Хайх

Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа

Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа

Street Photography Exhibition үзэсгэлэнгийн хүрээнд

Text: Г.Тэмүүлэн


Зураг, дурсамж хоёр л үлдэх энэхэн хорвоод цаг хугацаа, орон зай, хүмүүний сэтгэлээр аялуулж, түүх өгүүлж чаддаг гэрэл зургийн урлаг юутай гайхалтай. Тэр тусмаа тухайн цаг үеийн хотын амьдрал, эгэл мөчүүд, торгон агшнуудыг тольдох боломж олгодог гудамжны гэрэл зургийн жанр ахин давтагдашгүй дүр зургийг бидэнд харуулдгаараа онцлог. Тэгвэл тэрхүү гудамжны гэрэл зургийн шинэхэн, шилмэл бүтээлүүдээс бүрдсэн Street Photography Exhibition үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сүүдэр маркетингийн агентлагийн дэргэдэх Pixels нэгдэл, Leica брэнд болон “Гудам” фото клубийн хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь гэрэл зурагт хайртай, тэр дундаа гудамжны гэрэл зургийн урлагийг сонирхдог хүн бүхний хувьд мөн манай улсын гудамжны гэрэл зургийн хөгжил дэвшилд нөлөөлөхүйц тун өндөр ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 1)
Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 2)
Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 3)
Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 4)
Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 5)
Сүүдэр агентлагийн баг
Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 6)

“Street Photography Exhibition” үзэсгэлэнг үзэхээр Монголын уран зургийн галерейн гуравдугаар давхарт нэвтэрмэгц цулгай цагаан ханан дээр гэрлээр тодрох нэгэн өгүүлбэр шууд л нүдэнд тусаж, амьдралд гайхалтай мөчүүд олон байдгийг бодогдуулж байлаа. Тэр нь Монголын баримтат гэрэл зургийн төрөлдөө нэр хүндтэй зурагчин Б.Инжинаашийн хэлсэн “Биднийг гайхалтай агшин, гайхалтай кадрууд өдөр бүр хүлээж байдаг. Гагцхүү багахан эрэл хайгуул хэрэгтэй” гэсэн үг байсан юм. Үнэхээр ч галерейн саруулхан танхимаар алхан хананд өлгөөстэй бүтээлүүдийг нэг бүрчлэн ажвал ердийн мэт харагдавч ер бусын мэдрэмж төрүүлж, өнгө, өнцөг бүр нь харц булааж, гайхалтай зургуудыг дарахын тулд гэрэл зурагчид эрэл хайгуул хийсэн нь илт байлаа. Шижигнэтэл ажиллаж буй залуус, тамхиа баагиулан суух хөгшид, хаашаа ч юм яаран алхах эмэгтэйчүүд, аль эсвэл өмнө нь үзэгдэж харагдаагүй өнцгөөс дарсан их хотын архитектурын бүтээлүүд нүдэнд тусаж, мартагдахааргүй сэтгэгдлийг үлдээж байсан нь Монголын гэрэл зурагчдын авьяас чадвар, мэдрэмж ямар түвшинд очсоныг илтгэж өгсөн юм.

Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 7)
Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 9)
“Гудам” фото клуб

Нийт зургаан хоногийн турш үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнгийн үеэр баримтат гэрэл зургийн "Ц.Батзориг" сангийн дэмжлэгээр байгуулагдсан “Гудам” фото клубийн 27 залуу гэрэл зурагчдын 16 долоо хоногийн турш нийт 8 төрлөөр авсан цоо шинэ гэрэл зургийн бүтээлүүд дэлгэгдэж, хүрэлцэн ирсэн үзэгчдийн мэлмийг баясгаад зогсохгүй үйл ажиллагааны хүрээнд салбартаа нөлөө бүхий гэрэл зурагчин, төлөөлөгчдийн ярилцлага, workshop зохиогдож, тэд өөрсдийн арвин туршлагаасаа хуваалцсан билээ. Тэдний нэг нь Германы алдарт Leica брэндийн Төв Азийг хариуцсан захирал Клаус Хауэр байлаа. Тэрээр Street Photography Exhibition үзэсгэлэнд нэгэн эрхэм зорилгыг тээн ирсэн юм.

Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 10)
Leica брэндийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Э.Цогбадрах, гэрэл зурагчин Максим Мармур
Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 11)
Leica брэндийн Төв Азийг хариуцсан захирал Клаус Хауэр, Suuder агентлагийн үүсгэн байгуулагч Т.Мөнхдэлгэр

Тодруулбал үзэсгэлэнгийн үеэр гэрэл зургийн төлөө 150 гаруй жилийн турш тасралтгүй ажиллаж буй алдарт Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдыг дэмжих зорилгоор “Young Mongolian Photographer Award” тэмцээнийг зарлаж, шилдэг нэг оролцогчийг шалгаруулахаар болжээ. “The People of Mongolia” сэдвийн дор зохиогдож буй энэхүү уралдаанд гэрэл зурагчид Монголын ахуй амьдрал, хүмүүсийг дурандаа буулган өөрийн өнцгөөс өгүүлэх юм. Тэмцээний ялагчийг Leica брэндийн зүгээс бүтэн жилийн турш бүхий л гэрэл зургийнх нь төслүүд дээр дэмжин ажиллаж, мөн Улаанбаатар дахь Leica брэндийн дэлгүүрт үзэсгэлэнг нь зохион байгуулж, цаашлаад тэдгээр бүтээлүүдийг нь олон улсад дэлгэх болно. Клаус Хауэр “Монголын залуу гэрэл зурагчдын дунд энэхүү уралдааныг албан ёсоор зарлахаар хүрэлцэн ирсэндээ үнэхээр их баяртай байна. Энэ бол залуу гэрэл зурагчдыг дэмжих, дэлхийд Монгол улсыг таниулах зорилготой тэмцээн. Тиймээс гадагшаа гар, аял, энэ улсын ахуй амьдралыг, хүмүүсийг өөрийнхөө өнцгөөс харуулж, сонирхолтой түүхийг дэлхийд өгүүлээрэй!” хэмээн уриалсныг онцолъё.

Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 12)
Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 13)
Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 14)
Leica брэнд Монголын залуу гэрэл зурагчдын дунд уралдаан зарлалаа (фото 15)

Pixels.mn нь гэрэл зурагчдын бүтээл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх тавцан болон хөгжүүлэлт хийгдэхээр төлөвлөгджээ. Ийн дотоод болон гаднын зах зээлд өрнөж буй шинэ содон мэдээлэл түгээх, урлагийн тухай боловсрол олгох цоо шинэ сувагтай болж буй баяртай мэдээгээр энэхүү нийтлэлээ төгсгөе.

Pixels

Утас: 9595-9523

Facebook: Pixels.mn

Instagram: @pixelsmn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх