Хайх

Бюро 24/7 тойм: Christian Dior, resort 2019

Феминист үзэл санааг 'эскарамуза' нарын эрэлхэг байдлаар дамжуулан илэрхийллээ

Text: Ц.Намуун

Christian Dior загварын ордон 2019 оны аяллын цуглуулгаа Францын Шантийи хотноо XVIII зуунд баригдсан Musée du Cheval буюу Морин урлагийн музейд танилцууллаа. Загварын шоу музейн төв хэсэгт орших задгай талбайд зохион байгуулагдсан бөгөөд талбайг морин үзүүлбэрийн шоунд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэхээр тохижуулжээ. Цаг агаарын байдлаас шалтгаалан шоу товлосон хугацаанаасаа бараг цагийн дараа эхэлсэн ч шиврэх бороо шоуны уур амьсгалыг улам гайхалтай болгож байлаа.

Шоуг Мексикийн үндэсний бэлэг тэмдэг болох Эскарамуза хэмээн нэрлэгддэг адуучин охидын үзүүлбэрээр нээсэн нь бүтээлч захирал Мария Грация Кьюри аяллын цуглуулгаа юунаас сэдэвлэсэн болохыг илтгэв. Мария Грациягийн өмнөх цуглуулгуудын гол сэдэв болсон феминизм нь энэ удаад ч мэдрэгдсэн бөгөөд дизайнер өөрийн феминист үзэл санааг эскарамуза нарын эрэлхэг байдлаар дамжуулан илэрхийлжээ.

 

"Уламжлал ба эрх чөлөө" хэмээн тодорхойлогдсон тус цуглуулгад брэндийн бэлгэ тэмдэг болсон "Бар" загварын хүрэм, дизайнерын өөрийн онцлог болох торон даашинз, нэг өнгөөр хийгддэг Toile de Jou хэмээх уран сайхны хээтэй гар цүнх, арьсан корсет, ковбой малгай гэх мэт олон сонирхолтой силуэтууд нэг дор уусан орсон нь аяллын цуглуулгыг тааварлахын аргагүй баялаг болгож байлаа.

Үндсэн элементүүд: Мексикийн эскарамуза нарын өмсгөл, торон даашинз, дэрвэгэр юбка, савхин материал, хатгамал, Toile de Jou хээ, корсет, өргөн бүс, деним хослол, зангиа.

Үндсэн өнгөнүүд: Элсэн цөлийг санагдуулам шаргал бор, хаки ногоон, хүрэн улаан, хүрэн бор, хөх, саарал.

Стилистик аргачлалууд: Нэг өнгөөр дагнах, бэлхүүс тодотгох өргөн бүсийг даашинз болон юбкан дээр зүүх, өмд пиджакны хослол, шорт болон пиджакны хослол.

Аксесуар: Toile de Jou хээтэй гар цүнх, түрийтэй гутал, сийрсэн малгай, том нарны шил, том арьсан гар цүнх, морьтны малгай, тус бүрдээ өөр загвартай хос ээмэг.

Нүүр будалт ба үс засалт: Доор боосон шулуун үс, байгалийн будалт.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх