Хайх

Бюро 24/7 ярилцлага: Алекса Чанг, "Өөрийгөө шинэ дүрд туршиж үзэхээс хэзээ ч бүү ай"

Их Британийн загвар өмсөгч, одоо мөн дизайнер Алекса Чанг өөрийн анхны цуглуулгын талаар ярьж байна

Тавдугаар сарын 30-нд Лондон хотод Алекса Чангийн анхны цуглуулгын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. Загвар өмсөгч, мөн одоо дизайнер болсон залуу бүсгүй уг цуглуулга дээр ажиллахдаа Дэвид Хокни, Жейн Биркин гэх зэрэг Их Британийн загварын шүтээнүүдээс урам авч, Лондонгийн загварлаг бүсгүйг тодорхойлох иж бүрдэл хувцас бүтээжээ. Үдшийн болон өдөр тутмын даашинзууд, гутал ба гоёл чимэглэлээс бүрдэх түүний цуглуулгад нийт 147 загвар багтсан байна.

A post shared by ALEXACHUNG (@alexachungstagram) on

Алекса Чанг бол Их Британийн модель бөгөөд дизайнер юм. Business of Fashion сэтгүүл түүнийг дэлхийн загварын ертөнц дахь нөлөө бүхий 500 эрхмийн тоонд оруулж, Америкийн Vogue сэтгүүл түүнийг 2015 оны хамгийн загварлаг бүсгүйгээр нэрлэж, харин Mulberry брэнд түүнд зориулсан тусгай цүнх гарган, шинэ загвараа Alexa хэмээн нэрлэсэн байдаг. Чанг мөн Penguin хэвлэлийн газраар дамжуулан хэд, хэдэн ном хэвлүүлж байсан бөгөөд түүний номнууд тухайн үеийнхээ бестселлер бүтээлээр тодорч, загварын тухай өгүүлэх чухал номнуудын нэгээр өргөмжлөгдөж байсан юм. Харин Алекса Чангийн анхны цуглуулга яг одоо түүний хувийн вебсайт дээр худалдаалагдаж байна.

Алекса Buro 24/7-гийн Лондон дахь сурвалжлагчтай уулзаж, өөрийн зорилго ба мөрөөдлийг тодорхойлж, хэрхэн загвар өмсөгчийн бизнесээс дизайнерын бизнес руу шилжсэн, мөн загварын салбар дахь хүндэт мэргэжилтнүүдээс хэр их дэмжлэг авсан тухайгаа ярилаа.

Анхны цуглуулгынхаа концепцыг та хэрхэн бодож олсон бэ? Мөн цуглуулгыг зохион бүтээх үйл явц хэрхэн өрнөсөн талаар хуваалцаач? Энэхүү цуглуулгын нээлт ихэнх хүмүүсийн хувьд гэнэтийн мэдээ болж чадсан тул энэ бүгд бидний хувьд маш сонирхолтой байна. Та төслөө маш удаан нууцалж чадлаа шүү дээ.

Тийм шүү. Энэхүү цуглуулга дээр бид нэлээд хэдэн жил ажилласан. Анхны санаа гарахаас эхлээд дэлгүүрт тавигдах хүртэл удаан хугацаа шаардагдлаа. Өөрийн гэсэн зүйл бүтээх санаа надад анх сэтгүүлчдэд ярилцлага өгч байх үед төрсөн. Тэд бүгд л надаас нэг л зүйлийг дахин дахин асууж байсан. "Та өөрийн гэсэн хувцасны брэнд хэзээ гаргах вэ?" гэх асуултыг олон удаа сонссоны эцэст энэ санааг хэрэгжүүлэхийг хүссэн.

Гэхдээ юу гээч, загварын нийгэмлэгийн зүгээс ирсэн энэ их дэмжлэг байгаагүйсэн бол би хэзээ ч өөрийгөө цуглуулга гаргаж чадна гэж бодохгүй байсан. Надад тийм итгэл байхгүй байхсан. Нэрийн цуглуулга гаргана гэдэг маш том ажил. Шинэ бизнес бий болгож, баг хамт олноо бүрдүүлж, анхны дизайн гаргана гээд л энэ бүх ажил бидний ирээдүйн суурь болж өгсөн. Надад энэ эхлэл маш их таалагдаж байна. Цуглуулга тод бас хамгийн гол нь амьд болж чадсан.

Бюро 24/7 ярилцлага: Алекса Чанг, "Өөрийгөө шинэ дүрд туршиж үзэхээс хэзээ ч бүү ай" (фото 1)

Загварын салбар таныг ийм халуун дулаан хүлээн авахад та гайхсан уу?

Өмнө нь би Их Британийн Vogue сэтгүүлд зориулж хэд, хэдэн баримтат кино бэлдэж байсан туршлагатай. Тиймээс би загварын ертөнц ихэнх тохиолдолд тийм ч зочломтгой байдаггүйг сайн мэддэг. Гэхдээ тэдгээр баримтат кинонуудаар дамжуулан би үргэлж загварын салбарын илүү хүнлэг талыг харуулахыг хичээдэг байсан. Миний хувьд загвар бол эерэг үзэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсээс бүрдсэн томоохон нийгэмлэг юм. Миний өөрийн загварын салбарт анх хөл тавьсан аялал тун сонирхолтой байсан. Би энэ салбарт орохыг бодож, хүсэж явдаггүй байсан ч гэнэтийн байдлаар энэ ертөнцийн нэгэн хэсэг болсон. Загвар өмсөгчийн карьерыг хэсэг хугацаанд хөгжүүлсний эцэст би загвараас зугтаж, телевиз ба сэтгүүл зүйн салбар руу орсон. Гэвч удалгүй би олон нийтийн сүлжээ ба онлайн хэвлэл мэдээллийг илүү их сонирхох болж, энэ замаар явсаар эргээд загварын салбартаа хүрч ирсэн. Яг л нууц хаалгаар эргээд ирсэн мэт энэ нь надад их сонирхолтой санагддаг шүү.

Загварт ажиллах шийдвэрийг би ухамсарлаж гаргаагүй. Би хэнд ч "Сайн уу! Намайг тэр гэдэг, намайг ажилд аваач?" гэж хэлж байгаагүй. Гэхдээ эцэст нь бүх зүйл болох жамаараа болж, намайг энэ салбар маш халуун дулаан хүлээж авсан.

Хүн бүрийн карьерын зам тухайн хүн өөрөө юу хүсэж буйгаас хамаардаг. Би хүмүүстэй харьцах дуртай учир загварын салбараас маш олон тооны сайхан сэтгэлтэй, эерэг хүмүүс олж авсан. Тэд л надад энэхүү цуглуулгыг бүтээхэд тусалсан юм.

Таны худалдан авагчид хэн бэ? "Алекса Чангийн стильтэй бүсгүй" гэх ойлголт бий юу?

Тйим ээ, байгаа. Гэхдээ миний бодлоор тэрхүү бүсгүйн хэв маяг улирал солигдох бүрд даган солигддог. Бид одоогоор жилд дөрвөн цуглуулга гаргахаар бэлдээд байна. Тэдгээр цуглуулгуудын анхан шатны гүйцэтгэл дээр ажиллаж байх хугацаанд миний толгойд маш олон төрлийн бүсгүйчүүд төсөөлөгдсөн. Миний хувцаслах бүсгүйчүүд нэгэн хэвийн биш юм. Тэдгээр бодит бус бүсгүйчүүдийн ачаар би брэндийнхээ ДНХ-г тодорхойлж, уран бүтээл туурвих урам зориг авсан. Харин миний худалдан авагчдын тухай гэвэл миний урласан хувцсыг хэн ч хамаагүй, ядахдаа хэн нэгэн авах болов уу л гэж би найдаж байна. (Инээв). Гэхдээ хамгийн гол нь бусад хүмүүс миний санааг хэрхэн өөрсдийнхөөрөө загварчилж, өдөр тутмын хувцаслалтдаа нэвтрүүлэх нь надад их сонирхолтой байна. Би хөгжмийн уран бүтээлчдийн маш олон ярилцлага уншиж байсан. Тэд бүгд уран бүтээлийнхээ үндсэн санааг хэлэлгүй орхихыг хичээдэг. Ингэснээр тэд хүмүүст аливаа зүйлийг өөрийнхөөрөө хүлээн авах боломжийг олгодог юм.

Яг л үүний адил би ч бас зөвхөн нэг төрлийн бүсгүйгээр загваруудаа хязгаарлахыг хүсэхгүй байна. Мөн мэдээж хэрэг би аль болох ухаалаг, практикт тустай, Их Британийн уур амьсгалыг агуулсан дэгжин хувцас бүтээхийг зорьсон.

Бюро 24/7 ярилцлага: Алекса Чанг, "Өөрийгөө шинэ дүрд туршиж үзэхээс хэзээ ч бүү ай" (фото 2)

Цуглуулгын зарим хэсэг үнэхээр л Их Британийн уур амьсгалыг маш ихээр агуулсан байна лээ. Гэхдээ зарим хувцаснууд илүүтэйгээр Нью-Йорк хотын аль эсвэл бүр Хятадын ретро загварыг санагдуулж байсан. Та цуглуулгадаа хэрхэн ийм зэргийн их хотын хэв маяг оруулж чадсан бэ?

Миний бодлоор ийм үр дүнд хүрэхэд надад Бурхан тус болсон. Брэнд гэх энэ том машиныг төрөл бүрийн гарал үүсэлтэй хүмүүс ажиллуулдаг. Харин би энэ машины жолоог барьж буй бүтээлч захирал юм. Тийм ээ, цуглуулга бүтээнэ гэдэг бол юуны түрүүнд багийн ажил. Гэхдээ миний алсын хараа, мэдрэмж үүнд гол үүрэг гүйцэтгэсэн. Би Лондонд долоон жил, дараагаар нь Нью-Йоркд нэлээд хэдэн жил өнгөрүүлсэн тул эдгээр хотууд миний хувийн стильд хэрхэн нөлөөлснийг ихэд тунгаасан. Энэ нь ч цуглуулгад тусгалаа олсон байх. Нөгөөтээгүүр бид уг цуглуулгыг ердөө л "Алекса Чангийн хувцасны шүүгээ" болгохыг хүсээгүй. Бид үүнээс илүү зүйлийг хүсэж, том зорилтын дагуу ажилласан.

Та загварын зах зээлд ямар байр суурь эзлэхийг хүсэж байна вэ?

Эхэндээ би санаатайгаар янз бүрийн төлөвлөгөө ба маркетингийн судалгаа гаргаагүй. Би аль болох зөн совиндоо итгэж, хүсэл мөрөөдлөө дагасан. Гэхдээ Их Британийн зах зээлд боломжийн үнэтэй атлаа чанартай хувцас санал болгох брэндийн орон зай үүссэн. Тийм ч учраас би "боломжийн үнэтэй тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн" ангиллын брэнд гаргахыг шийдсэн. Цаашид ч энэ чиглэлээр ажиллах болно.

Бюро 24/7 ярилцлага: Алекса Чанг, "Өөрийгөө шинэ дүрд туршиж үзэхээс хэзээ ч бүү ай" (фото 3)

Таны шүтэн бишрэгчдийн талаар ярилцах гэсэн юм. Та дэлхийн өнцөг бүрт маш олон тооны шүтэн бишрэгчидтэй. Цуглуулга гаргах болсон мэдээг тань тэд хэрхэн хүлээж авсан бэ?

Миний бодлоор энэ нь тэдний хувьд гэнэтийн зүйл байгаагүй. Би 2010 оноос эхлэн бусад брэндүүдтэй хамтран капсул цуглуулга гаргаж ирсэн. Гэхдээ мэдээж хэрэг тухайн үед би өөрийгөө жинхэнэ дизайнер гэж бодож байгаагүй. Instagram ба Twitter хуудсанд анхны цуглуулгаа гаргах болсон тухай мэдээллийг нийтлэхэд хүмүүс маш эерэгээр хүлээж авсан. Гэхдээ бодит үр дүнг харж, мэдэрсний дараа тэд ямар хариу үйлдэл үзүүлэх нь их сонирхолтой байна. Тэдэнд таалагдана байх гэж найдаж байна!

Уг цуглуулга дээр ажиллахдаа та ямар хүмүүстэй хамтран ажилласан бэ? Ямар хүмүүс танд дизайнер болох урам зориг өгсөн бэ?

Би ихэвчлэн загварын салбартай шууд хамааралтай биш хүмүүстэй хамтарч, тэднээс урам зориг авдаг. Жоан Дидион, Нора Эфрон, Лорен Хаттон, Жейн Биркин, Дэвид Хокни, The Beatles, The Rolling Stones гэх мэт өөрсдийгөө хэн гэдгийг тодорхой мэддэг, бусдын үзэл бодлоос хараат бус байдаг, өөрсдийн гэсэн хэмнэлээр амьдардаг хүмүүс надад ойр байдаг.

Дизайнер хүний ямар хувийн зан чанарууд хамгийн чухал вэ?

Хошин мэдрэмж үргэлж надад тусалдаг шүү. Энэ бол маш хэцүү ажил шүү дээ. Тиймээс өөрийгөө шоолох чадвартай байна гэдэг аливаа хэцүү нөхцөлд аварч гарах чухал зан чанар юм.

Залуу дизайнеруудад өгөх зөвлөгөө бий юу?

Залуу дизайнеруудад зөвлөгөө өгнө гэдэг миний хувьд хүндрэлтэй. Учир нь тэд аль хэдийнээ дизайнер болчихсон хүмүүс харин би бол дөнгөж энэ дүрийг хүлээн авч буй нэгэн юм. Би загварт нэлээд оройтож орсон. Их Британийн хотын захаас гаралтай бүсгүйн хувьд би энэ 2017 онд загварт амжилттай ажиллаж байгаа нь маш азтай хэрэг.

Өгч чадах цорын ганц зөвлөгөө гэвэл өөрийгөө төрөл бүрийн дүрд туршиж үзэхээс хэзээ ч бүү ай. Ямар ч чиглэл рүү хийсэн, ямар ч алхам зөв замаа сонгоход тань тусална. Чин сэтгэлээсээ сонирхох ажлаа олох нь л чухал.

Загварын салбар сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Мөн энэхүү шинэ эрин үед залуу дизайнеруудад амжилт олоход илүү хялбар болсон уу?

Би өөрөө залуу бүсгүй биш ч, дизайнерын хувьд дөнгөж гараагаа эхлүүлж байна. Загварын салбарт нэг л зүйл огтхон ч өөрчлөгдөөгүй. Тэр нь хичээл зүтгэл юм. Хичээл зүтгэл ба хамтран ажиллаж буй хүмүүстэйгээ сайхан харьцах чадвар үргэлж үр дүнгээ авчирна.

Харин бусад зүйлсийн хувьд их хэмжээний өөрчлөлт орсон. Олон нийтийн сүлжээ ба интернет нь брэндүүдэд нэгэн зэрэг тус ба саад болж байна. Нэг талаас хараад үзэхэд энэ үед хүмүүст өөрийнхөө алсын харааг ойлгуулахад илүү хялбар болсон. Гэхдээ нөгөөтээгүүр бусдаас ялгарахын тулд сурталчилгааны маш онцгой стратеги хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Та есдүгээр сард гарах дараагийн цуглуулгынхаа талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

Юутай ч дараагийн цуглуулга анхныхаас тэс ондоо байх болно. Илүү этгээд, хар бараан уур амьсгалтай болно ч гэж хэлж болох юм. Энэ цуглуулга миний хар хошигнолд хэр дуртай болохыг хүн бүрд харуулах байх гэж бодож байна.

Тэсэн ядан хүлээж байя!

Би ч бас тэсэн ядан хүлээж байна шүү! (Инээв).

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх