Хайх

Coldplay x BTS хамтарсан дуу: \"My Universe\"

Coldplay x BTS хамтарсан дуу: "My Universe"

Мөн дуу бүтээх явцыг харуулсан богино хэмжээний баримтат кино

Text: Buro.Mongolia


Их Британийн Coldplay болон Өмнөд Солонгосын BTS хамтлаг хамтарсан уран бүтээл дээр ажиллаж байгаа талаарх цуурхал сүүлийн хэдэн сарын турш олны дунд тархсан билээ. Тэгвэл тэд хэдхэн хоногийн өмнө буюу есдүгээр сарын 24-нд “My Universe” нэртэй анхны хамтарсан уран бүтээлээ толилууллаа. Энэхүү дууг тэд Англи болон Солонгос хэл дээр дуулсан бөгөөд үгийг нь хоёр тал хамтран бичжээ. Харин дууны продюсероор домогт Макс Мартин ажилласан байна. Мартин өмнө нь Бритни Спирс, Ариана Гранде, The Weeknd зэрэг томоохон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан туршлагатай юм.

Шүтэн бишрэгчдийн дунд аль хэдийнээ амжилт тогтоогоод буй “My Universe” дуу Coldplay хамтлагийн ирэх аравдугаар сарын 15-нд гаргах “Music of the Spheres” нэртэй цомогт багтах юм. Хамтлагуудын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр дууны клип нь мөн удахгүй олны хүртээл болох байна.

Түүнчлэн есдүгээр сарын 26-нд "Coldplay X BTS Inside 'My Universe' Documentary" гэх хамтын дуу бүтээх явцыг харуулсан богино хэмжээний баримтат кино YouTube тавцан дээр цацагдсан билээ. Тус бичлэгт Coldplay хамтлагийн гишүүн Крис Мартин “Энэхүү дуу маань хайрын хүч ямар нэгэн хил хязгаар, дүрэм журам, хүйс, арьс өнгө, бэлгийн чиг баримжааг давж гардаг тухай өгүүлдэг юм. Хэрэв та ямар нэгэн хил хязгаараар тусгаарлагдсан, эсвэл одоогоор хамт байж чадахгүй байгаа хүмүүсийг харах юм бол энэ дуу яг юуны тухай болохыг шууд ойлгох болно. Хүмүүс бие биенээ хайрлахад юу ч саад болж чадахгүй тухай дуу юм л даа” хэмээжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх