хэр хэмжээнд илүү үр дүнтэй байж, хэр хурдан нөлөөлж байгааг нарийвчлан судлан эмчилгээнд ашиглах боломжтой" хэмээн мэдэгдсэн юм.