Хайх

Nail art чиг хандлага: Хавар-зун 2018

Pantone өнгө, нарлаг шар, минимал дизайн болон бусад трендүүд

Nail art чиг хандлага: Хавар-зун 2018

Text: Бюро 24/7

"Энэ хавар-зуны улирлын маникюр дахь гол өнгөнүүд бол нимбэгийн тод шар, хүйтэн ногоон, хүйтэн ягаан болон илүү сонгодог шийдэлтэй улаан-шаргал ба улаан-бор юм. Ийм өнгөтэй хувилбаруудыг бараг бүх тэргүүлэх брэндүүд гаргасан байгаа. Мөн мэдээж хэрэг зааны ясан цагаан, шавран саарал гэх үндсэн суурь өнгөнүүдийг бүү мартаарай" хэмээн Nail Spot салоны тэргүүлэх мастер ярилаа.

"Ultra Violet" буюу нил ягаан

Pantone институтийн онцолсноор 2018 оны гол тренд өнгө бол "Ultra Violet" буюу нил ягаан юм. "Нил ягаан бол нэлээд тод өнгө. Тиймээс зарим хүмүүс уг өнгийг туршихад бэлэн биш байх магадлалтай. Гэхдээ хэрвээ та энэ трендийг дагахаар шийдсэн бол хөх ягаан, лавандын зөөлөн ягаан, тунгалаг нил ягаан, индиго ягаан гэх туяануудыг сонгоорой. Мөн олон өнгийн маникюр моодноос гараагүй тул энэ бүх өнгөнүүдийг хооронд нь хослуулж болно" гэж Brandi брэндийн технологич хэллээ.

"Нил ягаан өнгийг саатай хослуулах үед сонирхолтой үр дүн гардаг. Хумсан дээр яг л сансар огторгуй мэт гоёмсог дүр зураглал бий болдог юм. Ийм төрлийн маникюрыг дөрвөлжин хэлбэртэй, богино хумсан дээр хийхийг зөвлөж байна. Энэ өнгө бүх хүнд зохино шүү" хэмээн Fingers Crossed студийн мэргэжилтэн хуваалцлаа.

Түүнчлэн ихэнх загварын шоунууд дээр нил ягаан өнгийг дизайны нэгэн хэсэг болгон ашигласан байлаа. Тухайлбал Christian Siriano-гийн шоу дээр нил ягаан өнгийн оруулгатай геометрийн дүрс бүхий дизайнтай маникюр хийгдсэн бол, Manish Arora дээр абстракт хувилбар үзэгдсэн. "Нил ягаан өнгө нь өөртөө улаан ба цэнхэр туяанууд агуулдаг тул бусад бүх өнгөнүүдтэй сайхан зохицдог онцгой чадвартай" гэж Bandi брэндийн технологич тайлбарласан юм.



Шар ба ногоон

Энэ улирлын хоёр дахь алдартай өнгө бол шар юм. Энэ өнгийг брэнд бүрийн шинэ цуглуулгаас олж харах боломжтой байлаа. "Анхааралдаа авах хэрэгтэй гол дүрэм бол шар нь яг л нар мэт зөөлөн бөгөөд дулаан туяатай байх учиртай юм. Ийм өнгөтэй хумсны будаг жишээ нь Chanel брэндийн хавар-зун цуглуулгад бий. Шар өнгийн маникюрыг богино хумсан дээр хийвэл илүү зохимжтой" хэмээн Fingers Crossed студийн мэргэжилтэн ярилаа.

Хэрвээ ийм зэргийн тод өнгөөр хумсаа будах нь арай хэтэрхий санагдаж байвал Alice+Olivia брэндийн шоу дээр үзэгдсэн шиг өнгөт френч будалт туршиж болох юм. "Нарлаг шар болоод шүүслэг ногоон өнгөнүүд хоорондоо төгс зохицдог төдийгүй улирлын гол тренд нил ягаан өнгөтэй ч бас сайхан уусдаг. Эдгээр өнгөнүүдийг ашиглан хаврын маникюрыг илүү тод, өөдрөг болгох боломжтой" гэж Brandi брэндийн технологич зөвлөж байна.

Nail art чиг хандлага: Хавар-зун 2018 (фото 1)

Улаан ба nude

Бүхий л загварын шоунууд дээр тааралддаг, хэзээ ч хувирашгүй сонгодог шийдэл бол яахын аргагүй улаан ба nude өнгөнүүд юм. Гэхдээ энэ хавар-зуны улиралд улаан өнгө урьд өмнөхөөсөө бага үзэгдсэн гэдгийг онцлох нь зүйтэй. Харин nude өнгө цайвар саарал, кофены бүүдгэр бор, тунгалаг ягаан, нунтаг шар гэх туяануудаар танилцуулагдаж, хэзээ ч буруудахгүй сонголт гэдгээ дахин нэг удаа баталсан юм. Хамгийн гол нь эдгээр өнгөнүүд нь энгийн гялтганасан бүрхүүлтэй байх учиртай. Тэгэхээр саатай эсвэл матт эффекттэй будагнуудаас энэ улиралд татгалзсан нь дээр. "Энэ хавар улаан өнгийн илүү дулаан туяанууд эрэлттэй байх болно. Тэр дундаа хамгийн алдартай туяагаар мандарины улбар шар оруулгатай дулаан улаан тодорсон байгаа. Бараг л улбар шар гэсэн үг. Мөн 2018 оны хавар-зун улиралд nude өнгөнүүд тренд байх бөгөөд бас л дулаан туяанууд нь илүү загварлаг харагдана. Бас нэгэн онцлох өнгө бол цайвар саарал. Энэ нь nude өнгөнүүдэд дуртай хэрнээ ямар нэгэн шинэлэг зүйл хүсч байгаа хүмүүст төгс тохирно. Цайвар саарал өнгө шинэлэг бөгөөд сонирхолтой харагддаг. Ийм өнгө ямар ч урттай, ямар ч хэлбэртэй хумсан дээр зохимжтой байна" хэмээн Fingers Crossed студийн мэргэжилтэн ярилаа.

Зөөлөн туяатай тэнгэрийн цэнхэр

Хаврын үүлгүй тэнгэрийн зөөлөн цэнхэр өнгө энэ улиралд моодонд орно. "Ийм өнгийг Chanel брэндийн шинэ хумсны будгийн цуглуулгаас мөн Christina Fitzgerald, Smith & Сult брэндүүдээс олох боломжтой. Энэ өнгийг дангаар нь эсвэл зөөлөн мөнгөлөг саатай хослуулбал их үзэсгэлэнтэй харагдана" гэж Fingers Crossed студийн мэргэжилтэн зөвлөлөө.

Negative space ба минимализм

Negative space буюу хумсыг бүхлээр нь будалгүй зарим хэсгийг нь онгорхой орхих будалт дизайнеруудын хамгаас дуртай аргачлал хэвээр байна. Мөн геометрийн хэлбэр дүрстэй минимал будалт энэ улиралд эрэлттэй байх болно. "Хэрвээ та өнгөгүй будаг сонгосон бол хумсныхаа үзүүрийг тод өнгөөр, эсвэл хумсан дээрээ хялбархан геометрийн дүрснүүд зурж болно" хэмээн bebebe.msc студийн менежер онцолсон юм.

Negative space төрлийн хамгийн гоёмсог санааг House of Holland брэндийн мэргэжилтнүүд дэвшүүлсэн байгаа. Тэд хумсан дээр цагаан өнгийн суурь тавьсан атлаа хумсны гол хэсэгт давлагааны хэлбэртэй онгорхой хэсэг үлдээсэн юм. Харин минимал дизайнтай маникюрын санааг 3.1 Phillip Lim эсвэл Calvin Luo брэндийн шоунуудаас олж авах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Цааш үзэх