Энэ онд үсээ ямар өнгөөр будах вэ: 10 гол тренд
Цасан блонд
Сүүлийн хэдэн сарын турш Pinterest сүлжээнд цасан блонд буюу icy hair гэгддэг үсний өнгө өндөр эрэлттэй болоод байна. Хэрэглэгчид уг өнгийг урьд өмнөхөөс 45%-иар илүү их хайжээ. Хүйтэн суурь туяатай, бага зэрэг цэнхэр цацрагтай энэхүү өнгө нь арчилгаа ихтэй ч, өдөр тутамдаа шар туяаг саармагжуулдаг тусгай шампунь, ангижруулагч, спрей хэрэглэсэн тохиолдолд үс тань гоёмсог өнгөө илүү удаан хугацаанд хадгалж үлдэх болно.
Зэс
Гүзээлзгэнийн блондоос эхлээд гүн улаан хүртэлх улаан өнгийн бүх туяанууд 2019 онд тренд болно. Тэр дундаа Pantone институтийн онцолсон амьд шүр өнгийг мартаж болохгүй. Энэ өнгө нь саармаг эсвэл дулаан туяатай арьсанд илүү зохимжтой ч үсний мэргэжилтэн танд тохируулан будгийн суурь туяаг бага зэрэг өөрчлөх боломжтой.
Бэхэн хар
Энэхүү зоригтой өнгө нь өвлийн улиралд хамгаас илүү тохиромжтой. Бэхэн хар өнгөтэй үс маш өвөрмөц, баялаг харагддаг төдийгүй шууд л олны дундаас ялгардаг. Суурь туяа нь цэнхэр тул мөн л арчлахад бага зэрэг бэрх байх магадлалтай.
Negative space
Negative space буюу үсний зарим хэсгийг будалгүй орхих аргачлал нь байгалийн эффекттэй будалт бий болгодог. Өөрийн төрөлхийн үсний өнгөнөөс хэдэн тоноор цайвар өнгө сонгон үснийхээ зарим хэсгүүдийг будсанаар та яг л наранд гандсан мэт, гоёмсог ууссан өнгө гаргаж авна.
Tinsel
Tinsel гэдэг нь гацуур модны саа гэсэн утгатай үг бөгөөд цайвар блонд өнгийн үстэй хүмүүст зориулагдсан харьцангуй шинэ будалт юм. Tinsel аргачлалын дагуу мэргэжилтнүүд блонд үсний суурь өнгийг сэргээн илүү гялалзсан эффекттэй болгож, үзүүрийг нь ягаан эсвэл нил ягаан зэрэг тэс ондоо өнгөөр уусган буддаг.
Цөцгийн блонд
Жижи Хадид, Эмбер Хёрд, Рози Хантингтон-Уайтли нарын өнгө энэ жил урьд өмнөхөөс илүү эрэлт ихтэй байх болно. Ийм өнгийг мэргэжилтнүүд карамель, beige, алтан шар өнгөнүүдийг хольсноор гаргаж авдаг бөгөөд маш нарийн ажиллагаатай будалтын үр дүнд байгалийн, зөөлөн эффект бий болдог билээ.
Халтар блонд
Яг л гэрийн нөхцөлд бие даан үсээ будсан мэт харагдах бараан өнгийн ургасан угтай, "халтар" ягаан туяа бүхий шар өнгөтэй үс энэ онд моданд орсон байгаа.
Хүйтэн бор
Дулаан туяатай бор өнгөнүүдийг энэ ондоо түр мартан бага зэрэг саарал туяатай хүйтэн бор өнгөнүүд рүү шилжээрэй.
Холливүүдийн гэрэлт чимэд
Пастель ягаан болон цэнхэр туяатай цагаан блонд өнгийн үсийг өндөр ур чадвартай мэргэжилтэн л гаргаж чадна. Хамгийн гол нь өнгө хоорондын уусгалт маш зөөлөн байх учиртай.
Оргилуун дарсны алтан өнгө
Энэ өнгийг гаргаж авахын тулд шар өнгөний дулаан ба хүйтэн туяануудыг хооронд нь холих хэрэгтэй. Алдартнууд дундаас Эльза Хоск, Мишель Уильямс ба Андре Пежич нар ийм өнгийн үстэй билээ.
Хөх ягаан өнгө
Хөх ягаан өнгийн төрөл бүрийн туяанууд 2019 онд хүчээ авах болно. Энэ өнгийг байгалийн бараан үстэй хүмүүс туршиж үзэхийг санал болгож байна.