Хайх

\"Mongolia’s Next Top Model”-ын оролцогчид гэрээгээ байгууллаа

"Mongolia’s Next Top Model”-ын оролцогчид гэрээгээ байгууллаа

Хэвлэлийн бага хурлын дараа

Text: Ө.Тодгэрэл


Britian's Next Top Model нэвтрүүлгийн 12 улиралд ерөнхий продюсероор ажилласан Марти Рэдмэн Монголын дараагийн шинэ топ моделийн анхны шалгаруулалтанд оролцсон байна. Өнөөдөр тус тэмцээнд шалгарсан 16 оролцогчидтой албан ёсны гэрээ байгууллаа

Өнөөдөр "Mongolia's Next Top Model" нэвтрүүлгийн хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа. Тус хуралд "Монгол масс медиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра, нэвтрүүлгийн ерөнхий продюсер Ө.Содгэрэл, зөвлөх продюсер Марти Рэдмен, "Боловсрол" телевизийн гүйцэтгэх продюсер Ч.Мядагмаа, хөтлөгч ба шүүгч Нора, шүүгч Т.Нансалмаа нар оролцож, нэвтрүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Америкийн CBS телевизийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа энэхүү шоу нэвтрүүлэг нийт 16 дугаараас бүрдэх бөгөөд хоёр сарын турш үргэлжилнэ. Нэвтрүүлэгт 220 гаруй охид бүртгүүлснээс гурван шатны шалгаруулалтын дараа 22 охин үлдсэн ба Шангри-Ла Моллд хийгдсэн эхний дугаарын бичлэгт 16 шилдэг охин шалгарсан байгаа. Бид нэвтрүүлгийн анхны дугаар гарсны дараа оролцогчдын дэлгэрэнгүй танилцуулгыг та бүхэнд хүргэх болно. Тэднээс шилдэг нэг оролцогч 20 сая төгрөг, Парис хотоор аялах эрх зэрэг гайхалтай шагналуудын эзэн болох юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр А.Амундра "Гэр Контент" группын харьяа Боловсрол телевиз 2017 оны контентын нээлтийг энэхүү дэлхийд танигдсан шоугаар эхлүүлж байгааг мэдэгдэж, нэвтрүүлгийн баг хамт олныг танилцууллаа.

"Mongolia’s Next Top Model”-ын оролцогчид гэрээгээ байгууллаа (фото 1)

"Mongolia's Next Top Model" төслийн ерөнхий продюсер, шоуны удирдагч Ө.Содгэрэл уг шоу нэвтрүүлэг Монголын загварын ертөнцийг дэлхийн тавцанд гаргах гарц болж өгнө гэж мэдэгдлээ. "Загварын ертөнц гэдэг асар хурдацтай хөгжин шинэчлэгдэж байдаг салбар. Харин бид энэхүү хөгжлөөс тасрахгүйгээр хөл нийлүүлэн алхах нь маш чухал болоод байна. Монголын загварын ертөнц өдөр ирэх тусам хөгжиж, хүрээгээ тэлж байгаа ч бид олон улсад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн модель, дизайнертай болох нь хамгийн чухал. "Mongolia's Next Top Model" нэвтрүүлэг энэ гарцыг нээж өгнө. Бид уг төсөлдөө Монголын хамгийн шилдэг дизайнер, нүүр хувиргагч, үсчин, стилист ба зураг авалтын багтай хамтран ажиллаж байгаа. Тиймээс бидний бэлдэх загварын шоу, зураг авалт гээд бүх зүйл төгс гүйцэтгэлтэй болно гэдэгт итгэлтэй байгаа" гэж Ө.Содгэрэл ярьлаа.

"Mongolia’s Next Top Model”-ын оролцогчид гэрээгээ байгууллаа (фото 2)

Шоу нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч Нора энэхүү түүхэн, том төслийн нэг хэсэг болсондоо талархаж буйгаа мэдэгдээд, бүх л хүч чадал мэдлэг боловсролоо дайчлан ажиллана гэдгээ амлалаа. "Энэ нэвтрүүлэг манай Монголын загварын салбарт том хувь нэмэр оруулна гэж би бодож байна. Бид нэгэн хэвийн алхаа, ижил төрлийн зогсолттой зураг авалтаас татгалзаж дэлхийн загварын чиг хандлага, хөгжилд ойртон ажиллах цаг болсон. Уг нэвтрүүлгээр дамжуулан бид Монголын загварын салбарын онцлог, загвар өмсөгчдийн амьдрал болон бусад хөшигний арын сонирхолтой зүйлийг харуулах болно. Зөвхөн зураг авахуулахдаа биш, хэрхэн тэвчээр хатуужилд суралцах, хэрхэн зөв хүн болж төлөвших, биеэ зөв авч явах, өөрийгөө илэрхийлэх гээд олон чухал ухааныг ойлгуулж, бэлтгэж гаргах болно" хэмээн Нора хэлсэн байгаа.

"Mongolia’s Next Top Model”-ын оролцогчид гэрээгээ байгууллаа (фото 3)

Шүүгч Т.Нансалмаа хамгийн дайчин, өсөн дэвжих боломжтой, өвөрмөц, шилдэг моделиудыг бэлтгэж гаргах зорилготой байгаа гэж хэллээ. Тэрээр "Дизайнерууд болон Монголд үйл ажиллагаагаа явуулж буй бүх брэндийн удирдлагууд өөрсдийн реклам сурталчилгааны шинэ дүр төрхийг тодруулахаар энэхүү шоу нэвтрүүлгийг маш анхааралтайгаар үзнэ байх гэж найдаж байна" гэж ярьсан юм. 

Боловсрол телевизийн гүйцэтгэх продюсер Ч.Мядагмаа нэвтрүүлгийн бэлтгэл ажил болон бичлэгийн бүх үйл явц олон улсад мөрдөгддөг дүрмээр хийгдсэнийг онцлон хэлсэн юм. Ч.Мядагмаа мөн нэвтрүүлгийн үндсэн ивээн тэтгэгчээр үндэсний оператор "G-Mobile" ажиллаж, олон улсын дижитал сэтгүүл "Бюро 24/7", "Номин Фэйшн", "Үнэгүй.мн", "Nivea" болон "Хийморь хотхон" нар хамтран ажиллаж байгааг дурдлаа.

"Mongolia’s Next Top Model”-ын оролцогчид гэрээгээ байгууллаа (фото 4)

Харин энэхүү нэвтрүүлгийн зөвлөх продюсероор "Britain's Next Top Model" нэвтрүүлгийн 12 улирлын ерөнхий продюсероор ажилласан туршлагатай Марти Рэдмен ажиллаж байна. Тэрээр нэвтрүүлгийн эхний дугаарт ажиллахдаа монгол моделиудын гайхалтай ур чадвар, уран бүтээлчдийн зохион байгуулалт зэргийг харж, сэтгэл хангалуун байснаа илэрхийллээ. Бид Марти Рэдментэй ганцаарчлан уулзаж цөөн хэдэн асуулт асуусныг тоймлон хүргэе.

Анх хүмүүсийн анхаарлыг тийм ч ихээр татаагүй зарим чимээгүй охид нэвтрүүлгийн явцад ур чадвараа дээшлүүлж, өөртөө илүү их итгэлтэй болж, камерын урд "амилдаг". Ихэнх тохиолдолд тэдгээр чимээгүй охид ялагчаар тодордог. 

Өчигдөр та нэвтрүүлэгт шалгарсан бүх охидыг өөрийн нүдээр харж, эхний дугаарын бичлэгт биечлэн ажилласан байгаа. Үүний дараагаар та ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?

Миний сэтгэл маш их хөдөлсөн шүү. Бүх зүйл үнэхээр их таалагдсан. Миний бодлоор шалгарсан бүх охид гайхамшигтай байсан. Эхний дугаарт бид зарим охидыг нэвтрүүлгээс хасч, 16 шилдэг охин авч үлдэх шаардлагатай байсан бөгөөд энэ нь үнэхээр хэцүү даалгавар байсан шүү. Тэд бүгд л маш чадварлаг охид байсан. "Britain's next top model" нэвтрүүлгийн ерөнхий продюсероор ажилласан туршлагаасаа харахад тэдгээр охид бүгд шоунд үлдэх бүрэн боломжтой байсан.

Тэр дундаас танд таалагдсан ямар нэгэн онцгой оролцогч байсан уу?

Байсан шүү. Хоёр, гурван онцгой оролцогч анхаарлыг минь ихэд татсан. Гэхдээ харамсалтай нь би үүнийг одоогоор хэлж болохгүй.

Таны туршлагаас харахад нэвтрүүлгийн ялагч анхнаасаа бусдаас онцгой, шилдэг байдаг уу?

Тийм байх албагүй ээ. Учир нь топ модель хүн зөвхөн сайхан дүр төрхтэй биш, мөн өөрийн гэсэн өвөрмөц зан чанартай байх ёстой юм. Энэхүү нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой элементүүдийн нэг бол бид оролцогч охидын өөрчлөлтийг нүдээрээ хардаг. Анх хүмүүсийн анхаарлыг тийм ч ихээр татаагүй зарим чимээгүй охид нэвтрүүлгийн явцад ур чадвараа дээшлүүлж, өөртөө илүү их итгэлтэй болж, камерын урд "амилдаг". Ихэнх тохиолдолд тэдгээр чимээгүй охид ялагчаар тодордог. Гэхдээ ерөнхийдөө бүх зүйл маш гэнэтийн байдаг юм. Ялагчийг урьдчилан таамаглах хэцүү шүү. Энэ нэвтрүүлэг үүгээрээ л их сонирхолтой.

Таны бодлоор нэвтрүүлгийн ялагч ямар ур чадвар, зан чанартай байх ёстой вэ?

Мэргэжлийн өнцгөөс хараад үзвэл ялагч моделийн хамгийн гол шалгуур бол хувирах чадвар юм. Мэдээж хэрэг тэр мөн сайн алхах чадвартай байх ёстой. Загвар өмсөгч хүн олон брэндтэй хамтран ажиллах шаардлагатай болдог. Брэнд бүр, дизайнер бүр мөн зурагчин бүр өөрийн гэсэн онцлогтой дүр төрхийг хайдаг. Тиймээс зураг авалт бүрдээ шинэ төрх гаргаж, хувирдаг моделиуд хамгийн шилдэгт тооцогддог юм.

цааш үзэх