“Babymoon”: Хүүхэд төрөхөөс өмнө яагаад аялалд гарах хэрэгтэй вэ?
Ирээдүйн эцэг эхийн романтик аялал
Хэрэв та хүүхдийнхээ нэрийг бодож, өрөөг нь тохижуулах санаагаа олж, төрөх бэлтгэлээ ерөнхийдөө хангасан бол танд баяр хүргэе! Одоо амралтаа авч, аялалд гарах цаг ирлээ. Мэдээж хэрэг бяцхан үр тань мэндэлсний дараа амьдрал тань хэзээ ч өмнөх шиг ээ байхгүй гэдгийг найзууд ба гэр бүлийн гишүүд хэлсэн гэдэгт итгэлтэй байна. Харин "babymoon" зөвхөн хайртай хүнтэйгээ хамт, хоёулахнаа цагийг романтик уур амьсгалтайгаар өнгөрөөх "сүүлийн" боломж нь байх болно. Ингээд аяллын салбарт дэлгэрээд байгаа "babymoon" гэж юу болох, яагаад ийм төрлийн аялалд гарах нь сайхан санаа гэдгийг мөн энэхүү аялалд хэзээ гарах, юуг анхаарах талаар бид хуваалцаж байна.
"Babymoon" гэж юу вэ?
Сүүлийн үед Европ ба Америкт "babymoon" нэртэй шинэ аяллын чиг хандлага дэлгэрэх болжээ. Энэ нь энгийнээр тайлбарлавал ам бүл нэмэхээс өмнө ирээдүйн эцэг эх зөвхөн өөрсдөдөө зориулан амралт олгож, романтик аялалд гарахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл эцэг эх болохоос өмнөх бал сарын аялал юм. Энэхүү аяллын хугацаанд юу ч хийхгүй байж, хүслээрээ амарч, яг одоо байгаа цаг мөчөө таашаах хэрэгтэй бөгөөд хайр дурлалдаа "шатаж", сайхан хосууд байж ирээдүйд бүр ч сайн эцэг эх болно гэдэгтээ итгэл дүүрэн болох юм. Түүнчлэн "babymoon" нь таныг хүлээж буй нойргүй шөнүүдийн өмнө сайтар унтаж, бие болоод сэтгэлээрээ амрах сайхан шалтгаан байх болно.
Хэзээ аялалд гарах вэ?
Юуны өмнө "babymoon" аялалд жирэмсний 2 дах триместрийн үеэр буюу 12 долоо хоногийн дараах шинжилгээнд хамрагдсаны дараа гарах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байдаг. Учир нь энэ хугацаанд эхний триместрийн үед тохиодог дотор муухайралт болон бусад шинж тэмдгүүд намжиж мөн онгоцоор нисэхэд ч эрүүл мэндийн хувьд илүү аюулгүй байх болно. Гэхдээ мэдээж хэрэг та урт нислэгтэй аялалд гарахаасаа өмнө эмчээсээ заавал зөвлөгөө аваарай.
Хаашаа явах вэ?
Өнөөдөр "babymoon" аялал хийх гэж буй хосуудад маш олон сонголт бий. Удахгүй эцэг эх болох гэж буй хосууд ихэвчлэн хүн хөдөлгөөн багатай тайван газар очиж, амрах дуртай байдаг. Жишээ нь тансаг зэрэглэлийн зочид буудал дахь спа төвд алжаалаа тайлж эсвэл дуу алдам үзэсгэлэнтэй далайн эрэг дээр амарч болно (Мальдив, Бали гэх мэт аяллын чиглэлүүд тохиромжтой). Харин байгалийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл хөдөө нутагт байрлах тав тухыг дээд зэргээр хангасан резортуудаас сонгож болох юм. Харин та урлаг, соёл судлал, түүхэн дурсгалт газруудаар явах сонирхолтой бол Итали, Испани, Франц гэх зэрэг Европын орнуудыг зориорой. Гэхдээ хүүхэд төрсний дараа маш их зардал гардаг тул үүнийг тооцоолж, өртөг багатай, боломжийн үнэтэй хэрнээ үзэсгэлэнтэй хотуудыг ч жагсаалтаасаа хасах хэрэггүй. Ерөнхийдөө бие организм ба сэтгэл санааг тань ядраах том хотуудаас аль болох зайлсхийх хэрэгтэй юм шүү.
Анхаарах зүйлс
Мэдээж хэрэг хамгийн чухал зүйл нь таны эрүүл мэнд. Тиймээс аяллынхаа төлөвлөгөөг гаргахаас өмнө эмчтэйгээ зөвлөж, шаардлагатай бүх шинжилгээг өгсөн байх хэрэгтэй. Жишээ дурдахад ихэнх усан онгоцны аялалд 27-гоос дээш долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдийг далайд гарахыг хориглодог байгаа. Үүнээс гадна аялах үедээ ямар тээврээр зорчихоо төлөвлөөрэй. Бие давхар эмэгтэй олон цагаар автомашинаар зугаалж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Мөн сэтгэл зоволгүй амрахыг хүсвэл очих гэж буй газрынхаа эрүүл мэндийн төвүүдийг, даатгалын системийг сайн судлаарай.
Эцэст нь хэлэхэд
Хүүхэдтэй болно гэдэг амьдралыг тань тэр чигт нь өөрчлөх, хамгийн баяр хөөртэй бөгөөд хариуцлагатай үйл явдлуудын нэг. Тиймээс та шинэ хүнээ хүлээж авахаасаа өмнө өөрийгөө тордож, хайрттайгаа харилцаагаа бэхжүүлэх нь маш чухал юм. Мөн "babymoon" аяллын үеэр та бүх зүйлийг өөрийн хүслээр хийж, хором мөч бүхнийг таашаах хэрэгтэй. Хэрэв танд захиалсан хоол таалагдахгүй бол битгий ид. Эсвэл түүхийн музей үзэх хүсэл төрөхгүй бол шууд л зочид буудал руугаа яваарай. Хэрэв та хэзээ нэгэн цагт хувиа хичээж, өөрийн дур зоргоор аашлахыг хүсдэг байсан бол одоо л тэр цаг тань ирээд байна.