Хайх

Хэт туранхай моделиудыг ажилд авахыг хориглосноор загварын салбарт өөрчлөлт орох уу?

Франц улсад хэрэгжиж буй шинэ хууль ямар үр дүнд хүргэх вэ

1980-аад онд загварын салбарт хэт тачаангуй байдал ноёрхож, супер моделиудын алтан үе тохиож байсныг та санаж байгаа байх. Гэхдээ тун удалгүй тэдгээр супермоделиудын оронд Кейт Мосс анхаарлын төвд өртөж, олон нийтийн спортлог бөгөөд тачаангуй галбиртай байх хүсэл ор сураггүй алга болсон билээ. Тухайн үед бүгд л туранхай болохыг нэгэн зэрэг хүсч эхэлсэн. Нэг талаас хараад үзвэл Кейтийн уламжлалт бүс, тийм ч эмэгтэйлэг биш төрх, мөн дундаж нуруутай бие галбир загварын салбарт нэг төрлийн хувьсал авчирж, гоо үзэсгэлэн гэх ойлголтын хэмжээ хязгаарыг багахан ч болов уу тэлж өгсөн. Гэхдээ нөгөөтээгүүр Кейт Моссын эффект "хероин шик" гэх ойлголтыг дэлгэрүүлж, эрүүл бус тураалын эх үүсвэр болсон байдаг.

Бодоод үзэхэд анорексик маягийн туранхай галбир Кейтийг загвараас гарах үед нэн даруй утгаа алдаж, түүний хамтаар алга болох учиртай байсан мэт санагдана. Гэтэл Кейтийн загварын ертөнц дэхь оргил үе дууссан ч, туранхай байх хүсэл бүсгүйчүүдийг орхилгүй саяхныг хүртэл нийтлэг хэвээр байлаа. Харин сүүлийн үед нөхцөл байдал бага багаар зөв чиглэл рүү орж байгаа гэлтэй. 2010 оны эхэн үеэс эхлэн поп соёлд феминизмийн давлагаа үүсэж, загварын салбарт "олон талт байдал", "body positive" гэх зэрэг ойлголтууд сонсогдох боллоо. Орчин үед Instagram дахь одууд супер загвар өмсөгч болон хувирч, дизайнерууд нийгэм дэхь эрх тэгш байдал ба хувь хүний өөрөөрөө байх эрхийг хамгаалж байна. Арьсны өнгө, биеийн хэмжээ, хүйсийн харьяалал зэргээс үл хамааран хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнг мэдрэх боломжтой болж байна.

Хэт туранхай моделиудыг ажилд авахыг хориглосноор загварын салбарт өөрчлөлт орох уу? (фото 1)

Энэ давлагааны хүрээнд Франц улс загварын салбарт хэд, хэдэн өөрчлөлт оруулахыг хүслээ. Уг улсын төр засаг эрүүл бус туранхай байдлыг сурталчлахыг хориглож, томоохон брэндүүдийн сурталчилгаануудад цензур тавьж эхэлсэн. Хэвлэл мэдээллээр цацагдах эрхээ хасуулсан ийм зэргийн сурталчилгааг Saint Laurent ордон гаргаж, тухайн үеийн шуугианы гол дүр болж байсан удаатай. Тэр ч бүү хэл брэндийн тус сурталчилгаа Франц улсыг сурталчилгааны чиглэлийн "сексизм"-ийн эсрэг тогтоол гаргахад хүртэл нөлөөлсөн байдаг. Загварын салбарт өөрчлөлт оруулах анхны дорвитой алхмаа хийснийхээ дараагаар Франц улс мөн хэт туранхай загвар өмсөгчдийг ажилд авахыг хориглосон хууль баталж, энэ сарын эхээр уг хуулийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл одооноос эхлэн загвар өмсөгчид биеийн жингийн индекс нь хэвийн болохыг баталсан эмчийн бичиг үзүүлсэн тохиолдолд ажилд орох эрхтэй болж байна. Мөн ажил олгогч энэ хуулийг зөрчсөн тохиолдолд 75,000 евро хүртэлх торгууль төлөх эсвэл зургаан сар хүртэлх хугацаагаар хорих шийтгэл хүртэхээр тогтоогдсон юм. Ингэснээр хууль батлагчид нэг талаасаа загвар өмсөгчдийн эрүүл мэнд ба эрхийг хамгаалж, нөгөө талаасаа нийгэмд эрүүл бус стандарт үүсэхээс урьдчилан сэргийлж, залуу бүсгүйчүүдийн сэтгэхүйд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдлыг багасгаж байна.

Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн хоёрдугаар хэсэгт мөн фотошопын ачаар янзалсан бүх зургуудыг "retouchée" гэх тэмдэглэгээтэй болгох заалт хавсрагдсан байгаа. Аливаа сэтгүүл, сонин ба вебсайт дээр ашиглагдах брэндүүдийн сурталчилгааны зургууд бүгд энэхүү шаардлагыг биелүүлэх ёстой болж байна. Ийм заалт оруулах болсон шалтгаан нь мөн адил бодит байдлыг үнэн зөвөөр нь харуулж, олон нийтийн сэтгэхүйг бодит бус зүйлээс хамгаалахад оршиж байгаа юм.

Хууль хэрэгжээд удаагүй байтал Данийн загвар өмсөгч Улрикк Хойер өөрийн Facebook хуудаснаа гомдол илэрхийлж, нэгэн шинэ маргаан үүсгэсэн. Өнгөрсөн долоо хоногт модель бүсгүй Louis Vuitton брэндийн аяллын шоуны үеэр ялгаварлан гадуурхагдаж, "хэтэрхий том хэмжээтэй" биенээсээ болж загварын шоунд оролцох эрхээ хасуулсан юм. Загвар өмсөгчийн хэлж буйгаар зохион байгуулагчид түүнийг шоу болохоос 24 цагийн өмнө уснаас өөр юу ч идэж, уухгүй байхыг шаардсан бөгөөд бүсгүй шаардлагыг биелүүлсэн хэдий ч, шоунд оролцохыг нь зөвшөөрөөгүй гэнэ. Хойер мөн ихэнх загвар өмсөгчид сонгон шалгаруулалтад тэнцэхийн тулд өдөр бүр ялгаварлан гадуурхах үзэлтэй нүүр тулгарч, өөрсдийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа аж.
Хэт туранхай моделиудыг ажилд авахыг хориглосноор загварын салбарт өөрчлөлт орох уу? (фото 2)
Гэхдээ шинэ хууль баталснаар загварын ертөнцөд гүн нэвчсэн асуудлыг бүхлээр нь шийдэх боломжгүй гэдгийг онцлох нь зүйтэй байх. Сануулж хэлэхэд ижил төрлийн хуулийг Итали ба Испани улсууд 2006 онд хэрэгжүүлж байсан түүхтэй юм. Гэсэн хэдий ч өнөөдөр загварын тайзууд дээр туранхай моделиуд давамгайлсан хэвээр байна. Мэдээж хэрэг шинэ хуулийн дарамтан доор загварын агентлагууд (учир нь шинэ хууль зөвхөн тэднийг чиглэж байгаа) заасан стандартад тэнцэх моделиудыг ажилд авах ч, брэндүүд болон сонгон шалгаруулалтын захирлууд загвар өмсөгчдөд хатуу шаардлага тавьсан хэвээр байх өндөр магадлалтай. Бодит бус хэдий ч хамгийн гол нь маш үзэсгэлэнтэй дүр зураг бүтээх зорилгыг урдаа тавьдаг загварын салбарт залуу бүсгүй турахыг хүсэхгүй бол загвар өмсөгчөөр огтхон ч ажиллахгүй байж бас болно шүү дээ гэх үзэл бодол нийтлэг байдаг. "Алдартай брэндийн загварын тайз дээр гарахын тулд ямар ч буулт хийхэд бэлэн олон зуун бүсгүйчүүд олдоно шүү дээ" гэж салбарынхан боддог. Хэрвээ Франц улсад хэрэгжиж эхэлсэн уг хууль дэлхий даяар мөрдөгдөж эхэлбэл эсрэг эффект үүсэх эрсдэл ч бас бий. Бүсгүйчүүд нэгэн зэрэг жин нэмэхийг хүсэж, өөрсдийгөө өөр нэгэн хэмжээ хязгаарт оруулах зорилгоор бас л зовж эхэлнэ. Мөн загварын агентлагууд санхүүгийн эрсдэлд өртөж, уг дүрмийг тойрч гарах бусад арга замуудыг хайж эхэлнэ.

Түүнчлэн фотошопын ачаар янзалсан зургийг тэмдэглэх хууль нь маш хоёрдмол утгатай шийдвэр болж байна. Олон нийт аль хэдийнээ удаан хугацааны турш сэтгүүл дээрээс төгс зураг харсны үр дүнд, өндөр хүлээлттэй болчихсон. Нийгэм одоо сэтгүүл дээр фотошоп бараг хэрэглээгүй зураг харах үедээ таагүй мэдрэмж авдаг болсон. Леди Гага эсвэл Лина Данэмийн огтхон ч янзлаагүй бодит зургууд олон нийтийн сүлжээнд ямар их дургүйцэл үүсгэдгийг харахад л хангалттай шүү дээ.

Үүнээс харахад Франц улсын хэрэгжүүлсэн шинэ хууль эрүүл бус туранхай байдлын ухуулгыг харьцангуй багасгаж чадах нь үнэн байх. Мөн янзалсан зургийг тэмдэглэх заалт биднийг бага ч болов уу бодит байдал руу буцаан аваачих байх. Гэхдээ энэ бүгд загварын ертөнцөд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулж чадахгүй л болов уу. Сонгон шалгаруулалтын захирлууд, гэрэл зурагчид, дизайнерууд, мөн мэдээж хэрэг загвар өмсөгчид өөрсдийнхөө тогтсон үзэл бодлыг өөрчилж чадсан үед л бид жинхэнэ өөрчлөлтийг олж харна. Энэ бүгдээс үүдээд шинэ үеийн залуучуудын үзэл бодол ч бас өөрчлөгдөнө. Загварын салбарын олон нийтэд нээлттэй тал нь сүүлийн жилүүдэд эерэг уриа, олон талт байдал, чөлөөтэй сэтгэлгээгээр баяжиж байгаа ч, тэнцвэрт байдал үүсэх болоогүй байна. Биднийг маш урт зам хүлээж байна. Мэдээж хэрэг Францын хууль бол биднийг гэрэлт ирээдүй рүү хөтлөх том алхам бөгөөд бусад орнууд ч бас уг жишээг дагах хэрэгтэй. Гэхдээ шинэ хууль үнэхээр өөрчлөлт авчирч чадах эсэхийг цаг хугацаа л харуулна.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх