Хайх

BLACKPINK хамтлаг YG Entertainment-тай албан ёсоор гэрээгээ сунгалаа

BLACKPINK хамтлаг YG Entertainment-тай албан ёсоор гэрээгээ сунгалаа

Text: Buro.Mongolia


BLACKPINK хамтлагийн YG Entertainment-тай хийсэн гэрээний хугацаа өнгөрөгч наймдугаар сард дуусгавар болсон билээ. Саяхныг хүртэл тэд тохиролцоонд хүрч чадахгүй байсны улмаас энтертайнментын зүгээс “гэрээ хэлэлцээрийн шатанд явж байна” гэдгээс өөр мэдэгдэл хийхгүй удсан учир олон нийт, хэвлэл мэдээллийнхэн BLACKPINK хамтлаг тарж, бүгд тус, тусын соло карьертаа илүү анхаарахаар шийдсэн бололтой хэмээн шуугьж байсан. Үүнээс улбаалан энтертайнментынх нь хувьцааны үнэ огцом буурч, эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байсан юм.

BLACKPINK хамтлаг YG Entertainment-тай албан ёсоор гэрээгээ сунгалаа (фото 1)

Харин өнөөдөр YG Entertainment-ын зүгээс BLACKPINK хамтлагийн гишүүд бүгд гэрээгээ албан ёсоор сунгаж, цаашдын үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахаар зорьж байгаа гэдгийг мэдэгдлээ. Тэд мэдэгдэлдээ “Гишүүдтэй сайтар ярилцсаны эцэст бид гэрээгээ шинэчлэн сунгасан. Бидний дундах итгэлцэл, удаан хугацааны түншлэл дээр суурилан тэд гэрээнд гарын үсгээ зурсан. Бид дэлхий даяарх олон шүтэн бишрэгчдэдээ зориулан аялан тоглолт хийж, томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. BLACKPINK тун удахгүй шинэхэн цомгоороо "BLINK"-үүдтэйгээ эргэн уулзах болно” хэмээв.

Мөн YG Entertainment-ыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Ян Хён Сог “Би BLACKPINK-тэй цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой болсондоо баяртай байна. Ирээдүйд BLACKPINK хамтлагийг K-pop уран бүтээлчдийнх нь хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд улам гялалзуулан, амжилттай байлгахын тулд чадах бүхнээ хийнэ. Би тэдэнд бүрэн дэмжлэг үзүүлж, хийж байгаа зүйлд нь итгэх болно” хэмээн баярласан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Гэвч энэхүү гэрээ нь зөвхөн хамтлагийн үйл ажиллагаанд хамааралтай болохыг тэдний зүгээс онцолж байгаа ба гишүүд хувь уран бүтээлчийнхээ хувьд YG Entertainment-д харьяалагдах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ нь гишүүд соло карьераа хөөхийг хүсвэл өөр агентлагтай давхар гэрээ байгуулах боломжтой гэсэн үг юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх