Шүтээнээ дэргэдээс нь: Харри Стайлсын тоглолт үзсэн бодит туршлагаасаа хуваалцъя
Танд хамгийн жаргалтай үеэ хуваалцахаар, аль эсвэл сэтгэлээр унасан бараан өдрүүдийг даван туулахаар дууг нь тултал чангалаад сонсдог хайртай уран бүтээлч байдаг л биз дээ. Магадгүй цугтаа сонсдог найзтайгаа хэзээ нэгэн цагт тоглолтыг нь биеэр үзнэ гээд зорилго тавьсан болов уу. Гэвч тэрхүү зорилгоо биелүүлэхээр үйлдэл хийхгүй байсаар л, нэг л сэтгэл шулуудаж өгөхгүй байна уу? Бага багаар бүдгэрсээр замхраад алга болохоос нь өмнө амьдралдаа заавал нэг удаа дурлан сонсдог уран бүтээлчийнхээ тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлж, харин мөрөөдөж амжаагүй бол яг одоо хийж үзэх зүйлсийнхээ жагсаалтад багтаагаарай. Аз жаргалын даавар өмнө хэзээ ч байгаагүйгээрээ ялгарна гэдэгт итгэлтэй байна.
Энэ нь тийм ч холын зүйл биш гэдэг нь Батчимэг болон Намуун гэх хоёр найзын бодит туршлагаас илэрхий болно. Анх "X Factor" шоунаас One Direction нэрэн дор хамтлаг болон бүрэлдсэн цагаас л шүтэж ирсэн Батчимэг, мөн “Sign of the Time” дуунаас нь эхлэн сонссон Намуун нар Харри Стайлсын тоглолтыг үзэхээр Бангкок хотыг зорьжээ. Тэд олон улсад алдартай уран бүтээлчийн тоглолт үзэхдээ анхаарах хэрэгтэй зүйлсийн талаар, мөн Харригийн шүтэн бишрэгчдэд хэрэг болохуйц сонирхолтой мэдээллийг бидэнтэй хуваалцлаа.
Тоглолт болох хугацаа дөхөх тусам тасалбарын үнэ нэмэгдэж байсан тул аль болох эрт авах нь санхүүд хэмнэлттэй. Тэдний хувьд тайзны урд зогсож үзэх ангиллын тасалбарыг 220 ам.доллараар худалдан авчээ. Харин сууж үздэг ангилал нь 80 ам.доллараас эхэлж байсныг дуулгалаа. Тийм ч тэнгэрт хадсан үнэтэй биш байгаа биз?
Харри Стайлсын тоглолтын VIP тасалбар нь тайзны урд зогсож үздэг энгийн ангилалтай харьцуулахад үнийн хувьд нэлээн зөрүүтэй байжээ. VIP ангилал нь дараалж зогсолгүй түрүүлж орох, нэмэлтээр мерч бүтээгдэхүүн дагалдах давуу талтай байсан ч танхим дотор эзлэх байршлын хувьд энгийн тасалбартайгаа ижил байсан учраас энэ мэт ялгааг нь сайн бодууштай.
Арга хэмжээ зохион байгуулагдахаас өмнө эртлэн очихыг зөвлөлөө. “Бид хоёр тоглолт руугаа дөрвөн цагийн өмнө очсон бөгөөд стадион дээр ирэхэд хэсэг хүмүүс аль хэдийнээ цуглачихсан байсан. Гэхдээ тийм ч их дараалал үүсээгүй байсан тул урдуур орж чадсан” гэдгийг Батчимэг хуваалцсан юм.
Түүнчлэн Тайланд шиг халуун оронд тоглолт үзэх гэж байгаа хүмүүст жижиг хэмжээтэй сэнс авч явахыг хэлсэн билээ. Мөн хэдэн мянган хүн нэг дор цуглардаг гэдэг утгаараа хамартаа түрхэх, эсвэл үнэртэх зориулалттай гавар хэрэг болдог байна. Мэдээж хэрэг стадион руу орохоос өмнө, орсны дараа гээд олон цаг зогсохыг бодолцож, хөлд хамгийн эвтэйхэн гутлаа өмсөх нь чухал билээ.
Харри үзэгчдийн барьж буй самбарыг уншиж, тухайн хүнтэй нь яриа өрнүүлэх дуртай. Батчимэг “Нэг охины самбар дээр бичсэн ‘My first concert ever’ буюу ‘Миний хамгийн анхны тоглолт’ гэсэн бичгийг нь чангаар уншин үзэгчидтэйгээ холбоо тогтоож байсан нь их таалагдсан” гэсэн юм. Харин Харри Стайлс фенүүдийнхээ зүүсэн аксесуараас өөртөө дурсгал болгож авдаг талаар Намуун онцоллоо. “Тэрийг нь мэддэг шүтэн бишрэгчид Харриг авах болов уу гэсэн найдлагаар сонирхолтой аксесуарууд зүүж, бэлтгэлтэй ирдэг юм билээ” гэснийг та бүхэн ч мөн анхааралдаа аваарай. Стадионд цугласан хүмүүсийн дунд өнгө өнгийн ороолт, этгээд хэлбэртэй нүдний шилнүүд зонхилж байжээ.
Харри Стайлс чадварлаг уран бүтээлчийн хажуугаар загварын өндөр мэдрэмжтэй нэгэн. Тэрээр өнгө алагласан цоглог хувцаслалтаараа олон ч загварын сэтгүүлийн нүүрийг чимсээр ирсэн. Тэгвэл Харригийн шүтэн бишрэгчид ч мөн гадаад төрхдөө анхаардаг болох нь тоглолтын үеэр анзаарагдсан байна. “Дараалалд зогсож байхад түүний фэнүүд хүйс хамаарахгүй маш өнгөлөг хувцасладаг нь анзаарагдсан” хэмээн тэд хуваалцсан юм.
Охидын зүгээс “Албан ёсны мерч нь стадионы гадна зарагддаг албан бус мерч бүтээгдэхүүнээс тэс өөр санагдсан. Футболкан дээр гаргасан хээнээс эхлээд бүхий л хэсгийг нь нарийн бодолцож хийсэн гэдэг нь харагдсан” гэсэн бөгөөд дурсамжийг тань илтгэх насан туршийн үнэт зүйл учраас мөнгөө харамлахгүйгээр заавал авахыг уриаллаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт