Хайх

Эртний бэлгэ тэмдэг: Хамса буюу гарын алгын утга учир

Эртний бэлгэ тэмдэг: Хамса буюу гарын алгын утга учир

Text: Бюро 24/7


Хамса бол үнэт эдлэл, хувцас болон урлагт маш их үзэгддэг сонирхолтой эртний бэлгэ тэмдэг юм. Харин энэ нь юу илэрхийлдэг болохыг та мэдэх үү?

Хамса нь эртний Месопотами (өнөөгийн Ирак улс) үед анх олдож байсан бөгөөд "Чөтгөрийн нүд" гэж нэрлэгддэг 'Ayin Ha'ra'-гаас хамгаалан, муу муухай зүйлс, атаа жөтөөнөөс хол байлгах сахиус болдог байжээ. Харин Буддизм, Хиндуизм, Иудаизм болон Исламын шашинд энэхүү домогт бэлгэ тэмдэг нь ямар түүхтэй болохыг товч танилцуулж байна.

Эртний бэлгэ тэмдэг: Хамса буюу гарын алгын утга учир (фото 1)

Иудын Шашинд

Хамса бол эрт дээр үеэс гаралтай Ойрх Дорнодын бэлгэ тэмдэг бөгөөд бүх итгэл үнэмшилд аз, эрүүл мэнд, аз жаргал авчирдаг хамгаалалтын сахиуст тооцогддог. Хамса нь еврей хэлээр тавын тоо гэсэн үг бөгөөд талисман дээрх таван хурууг илэрхийлдэг билээ. Иудын шашинд хамса нь "Мириамын Гар" гэж тодорхойлогддог байна. Мириам нь Мосе (израильчуудыг Египетээс гаргаж ирсэн) ба Арон (анхны Дээд санваартан болсон) нарын эелдэг эгч байсан ба түүний нэр төртэй амьдрал нь түүнийг агуу хамгаалалт, азын бэлгэ тэмдэг болгожээ.

Исламын шашинд

Нөгөө талд Исламын шашинд хамса нь "Фатимагийн гар" гэж нэрлэгддэг байна. Фатима Аль Захра нь Бошиглогч Мухаммед болон түүний анхны эхнэр Хададиагийн охин байв. "Аль Захра" гэдэг нь гялалзсан нэгэн гэсэн үг ба Фатима нь ариун, нүгэлгүй гэгддэг байсан учир Фатимагийн гар нь хамгаалалт, хүч чадлын бэлгэдэл гэж тооцогддог юм. Түүнчлэн араб хэлнээ хамса нь мөн л тавын тоо гэсэн утгатай байгаа.

Буддын болон Хинду шашинд

Харин Буддизм болон Хиндуизмд хамса нь тэс өөр утгатай байдаг. Эдгээр шашинтнуудын хувьд хамса нь чакра буюу хүрд, таван мэдрэхүй, мөн гарын хөдөлгөөн, дохиогоор бие мах бодийн энергийн урсгалыг дахин чиглүүлдэг мутарлага буюу бие эрүүлжүүлэх аргыг илэрхийлдэг байна.

Хамсагийн түүх болон ойлголт нь шашин болгонд өөр боловч нэг ижил зүйл нь уг бэлгэ тэмдгийг өөрт ойр байлгаснаар эерэг энерги, аз жаргал дуудан муу зүйлээс өөрийгөө хамгаална гэсэн нийтлэг үнэмшил юм.

Эртний бэлгэ тэмдэг: Хамса буюу гарын алгын утга учир (фото 2)

Эртний бэлгэ тэмдэг: Хамса буюу гарын алгын утга учир (фото 3)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх