Хайх

Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Мэрил Стрип ба power dressing

Алдарт жүжигчний стильд феминизмийн итгэл үнэмшил хэрхэн нөлөөлсөн тухай

Кино урлагийн түүхэнд хамгийн олон удаа "Оскар"-т нэр дэвшиж байсан жүжигчин Мэрил Стрип уг наадмаас гурван шагнал хүртэж, "Алтан Бөмбөрцөг"-ийн тоогоороо рекорд эвдэж, мөн "Эмми" болон бусад олон шагналын эзэн болж байсан гавьяатай нэгэн юм. Тэрээр 1980-аад онуудад алдрынхаа оргилд хүрч, өнөөдөр Холливүүдийн хамгийн авьяастай, чадварлаг бөгөөд  домогт жүжигчдийн нэгээр тооцогддог билээ.

Хувцаслалтын тал дээр Мэрил Стрип үргэлж хэнд, хэрхэн харагдахыг огт тоодоггүй мэт, хэнэггүй хэв маяг бүрдүүлсээр ирсэн. Тэрээр санаатайгаар ийм стиль бүрдүүлдэг эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй ч, жүжигчин бүсгүй хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө "хувцасны талаар аль болох бага боддог" хэмээн хэлж байсан удаатай юм. Мэрилийн хэлснээр бол түүнд ямар даашинзыг ямар гуталтай хослуулах вэ гэж бодож суухаас илүү чухал хийх зүйлс олон байдаг тул тэрээр ийнхүү хувцаслалтад ямар нэгэн ач холбогдол өгдөггүй аж. Гэхдээ Мэрил үнэн хэрэгтээ 1980-аад онуудад тийм ч хэнэггүй биш, харин ч эсрэгээрээ загварлаг хувцасладаг байсныг түүний шүтэн бишрэгчид сайн мэднэ. Феминист үзэл бодолтой тэрээр тухайн үед power dressing стилийг онцолж, "Manhattan" кинонд аль нэг хүйсэнд хамрагдахгүй шик төрх бүрдүүлж, мөн "Kramer vs. Kramer" бүтээлдээ гурвалжин захтай сул цамц ба oversize тренч цуваар гангардаг байсан билээ. Өргөн мөртэй пиджак ба хуниастай юбканы хослол, торгон цамцан доор өмссөн ковбой гутал, эрэгтэй хувцасны шүүгээнээс "зээлдсэн" мэт өргөн эсгүүртэй гадуур хувцас зэрэг нь Стрипийн нэрийн хуудас болсон стиль юм. "Хувцасны талаар аль болох бага боддог" хүн ийм загварлаг хувцасладаг бол бид ч бас түүнээс үлгэр дууриалал авах хэрэгтэй болов уу гэж бодогдлоо.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх