Энэ жилийн Met Gala үдэшлэгийг дэлхийн хаанаас ч үзэж болно

2021 оны Met Gala үдэшлэг есдүгээр сарын 13-ны өдөр Метрополитен урлагийн музейд зохион байгуулагдахаар товлогдсон билээ. Тэгвэл энэхүү арга хэмжээг Vogue сэтгүүлийн Twitter хуудсаар шууд дамжуулан хүргэхээр болжээ. Ингэснээр үзэгчид дэлхийн хаанаас ч, гэрээс гаралгүй гар утас, компьютер, таблетаараа үдэшлэгт уригдан ирсэн алдартнуудын үдшийн гоёлыг үзэж, тэдний ярилцлагыг сонирхох боломжтой байх юм.

Шууд дамжуулалт Улаанбаатарын цагаар 21 цаг 30 минутаас эхлэх бөгөөд улаан хивсний арга хэмжээг хөтлөн явуулахаар жүжигчин Кеке Палмер, зохиолч, найруулагч Илана Глейзер нар сонгогджээ.

Энэ жилийн Met Gala АНУ-ын загварын салбарын алдар нэрийг магтан дуулах сэдэв дор, “American Independence” буюу “Америкийн тусгаар тогтнол” гэсэн дресс кодтой зохион байгуулагдахаар болсон байна. Тиймээс 13-ны өдөр Метрополитен урлагийн музей бүхэлдээ улаан, цагаан, цэнхэр өнгөнүүдээр бүрхэгдэх нь тодорхой боллоо. Мөн үдэшлэгт Z үеийнхнийг төлөөлөн Тимоти Шаламе, Билли Айлиш, Наоми Осака болон Аманда Горман нар оролцох юм.

Buro.Mongolia

2021-09-08, 10:19