Хайх

Youtube хүүхдүүдийн хувийн мэдээлэл цуглуулсан хэрэгт буруутгагдаж байна

Тэд 950 тэрбум ам.доллараар торгуулах магадлалтай

Youtube хүүхдүүдийн хувийн мэдээлэл цуглуулсан хэрэгт буруутгагдаж байна

Text: Бюро 24/7

Дижитал Ардчиллын Нэгдсэн Төв, нийт 20 хуулийн фирм болон бусад эрх ашиг хамгаалах байгууллагууд нэгдэн АНУ-ын Холбооны Худалдааны Комисст Youtube тавцантай холбоотой гомдол гаргажээ. Тодруулбал эдгээр байгууллагууд Google компанид харьяалагддаг Youtube тавцанг 13-аас доош насны хүүхдүүдийн хувийн мэдээллийг цуглуулж, сурталчилгаа хийхэд ашигладаг хэмээн буруутгаж байна. Энэ нь хүүхдийн интернет орчин дахь нууцлалын хуулийг зөрчиж байгаа юм. Уг хуулийн дагуу хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулахаасаа өмнө тухайн компани эцэг эхээс нь зөвшөөрөл авсан байх ёстой билээ. 

"Youtube тавцанг ашиглах нөхцөлд зөвхөн 13 наснаас дээш хүмүүст зориулагдсан гэсэн заалт байдаг ч үнэн хэрэгтээ Google хүүхэлдэйн кино, хүүхдэд зориулсан дуу шүлэг, тоглоомын сурталчилгаагаар дамжуулан хүүхдүүдийг урхидаж сурталчилгаагаа харуулдаг. Google ч гэсэн яг л Facebook олон нийтийн сүлжээний адил, хэрэглэгчдийнхээ хувийн нууцлалыг задруулахгүй байх тал дээр ажиллах бус харин ашиг олоход л бүх хүчээ зарцуулж байна" гэж Дижитал Ардчиллын Нэгдсэн Төвийн төлөөлөгч Жефф Честер ярилаа.

Хэдийгээр Youtube-ийн хэрэглэх заалт дээр 13 нас хүрсэн хүмүүс ашиглах ёстой гэж бичсэн байдаг ч хүүхдүүд насаа худал бичиж эсвэл эцэг эхийнхээ нэрээр бүртгүүлэн ашигладаг байх магадлалтай юм. Тэр ч бүү хэл Trendera гэх судалгааны компанийн мэдэгдсэнээр 8-12 насны хүүхдүүдийн 45% нь Youtube тавцанд нэвтрэх боломжтой байдаг гэдгийг онцолжээ.

Мөн дээрх байгууллагуудын мэдэгдсэнээр Youtube хэдэн жилийн турш нийт 23 сая хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулсан байна. Тэгвэл тус компанийг хувийн мэдээллийг нь авсан хүүхэд бүрийн тоогоор 41,484 ам.доллараар торгох магадлалтай гэдгийг CNN агентлаг мэдэгдсэн байна. Хэрэв ингэсэн тохиолдолд нийт торгууль нь ойролцоогоор 950 тэрбум ам.долларт хүрэх юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх