Хайх

Парисын эрэгтэй загварын долоо хоногийн тойм, I хэсэг: Dior Homme, Alexander McQueen, Thom Browne

Шилдэг бөгөөд шинэ эрэгтэй цуглуулгууд

Парисын эрэгтэй загварын долоо хоногийн тойм, I хэсэг: Dior Homme, Alexander McQueen, Thom Browne

Text: Бюро 24/7

Парисын эрэгтэй загварын долоо хоног зургаадугаар сарын 21-нээс 25-ний хооронд болж өнгөрлөө. Бид онцлох цуглуулгуудын тоймыг бэлтгэн хүргэж байна

Off-White

Дизайнер: Виржил Абло
Цуглуулгын онцлох зүйлс: Bart Simpson-ын зурагтай цамц, жийнсэн материал

Дизайнер Виржил Абло Off-White брэндийн 2019 оны хавар-зуны цуглуулгаараа дамжуулан Нью-Йорк хотод хайраа илчиллээ. Нью-Йорк хотод аж төрдөг элит гаралтай залуус болон чөлөөт цагаараа гудамжинд граффити зурж, скейтбордоор хичээллэдэг залуус хоорондоо нэгдвэл ямар байх бол гэсэн төсөөллөөс цуглуулгын бүтээлч санаа төржээ. Виржил Абло Off-White брэндийн ерөнхий хэв маяг болсон гудамжны хувцаслалтыг бий болгохдоо жийнсэн материал болон граффити зургуудыг ашигласан юм. Түүнчлэн уг цуглуулгад Nike болон Dr.Martens брэндтэй хамтарсан шинэ гутлын загварууд багтсан байгаа.  

Thom Browne

Дизайнер: Том Браун
Цуглуулгын онцлох зүйлс: Пастель болон тод өнгө, дөрвөлжин хээ, тэнцвэргүй загварууд

Содон сонирхолтой загваруудаараа үргэлж биднийг гайхшруулдаг дизайнер Том Браун энэ удаад үзэгчдийг гайхамшгийн оронд аваачлаа. "Хорвоо ертөнцийг миний нүдээр тольдвол..." хэмээн тодотгосон энэхүү цуглуулгаа бүтээхдээ Том Браун өөрийн онцлог болох тэнцвэрт байдлыг алдагдуулсан загваруудаа тод өнгө, сонирхолтой хээ ашиглан баяжуулжээ. Түүнчлэн цэцгэн чимэглэлтэй сүрлэн малгай болон нохой, халим гэх мэт сонирхолтой хэлбэр, дүрстэй загварууд нь бидний хүүхэд насны төсөөлөл, мөрөөдлийг эргэн сануулах мэт байлаа.

Dior Homme

Дизайнер: Ким Жонс
Цуглуулгын онцлох зүйлс: Кутюр хийц, романтик хэв маяг

Dior брэндийн эрэгтэй цуглуулгын бүтээлч захирал Ким Жонс брэндэд зориулсан анхны цуглуулгаа Парис хотноо танилцууллаа. Ким Жонс цуглуулгаа бүтээхдээ Dior загварын ордны амин сүнс болсон кутюр хийцийг дизайнер Кристиан Диорын амьдрал, тэр дундаа түүний хайртай зүйлс болох цэцэгс ба интьерер дизайнтай хослуулжээ. Toile de Jouy хээтэй, цагаан өнгийн дэгжин хослолоос эхлээд гэрэлтдэг материал бүхий цэцгэн чимэглэлтэй шинэ загварууд бүхэлдээ романтик уур амьсгалтай болжээ.

Alexander McQueen

Дизайнер: Сара Бертон
Цуглуулгын онцлох зүйлс: Тейлор хийцийн хослолууд, савхин хүрэм, тренч цув

Тренч цув, тейлор хослол, савхин хүрэм зэрэг сонгодог загваруудаас бүрдсэн уг цуглуулгаа дизайнер Сара Бертон "Streetwear чиг хандлагаас ангид" хэмээн тодорхойлсон юм. Сэргэн мандалтын үеийн уран зураач Фрэнсис Бэконий уран бүтээлийг савхин хүрэмд шингээсэн бол, сонгодог эсгүүртэй хослол, тренч цувыг хоёр өнгийн материалаар урлаж контраст үүсгэсэн нь цуглуулгын онцлох зүйл байлаа.

Valentino

Дизайнер: Пьерпаоло Пиччоли
Цуглуулгын онцлох зүйлс: Кутюр хийцийн гудамжны хэв маягтай загварууд, ретро хээ, өдөн оруулгатай пүүз

Камуфляж хээтэй хүрэм, өдөн оруулга бүхий пүүз, Valentino брэндийн логогоор баялаг кутюр хийцийн загваруудыг Пьерпаоло Пиччоли шинэ мянганыханд зориулан бүтээсэн гэдгээ онцоллоо. Гэхдээ шинэ үеийнхэнд зориулсан эдгээр загваруудаа зөвхөн тэдний дурладаг зүйлсэд тулгуурлалгүй харин Valentino брэндийн 1970, 1980 оны загваруудыг бүтээхдээ ашиглаж байсан түүхэн хээг ахин сэргээн, кутюр хийцээр урласан нь цуглуулгыг илүү онцгой болгосон юм.

Paul Smith

Дизайнер: Сэр Пол Смит
Цуглуулгын онцлох зүйлс: Спортлог хэв маяг, нил ягаан өнгө, тод өнгөнүүд

Ажил хэрэгч байдлыг спортлог, чөлөөт хэв маягтай хослуулсан энэхүү цуглуулгыг Пол Смит спортод дурлагсдад зориулан бүтээжээ. “Нэг өдөрт хэдэн арван хүнтэй уулзахад тэдний ихэнх нь спорт загварын тухай ярьдаг” хэмээн Пол Смит уг цуглуулгаа яагаад бүтээх болсноо тайлбарласан юм. Спорт загвараас гадна фото зурган хээтэй атлас материалтай цамц, нил ягаан өнгийн эрэгтэй хослол, хоёр өөр өнгөтэй Чельси загварын гутал зэрэг нэгэн төрлийн хэв маягт баригдаагүй сонирхолтой загваруудыг бүтээжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх