Хайх

Apple гурван шинэ бүтээгдэхүүн танилцууллаа

Шинэ MacBook Air, iPad Pro болон Mac Mini

Text: Г.Тэмүүлэн


Өчигдөр Бруклинд байрлах Ховард Гилман дуурийн театрт Apple компанийн хоёр дах шинэ бүтээгдэхүүний танилцуулга болж өнгөрлөө. Энэ үеэр тэд шинэ MacBook Air, iPad Pro ба Mac Mini гэсэн гурван төрлийн төхөөрөмж танилцуулсан байна. Шинэ бүтээгдэхүүнүүд бүгд 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн худалдаанд гарна. Харин үүнээс өмнө та урьдчилан захиалах боломжтой юм.

Face ID-тай iPad Pro

Apple 2015 оноос хойших хамгийн том шинэчлэлтийг iPad-д хийлээ. Тухайлбал шинэ загвар 11 ба 12,9 инчийн сонголт бүхий илүү том дэлгэцтэй болж, нүүр царай таних Face ID систем суулгагдсан байна. Шинэ iPhone-той адил A12X чиптэй болсон тул өмнөх загвараасаа 90% хурдан, мөн өнгөрсөн жил худалдаанд гарсан бүх зөөврийн компьютеруудаас 92% хурдан үзүүлэлттэй болжээ. Мөн шинэ USB-C холбогчтой болсноор iPhone-оо цэнэглэж эсвэл төхөөрөмжөө илүү том дэлгэцтэй холбож болно. Үүнээс гадна Apple Pencil тусгай соронзын тусламжтай iPad-д холбогдох бөгөөд ингэснээр утасгүй цэнэглэгдэнэ. Олон шинэ зүйл нэмэгдсэн ч чихэвчийн оролт болон "Home" товчлуур алга болсон байна. Шинэ 11 инчийн дэлгэцтэй iPad Pro $799 бол, 12,9 инчийн дэлгэцтэй хувилбар нь $999 үнэтэй худалдаанд гарна.

Retina дэлгэцтэй MacBook Air

Apple компанийн төлөөлөгчид энэхүү шинэ зөөврийн компьютерыг 100% дахин боловсруулсан хөнгөн цагаан ашиглан бүтээсэн бөгөөд хамгийн "ногоон" Mac хэмээн тодорхойлж байна. Шинэ загварт 13,3 инчийн Retina дэлгэц, найм дах үеийн i5 процессор, Touch ID хурууны хээ уншигч суулгаж өгчээ. Мөн шинэ MacBook Air илүү нимгэн бас хөнгөн болсон (ердөө 1,24 кг) байна. Apple-ын шүтэн бишрэгчдийг удаан хугацааны турш хүлээлгээд байсан уг загвар нь алтлаг, мөнгөлөг, саарал гэсэн гурван өнгийн сонголттойгоор $1,199-аас эхлэн худалдаалагдаж байна.

Илүү хурдан Mac Mini

Apple-ын хамгийн жижиг ширээний компьютер 2014 оноос хойш анх удаа шинэчлэгдэн гарч байна. Хар саарал өнгөтэй энэхүү төхөөрөмжийг ч мөн дахин боловсруулсан хөнгөн цагаанаар бүтээсэн байна. Шинэ загварыг найм дах үеийн Intel процессороор тоноглосон тул өмнөх загвараасаа тав дахин хурдтай ажиллах чадвартай болжээ. Харин үнийн хувьд сайжирсан Mac Mini $799-аас эхэлж байна

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх