Instagram таны зургийг хэрхэн ашигладаг вэ?
Instagram хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр тухайн зургийг худалдаалах боломжтой
Instagram олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхдээ дүрэм журам ба нөхцөлүүдийг бүрэн гүйцэд уншдаг хэрэглэгч ховор байх. Тэгвэл Instagram таны контентыг хэрхэн ашиглах эрхтэй байдгийг The Fashion Law сануулж байна.
Зургуудыг хэн эзэмшдэг вэ?
Instagram олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн контентыг онцгой эрхтэйгээр эзэмшдэггүй хэмээн мэдэгддэг. Гэсэн хэдий ч тус тавцангийн дүрэм журамд хэрэглэгч тухайн контентыг хамтран эзэмших эрхийг Instagram-д олгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Instagram зургуудыг яг л тухайн хэрэглэгчтэй ижил эрхтэйгээр эзэмших юм. Энэ нь ялангуяа мэргэжлийн гэрэл зурагчдын хувьд маш чухал нөхцөл болж байна. Хэрэв тэд ямар нэг гэрэл зургийг онцгой эрх бүхий лицензтэй худалдсаны дараа Instagram-д байршуулсан тохиолдолд лицензийн гэрээг зөрчиж байгаа гэсэн үг юм.
Instagram гэрэл зургийг худалдаж болох уу?
Instagram тухайн зургийг гуравдагч этгээдэд ашиглуулах бүрэн эрхтэй. Хэрэв тэд үүнийг төлбөртэй хийвэл бүх ашгийг олон нийтийн сүлжээ авах болно. Үүнээс гадна олон нийтийн сүлжээ энэхүү арилжааны тухай хэрэглэгчдэд мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлагагүй. Ингээд ч зогсохгүй Instagram тухайн материалыг өөрийн хүссэнээр ашиглах боломжтой. Жишээ нь эзэнд нь мэдэгдэлгүй засварлаж, өөрчилж, цааш түгээж болно.
Гуравдагч этгээд Instagram-ын контентыг хэрхэн ашиглаж болох вэ?
Тус олон нийтийн сүлжээ зөвхөн тухайн контентыг ашиглаад зогсохгүй контент ашиглах эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлдэг байна. Instagram-ын дүрэм журамд газар зүйн ямар нэг хязгаар заагаагүй тул тэд дэлхийн аль ч өнцгөөс дээрх зүйлсийг хийж болох юм.
Instagram хэрхэн ашиг олдог вэ?
Анх Instagram 2010 онд үүсгэн байгуулагдаж, 2012 онд олон нийтийн сүлжээг Facebook худалдаж авсан байдаг. Өнөөдөр Instagram-ыг өдөр бүр 500 сая хүн ашигладаг бөгөөд 24 цаг тутам 80 сая зураг байршуулдаг байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар 2019 он гэхэд тус компанийн үнэлгээ 10,8 тэрбум ам.доллар давах магадлалтай гэнэ. Энэхүү тавцангийн орлогын эх үүсвэр нь мэдээж хэрэг сурталчилгаа. Өөрөөр хэлбэл таныг Instagram илүү их ашиглаж, пост оруулах тусам олон нийтийн сүлжээ илүү их мөнгө олдог гэсэн үг юм.
Хэрэглэгч бусдын зургийг нийтэлж болох уу?
Хэдийгээр бид дижитал эрин үед амьдарч байгаа ч хууль зүйн үүднээс авч үзвэл та тухайн контентын эрхийг эзэмшдэггүй л бол контентыг нийтэлж болохгүй. Та олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхдээ энэ заалтыг мөрдөхөө зөвшөөрсөн байгаа.
Жишээ дурдахад Клоуи Кардашьян өөрийн хөрөг зургийг нийтэлсний дараа нэгэн гэрэл зургийн агентлаг түүнийг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж буруутган шүүхэд өгч байсан юм. Учир нь тэрхүү хөрөг зургийг тус гэрэл зургийн агентлаг эзэмшиж байсан аж. Мөн Жижи Хадид өнгөрсөн жил Instagram-д зөвшөөрөлгүй зураг байршуулснаас болж ижил асуудалтай тулгарч байжээ.