Хайх

Анжелина Жолигийн арьсны эмч түүний арьс арчилгааны нууцуудаас дэлгэлээ

Анжелина Жолигийн арьсны эмч түүний арьс арчилгааны нууцуудаас дэлгэлээ

Анжелина Жоли арьсаа хэрхэн арчилдаг вэ?

Text: Бюро 24/7


Анжелина Жоли энэ оны гуравдугаар сард InStyle сэтгүүлд ярилцлага өгөхдөө өөрийн бүхий л амьдралынхаа туршид хандаж ирсэн хувийн арьсны эмчийнхээ нэрийг хэлжээ. Харин Refinery29 онлайн сэтгүүл энэ мэдээллийг авсны дараагаар тэрхүү эмчтэй уулзаж, Жолигийн арьс арчилгааны нууцуудаас хуваалцахыг хүсчээ.

"Бага байхад арьсан дээр минь анхны сорви үүсэхэд ээж намайг түүн рүү дагуулж очсон" хэмээн Жоли эмч Ронда Рэндийн талаар ярьсан юм. "Тэрээр үргэлж надад аль болох байгалийн дүр төрхөөрөө байхыг зөвлөж, урам зориг өгдөг байсан нь надад их тусалсан шүү".

Харин Ронда Рэнд Refinery29 сэтгүүлийн хүсэлтийн дагуу, мөн Анжелина Жолигийн зөвшөөрөлтэйгөөр алдарт жүжигчний өдөр тутмын арьс арчилгааны алхмууд, хамгаас дуртай гоо сайхны процедурууд, болон өндгөвчөө авахуулсны улмаас явагдсан эрт цэвэршилт нь түүний арьсанд хэрхэн нөлөөлснийг уншигчидтай хуваалцжээ.

Өдөр тутмын арьс арчилгааны тухайд

"Жоли жүжигчний карьераа эхлүүлэхдээ арьсаа байж болох хамгийн эрүүл, болгоомжтой аргаар арчлахыг хүссэн. Тэр ээжийгээ дуурайсан маш үзэсгэлэнтэй, чидүн жимсний туяатай арьстай. Тэрээр байгалиас заяасан гоо үзэсгэлэнтэй тул арьсандаа ямар нэгэн онцгой зүйл хийх шаардлагагүй байдаг. Түүний арьс арчилгаанд ердөө л нарны хамгаалалттай тос, зөөлөн бүтэцтэй нүүр цэвэрлэгч, антиоксидантууд, заримдаа гликолийн хүчил болон байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд багтдаг. Мөн альфа гидрокси хүчил арьсанд маш сайн нөлөөтэй байдаг. Жоли найрлагадаа химийн гаралтай орц агуулсан, мөн хүчтэй скраб төрлийн бүтээгдэхүүнүүд хэрэглэдэггүй" хэмээн Рэнд ярьсан байна.

Нүүр будалтын тухайд

"Жоли ажлаагүй үедээ хэзээ ч нүүрэндээ будаг түрхдэггүй. Энэ нь магадгүй түүний эрүүл, сайхан арьсны гол шалтгаануудын нэг байж болох юм. Тэрээр мөн будгаа арилгахдаа маш няхуур ханддаг. Түүний хувийн нүүр хувиргагч хүртэл арьсанд нь ямар төрлийн бүтээгдэхүүн түрхэх дээр өндөр анхаарал хандуулж, ажиллаж байх хугацаанд нь аль болох нимгэн, хор уршиг багатай будалт хийхийг хичээдэг" гэж Рэнд онцоллоо.

Анжелина Жолигийн арьсны эмч түүний арьс арчилгааны нууцуудаас дэлгэлээ (фото 1)

Аяллын үеэрх арьс арчилгааны тухайд

Анжелина Жоли аялалд гарахдаа Рэнд эмчийн гаргадаг Dermbasics брэндийн Dermbasics RR Perfection Cream тосыг үргэлж бэлэн авч явдаг гэнэ. "Энэ бол ямар нэгэн химийн гаралтай орцгүй, антиоксидантуудаар баялаг, нарны хамгаалалттай тос юм. Аялалд авч явахад тун тохиромжтой. Жоли мөн Dermbasics Glycolic Acid Pads 20% гэх арьсны эвэршсэн давхаргыг хуулж, коллаген ба эластины үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, арьсны нүхийг цэвэрлэн агшааж, ерөнхий өнгийг сэргээн нэгэн жигд болгодог гликолийн хүчилтэй хөвөн хэлбэрийн бүтээгдэхүүнийг аялалд авч явах дуртай" гэж Ронда Рэнд Refinery29 сэтгүүлд хэлжээ.

Ямар гоо сайхны процедурт хамрагддаг тухайд

Харин Жоли Рэнд эмчийн оффис дээр очин гоо сайхны процедур хийлгэхдээ ганц л зорилготой байдаг гэнэ. Тэр нь нарны хорт туяанаас үүссэн арьсан дээрх нөсөө толбыг арилгах явдал юм. "Би жирэмсэн болох үед миний арьсан дээрх нөсөө толбонууд улам бүр тодорч эхэлсэн. Тиймээс би IPL (intense pulsed light) буюу хүчтэй цохилттой гэрлэн процедурт хэсэг хугацааны зайтайгаар тогтмол ордог" хэмээн Жоли Instyle сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна.

Рэндийн нэмж хэлснээр Жоли мөн IPL-ийн хажуугаар лазерын тусламжтайгаар арьсны шинэ давхаргыг гаргаж ирэх процедурт хамрагддаг гэнэ. "Лазерын аргаар арьсны гаднах давхаргыг хуулах процедур нь арьсны ерөнхий харагдах байдлыг илүү эрүүл, гэрэлтсэн болгох чадвартай. Гэхдээ энэ нь энгийн гоо сайханд орох үйлчилгээнээс илүү хүнд төрлийн процедур гэдгийг санах хэрэгтэй. Жоли заримдаа маш халуун цаг агаарт ажиллах үедээ нарны хорт туяанаас үүдэлтэй нөсөө толботой болчихдог. Харин бид энэ асуудлыг нь IPL-ийн тусламжтайгаар шийддэг. Гэхдээ бид маш болгоомжтой ханддаг. Энд дурдсан процедуруудын аль нь ч арьсны бүтэц ба эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөггүй бөгөөд ямар нэгэн сорви үүсгэдэггүй" гэж Ронда Рэнд эмч хэллээ.

Арьсаа эрүүл байлгах гол нууцын тухайд

"Хамгийн гол нь Жоли маш залуугаасаа эхлэн нарны хамгаалалттай тос түрхэн, арьсаа хорт туяанаас хамгаалж ирсэн. Нарны туяа түүний арьсанд сөргөөр нөлөөлж, нөсөө толбо үүсгэдгийг тэрээр сайн мэддэг учир энэ тал дээр үргэлж анхааралтай ханддаг. Тэр мөн үргэлж малгай өмсдөг бөгөөд энэ нь хичнээн чухал болохыг мэддэг. Жоли үргэлж ус их ууж, арьсаа чийгшүүлдэг. Гэхдээ дахин нэг удаа давтаж хэлэхэд арьсаа нарнаас хамгаалах нь таныг эрт хөгшрөхөөс сэргийлэх гол хүчин зүйл юм шүү" хэмээн Рэнд анхааруулсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх