Хайх

Миний нүд пастель өнгө ажиглаж байна

Миний нүд пастель өнгө ажиглаж байна

Хаа сайгүй

Text: Ө.Тодгэрэл


Пастель гэх ойлголт анх хөөсөн чихэр, бохь, эсвэл макарон зэрэг бидний дуртай амттануудтай холбоотой байсан бол одоо харин хүрээгээ тэлж, “дэлхийг эзлэх” боллоо

Ямар ч тод эсвэл бараан өнгийг ялан дийлэх пастель ертөнцөд тавтай морилно уу. Анх 1980-аад онд дэлгэрч байсан энэхүү өнгөний иж бүрдэл улирал бүр ямар нэг хэмжээгээр моодонд ордог уламжлалтай болсон билээ. Аль 2008 оноос л гадуур хувцасны салбарт ажиглагдаж эхэлсэн энэ өнгөний тренд 2016 онд ч хүчтэй хэвээр байна. Харин ч эсрэгээрээ бүр илүү их тэлж, цар хүрээ нь явж өгч байна. Дэлхийн алдартай дизайнерууд "хавар-зун 2016" улирлын загварууддаа уран зургийн ертөнцөөс урам авч, сэтгэл тайвшруулах, аз жаргал мэдрүүлэх зөөлөн өнгөний иж бүрдэл олныг сонгосон.

Stella McCartney-гийн цуглуулга дахь зөөлөн ягаан, Roberto Cavalli-гийн тоорын өнгө, Christian Dior-ын усан цэнхэр, Oscar de la Renta-гийн минт ногоон, Tadashi Shoji-гийн цайвар хөх ягаан, мөн Prabal Gurung-ийн бүүдгэр шар өнгөнүүд пастель туяаны иж бүрдлийн хамгийн тод жишээнүүд болж байгаа юм. Тэгэхдээ энэ улиралд зөвхөн аль нэг хувцас эсвэл ямар нэгэн аксесуараа пастель өнгөөр сонгох биш, харин бүхэл төрхөө зөөлөн өнгөөр бүрдүүлэх нь илүү дэгжин бас эмэгтэйлэг харагдах болно. Өөрөөр хэлбэл үснээсээ эхлээд хөл хүртлээ пастель өнгөөр чимэх боломж танд энэ улиралд нээгдлээ.

Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 1)

Загварын ертөнц дэх пастель дэлбэрэлт

Пастель өнгө эмэгтэй бүрийг илүү өхөөрдөм, эмэгтэйлэг, романтик, бас тачаангуй болгодог увдистай. Одоогийн байдлаар загварын ертөнцөд жинхэнэ пастель галзуурал өрнөж байгаа. Хувцас, цүнх, аксесуар, гутал гээд эмэгтэй хүний шүүгээнд байдаг бүх л зүйлс зөөлөн өнгөөр будагдаж эхэллээ. Хүн бүрт сайхан зохидог эдгээр өнгөнүүд, бусад тод бас бараан өнгөтэй ч мөн адил асуудалгүй зохицдог юм. Гэхдээ мэдээж хэрэг баримтлахад илүүдэхгүй ганц хоёр дүрэм бий. Тунг нь хэтрүүлчихвэл сайхан зүйл хүртэл аймшигтай болж хувирдаг шүү дээ. Тэгэхээр энэ трендийг хоёр аргаар өмсөхийг бид санал болгож байна.

-

Нэгдүгээрт пастель өнгийн ямар нэгэн хувцас эсвэл аксесуар сонгож, түүнийгээ байкер гутал гэх зэргийн "ширүүн" хэв маягийн хувцастай хослуулж, гэнэтийн төрх бүрдүүлбэл их сонирхолтой харагдах болно. Хоёрдугаарт дан пастель өнгөөр дагнаж, өөрийнхөө эмэгтэйлэг чанарыг тодотгох сонголт бий. Юутай ч байсан хувцаслалтдаа хэтэрхий олон янзын өнгө оруулахаас зайлсхийгээрэй.

Гоо сайхны ертөнц дэх чихэр шиг будагнууд

Christian Dior, Givenchy, Yves Saint Laurent брэндүүд хавар-зун 2016 улирлын цуглуулгаа пастель өнгөөр тодорхойллоо. Пастель өнгөөр хувцаслаж мөн ижил өнгөөр нүүрээ будах нь арай "хэтэрхий" санагдаж болох тул, аль нэгийг нь сонгохыг санал болгож байна. Гэхдээ зоригтой нэгэнд энэ нь асуудалгүй санагдах байх. Бидний саяхан нийтлэсэн Гоо сайхны 12 тренд өгүүлэлд нүднийхээ дээд бас доод зовхийг өнгө, өнгийн харандаагаар хүрээлэх чиг хандлагын тухай дурдагдсан байгаа. Та туршаад үзээрэй.

Үсээ пастелиэр будах уу?

Өнгөрсөн жилийн турш "эмээгийн" саарал өнгийн тренд ноёрхсоныг та бүгд анзаарсан байх. Харин энэ жилийн дулаан улиралд пастель өнгийн туяанууд загварынхны мөн street style зурагчдын анхаарлын төвд байх шинжтэй байна. Николя Жескьерийн урлагийн тэнгэр Фернанда Лигийн зөөлөн ягаан үс, аль эсвэл Солонгосын алдарт модель ба олон нийтийн сүлжээний "од" Аирин Ким-ийн солонгорсон үснээс санаа аваарай.

Эрчүүд ч бас пастель өнгийг сонгож байна

Сүүлийн гурван улирлын турш загварын салбарт хүйсийн хоёрдмол байдлын чиг хандлага хүчтэй байгааг та анзаарсан байх. Бүсгүйчүүд навсгар хувцас өмсөж, залуучууд торон нэхээстэй цамцаар гоёж байна. Ерөнхийдөө эрэгтэйлэг vs. эмэгтэйлэг хил хязгаар арилж байна гэж ойлгож болно. Gucci-гийн шоу дээрх тоорын өнгөтэй торгон өмд, зөөлөн ягаан бомбер хүрэм, бүүдгэр цэнхэр хослол болон Off-White ба Pigalle брэнд нарын танилцуулсан ягаан өнгийн хүрэм үүнийг баталж байна. Пастель тренд зөвхөн загварын тайз дээр гэлтгүй, мөн их хотын гудамжинд эрчүүд дунд нэг биш удаа ажиглагдлаа.

Улаан хивсэн дээрх пастель ажиглалт

Хоёрдугаар сард болж өнгөрсөн Оскарын шагнал гардуулах ёслол дээр шилдгийн шилдэг одууд пастель өнгөөр гангарлаа. "Шилдэг эмэгтэй туслах дүр" шагналыг хүртсэн Алисия Викандер Louis Vuitton-ы бүүдгэр шар өнгийн даашинз сонгож, Disney-гийн гүнж Беллийг амилууллаа. "Шилдэг эмэгтэй гол дүр" номинацад нэр дэвшсэн Кейт Бланшет уламжлалт ёсоороо бидэнд гэнэтийн бэлэг барьж, яг л үлгэрийн дагина шиг харагдаж байлаа. Түүний өмссөн Giorgio Armani-гийн минт ногоон даашинз олонхийн санлаар үдшийн шилдэг загвараар тодорсон. Харин "Sicario"-д гол дүр бүтээсэн Эмили Блант Prada-гийн зөөлөн ягаан даашинз сонгож улаан хивсэн дээр романтик уур амьсгал нэмж байлаа. Түүнээс гадна Хайди Клум, Дэйзи Ридлей, Андра Дэй гэх үзэсгэлэнт бүсгүйчүүд мөн адил пастель туяа сонгосон байв.

Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 2)

Эцэст нь эдгээр Street style зурагнуудаас өдөр тутмын хувцаслалтын санаа аваарай.

Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 3)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 4)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 5)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 6)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 7)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 8)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 9)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 10)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 11)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 12)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 13)Миний нүд пастель өнгө ажиглаж байна (фото 14)

цааш үзэх