Хайх

Монголчуудын бүтээсэн “Fragile” видео тоглоомын iOS болон Android-д зориулсан хувилбар гарна

Монголчуудын бүтээсэн “Fragile” видео тоглоомын iOS болон Android-д зориулсан хувилбар гарна

"ОННЦ ДҮМД" анимейшний бүтээгчид ээлжит уран бүтээлээ толилуулж байна

Text: Ц.Намуун


Хэдхэн хоногийн өмнө "ОННЦ ДҮМД" анимейшнийг бүтээсэн рэппер Rokit Bay болон Beer Night Studio-гийн хамт олон "Fragile" нэртэй 2D зураглал бүхий видео тоглоомын демо хувилбарыг Steam тоглоомын тавцан дээр цацсан билээ. Steam тавцанд байршсан даруйдаа геймер, стримерүүдийн анхааралд өртөж, шилдэг демо тоглоомуудын эгнээнд нэгдсэн "Fragile" тоглоомд хүний наймааны хохирогч болж буй 10 настай бяцхан охины түүхийг өгүүлдэг. Тоглоомын үйл явдал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод өрнөж буйгаараа онцлог ба гол дүр болох охины дүрд хувиран сонирхолтой тааврууд тааж, алга болсон хүүхдүүдийн талаарх аймшигт үнэнийг олж мэдэх юм.

Тоглоомыг хөгжүүлэгчид одоогийн байдлаар бүтэн хувилбарыг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд "Fragile" төсөлд зориулан Kickstarter тавцан дээр санхүүжилт босгох ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэхүү санхүүжилтын ажилд хувь нэмрээ оруулахыг хүссэн хэн бүхэн оролцох боломжтой ба 90 ам.доллараас дээш санхүүжилтыг олговол тоглоомд дүрээ мөнхлөх, нэрээ оролцуулах боломжтой байна. Түүнчлэн ирээдүйд "Fragile" тоглоомын iOS болон Android-д зориулсан хувилбар гарна гэдгийг тоглоомыг хөгжүүлэгчид өчигдөр зарлалаа.

Хэрэв та тоглоомыг туршиж үзэхийг хүсвэл Steam тавцанд нэвтрэн демо хувилбарыг татаж аван тоглох боломжтой ба зөвхөн Монгол дахь хэрэглэгчид wishlist хэсэгтээ нэмснээр тоглоомын бүтэн хувилбарыг үнэгүй татах боломжтой байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх