Хайх

Энгийн бүхэн сайхан: Арьс арчилгаагаа илүү энгийн болгох нь

Энгийн бүхэн сайхан: Арьс арчилгаагаа илүү энгийн болгох нь

Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь ямар эрсдэлтэй болох, мөн алтан дунджийг хэрхэн олох талаар

Text: Бюро 24/7

Сүүлийн үед олон шат дараалал бүхий арьс арчилгаанаас татгалзах давлагаа үүсэж, гоо сайхны мэргэжилтнүүд ба блоггерууд косметик бүтээгдэхүүнийхээ хэрэглээг хязгаарлах болжээ. Одоо серум ба хайлайтер, солонгосын 20 гаруй үе шаттай арьс арчилгаа зэргийн оронд бүх улиралд тохиромжтой биеийн тос, нүүр цэвэрлэгч ба чийгшүүлэгч тос байхад л хангалттай боллоо.

Олон төрлийн, шинэ бүтээгдэхүүн туршиж үзэх нь арьсыг шингэний дутагдалд оруулж, хамгаалалтын үйл ажиллагааг нь алдагдуулж, харшлын реакц үүсэхэд нөлөөлдөг байна. Энэ нь мэргэжилтнүүдийн хэлснээр батлагдсан үзэгдэл юм. "Нэгдүгээрт тодорхой нэг орцын арьсанд үзүүлэх бодит нөлөө, үр дүнг олж харахын тулд хугацаа шаардагдана. Хоёрдугаарт бүтээгдэхүүн бүрийн найрлага өөр бөгөөд заримдаа ижил орц агуулах бүтээгдэхүүнүүд тухайн орцын цэвэр байдал, үйлдвэрлэлтийн чанар зэргээс хамаараад өөр нөлөөтэй байдаг. Та нэг л төрлийн орц арьсандаа хэрэглэж байна гэж бодох ч, үр дүн нь тэс ондоо байж болзошгүй юм. Мөн өөр өөр орцууд хоорондоо хэрхэн зохицох, арьсан дээр хэрхэн харилцан үйлчлэх зэргийг энгийн хүн зөв үнэлж, ойлгох нь тун ховор" хэмээн Nikolskaya Club төвийн гоо сайхны эмч Евгения Рогожникова хэллээ.

Арьс арчилгаандаа туршилт хийх нь ямар үр дүнтэй вэ?

Өдөр бүр шинэ нүүрний маск хэрэглэж, серум ба шөнийн тосоо тогтмол сольж болох ч, ингэх ямар шаардлагатай гэж? Үүний оронд өөрт тохирсон ганц, хоёрхон бүтээгдэхүүнээ хэдэн сарын турш тууштай, дуустал нь хэрэглэх нь хавьгүй үр дүнтэй байх болно. Энэ нь төсөвт ашигтай төдийгүй байгаль орчинд ч илүү ухамсартай хандаж буйн шинж юм. "Орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд ихэвчлэн хурдан хугацаанд хүчтэй нөлөө үзүүлэхийг зорьдог. Тэдгээр бүтээгдэхүүнүүдийн найрлагад маш олон төрлийн ханд ба баяжмалууд ордог бөгөөд энэ нь харшилгүй арьсыг хүртэл хариу үйлдэл үзүүлэхэд нөлөөлдөг. Учир нь ямар ч төрлийн арьсанд тодорхой нэг орцод хариу үйлдэл өгөх ‘унтаж буй' харшлын механизм байдаг юм. Түүнчлэн олон янзын бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг илүү эмзэг, гадны нөлөөнд илүү автамтгай болгодог талтай" гэж Beauty SPA by World Class салоны гоо сайхны эмч Евгения Седина тайлбарлалаа.

Энгийн бүхэн сайхан: Арьс арчилгаагаа илүү энгийн болгох нь (фото 1)

"Арьс цэвэрлэгч бүтээгдэхүүнийг сольж, турших нь илүү эрсдэл багатай. Харин чийгшүүлэгч тос ба тоникийг аль болох өөрт тохирсон, стандарт бүтээгдэхүүн сонгож, тууштай хэрэглэх хэрэгтэй. Нүүрний маскыг ч бас тогтмол сольж, туршилт хийхгүй байхыг зөвлөх байна. Учир нь маск бол арьсны нэмэлт хэрэгцээн дээр тулгуурласан, нарийн чиглэлтэй бүтээгдэхүүн юм" хэмээн Mixit гоо сайхны брэндийн лабораторийн технологич Галина Рязанова зөвлөлөө.

Алтан дунджийг хэрхэн олох вэ?

Цэвэрлэгээ, тоникжуулалт, чийгшүүлэлт ба хамгаалалт гэх тогтолцоо нь эртнээс бий болсон, бидний арьсанд шаардлагатай үндсэн арчилгаа юм.

"Өдөр тутамдаа ийм энгийн тогтолцоогоор арьсаа арчлах нь зүйтэй. Гэхдээ ингэхдээ шөнө арьсандаа аль болох бага бүтээгдэхүүн түрхээрэй. Учир нь шөнө бидний арьс энгийнээс хоёр дахин илүү эрчимтэй ажилладаг бөгөөд бүтээгдэхүүнээ хэтрүүлсэн тохиолдолд арьсан дээр шаардлагагүй бүрхүүл бий болж, арьсыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулах эрсдэлтэй" гэж Евгения Седина тайлбарлаж байна.

Хэрвээ таны арьсанд ямар бүтээгдэхүүн тохирч, ямар орц шаардлагатай байдгийг та 100% итгэлтэйгээр мэддэг бол арьс арчилгаагаа олон шат дараалалтай байлгаж болох юм. Гэхдээ энэ нөхцөлд ч бас олон төрлийн орцууд хоорондоо зөрчилдөж, улмаар арьс улайж, хуурайшиж, цочрох магадлалтай гэдгийг санаарай. "Би үйлчлүүлэгчдийнхээ арьс арчилгааг судлахдаа хэрэглэдэг ихэнх бүтээгдэхүүнийг нь хаяхыг зөвлөдөг. Тэд ихэвчлэн ямар ч нөлөө үзүүлдэггүй, шаардлагагүй бүтээгдэхүүн эсвэл эерэг гэхээсээ илүү сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн хэрэглэж байгаа харагддаг" гэж Евгения Рогожникова ярилаа.

Энгийн бүхэн сайхан: Арьс арчилгаагаа илүү энгийн болгох нь (фото 2)

Мөн бүтээгдэхүүнээ ойр ойрхон солих нь ямар ч энгийн арьсыг илүү эмзэг болгох эрсдэлтэй гэдгийг дээрх бүх мэргэжилтнүүд онцолж байна.

Хэрвээ та арьс арчилгаандаа өндөр ач холбогдол өгдөг, олон бүтээгдэхүүн хэрэглээд заншчихсан бол юуны түрүүнд бүтээгдэхүүн бүрд дуусах хугацаа байдгийг анхааралдаа аваарай. Ихэнх бүтээгдэхүүний дуусах хугацаа бидний бодсоноос ч богино байдаг шүү. Мөн бүтээгдэхүүн бүр улирлын онцлог болоод тууралт ба харшил гэх зэрэг арьсан дээр үүссэн гэнэтийн нөхцөл байдлуудаас хамаараад урьдынхаасаа өөр нөлөө үзүүлж эхэлдгийг бүү мартаарай.

Энгийн бүхэн сайхан: Арьс арчилгаагаа илүү энгийн болгох нь (фото 3)

"Мэдээж хэрэг эмэгтэйчүүд бид гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзана гэж хэзээ ч үгүй. Хичнээн их ятгаад ч нэмэргүй. Иймээс хэрэглээгээ багасгах боломжгүй бол органик болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн рүү шилжих нэг арга бий. Мөн арьс цэвэрлэгээндээ илүүтэйгээр анхаарч, бүтээгдэхүүн бүрийнхээ чанарыг судалж байх хэрэгтэй. Сайн чанарын, баталгаатай бүтээгдэхүүнд их хэмжээний мөнгө зарцуулах нь хямд бүтээгдэхүүнээр арьсаа эрсдэлд оруулахаас л дээр шүү. Бас нэгэн зөвлөгөө өгөхөд косметик бүтээгдэхүүнийхээ хэрэглээг аль болох багасгаарай. Нүүрээ будахад хэрэглэдэг бүтээгдэхүүн бүрээ сайтар тунгааж, танд энэ бүтээгдэхүүн үнэхээр хэрэгтэй эсэхийг шийдээрэй. Үүний үр дүнд та арьсан дээрээ ‘давхарладаг' олон бүтээгдэхүүнийг харьцангуй багасгана" гэж Атлас эмнэлгийн арьсны эмч Юлия Дзюба хэлж байна.

Та арьсаа "сонсож", таны арьс тодорхой нэг орц эсвэл бүтээгдэхүүнд ямар хариу үйлдэл өгч байгааг анзаарч сураарай. Хэрвээ арьсанд тань шөнийн тос шаардлагагүй мэт санагдаж байвал бүү хэрэглэ. Магадгүй бидний арьсанд үнэн хэрэгтээ нэмэлт бүтээгдэхүүн огт шаардлагагүй ч байж болзошгүй юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх