Хайх

Каннын кино наадмын талаар таны мэдэх ёстой бүх зүйлс

Хамгийн анх хэзээ болон яагаад үүсгэн байгуулагдсан, хэнийг шүүгчээр сонгодог мөн яагаад энэхүү фестиваль нь дэлхийн хамгийн чухал кино наадамд тооцогддог тухайд

Text: Buro.Mongolia


Зураг:

Каннын кино наадмын талаар таны мэдэх ёстой бүх зүйлс

Каннын 71 дэх удаагийн кино наадам өчигдөр албан ёсоор эхэлсэн байгаа. Каннын Номин эрэг дээр зохион байгуулагддаг энэхүү наадам нь кино урлагийн хамгийн чухал ба нөлөө бүхий үйл явдлуудын нэг юм. Тиймээс Бюро 24/7 энэхүү наадам хамгийн анх хэрхэн үүсгэн байгуулагдсан, ямар хөтөлбөрүүд явагддаг, мөн бүх кино фестивалиудаас яагаад Каннын кино наадам хамгийн чухалд тооцогддог болохыг тайлбарлаж байна.

Каннын кино наадам хэрхэн үүсгэн байгуулагдсан бэ?

Анх 1932 онд зохион байгуулагдсан Венецийн кино наадам дэлхийн хамгийн анхны олон улсын кино наадамд тооцогддог. Харин 1938 он гэхэд кино урлагийн нөлөөнд итгэдэг байсан алдарт фашист дарангуйлагч Бенито Муссолини Венецийн кино наадмын үйл ажиллагаанд гар бие оролцож эхэлсэн юм. Түүнээс гадна Адольф Гитлер ч кино урлагийн хүчинд итгэдэг байсан билээ. Ингэснээр Венецийн кино наадмын хөтөлбөрт танилцуулагдсан киноны сонголт ба шагналд Фашистуудын нөлөө орж, тус кино наадам нацист үзэл суртлын нэгэн хэсэг болон хувирч байжээ.

Тиймээс энэхүү нөхцөл байдалд дургүйцсэн францууд өөрсдийн гэсэн кино наадам зохион байгуулахаар шийдсэн байдаг. Тэд Францын аялал амралтын газрууд дэлгэрсэн Өмнөд хэсгийн хэд, хэдэн хотуудыг анхааралдаа авсны эцэст өөрсдийн кино наадмаа Каннд зохион байгуулахаар болсон түүхтэй. Ингээд Каннын кино наадмыг 1939 оны есдүгээр сарын 1-20 хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч есдүгээр сарын 1-нд Гитлер Польш руу дайрсан тул тухайн үед тус кино наадамд ердөө ганцхан киног л танилцуулж амжсан байдаг. Тэрхүү кино нь найруулагч Уильям Дитерлегийн "The Hunchback of Notre Dame" байсан юм. Мэдээж хэрэг зохион байгуулагчид кино наадмыг цуцлахаар шийдэж, бүр дайны дараа буюу 1946 оны намар дахин зохион байгуулахаар болсон байна. Тиймээс 1946 онд зохион байгуулагдсан уг фестиваль нь анхны Каннын кино наадамд тооцогддог билээ.

Каннын кино наадмын талаар таны мэдэх ёстой бүх зүйлс (фото 1)

Ямар кинонууд Каннын кино наадамд оролцдог вэ?

Каннын кино наадам дөнгөж 1972 онд л өөрсдийн гэсэн бие даасан хөтөлбөр боловсруулж эхэлсэн юм. Үүнээс өмнө хөтөлбөрт оролцох бүтээлүүдийг Каннын кино наадам руу киногоо явуулж буй улс нь сонгодог байжээ. Харин 1972 онд кино наадмын зохион байгуулагчдын багт орсон сонгон шалгаруулагчид хөтөлбөрт оролцох кинонуудыг сонгоно гэсэн дүрэм гарсан байдаг. Сонгон шалгаруулагчид нь кино шүүмжлэгчид болон кино урлагтай салшгүй холбоотой хүмүүсээс бүрдэж байсан юм. Сонгон шалгаруулагчдын хороо жилд ойролцоогоор 2,000 кино үзэж, үүнээс 20 гаруй бүтээлийг кино наадмын үндсэн хөтөлбөрт мөн олон арван киног бусад хөтөлбөрүүдэд сонгож байв.

Гэхдээ сонгон шалгаруулагчдын сонголтонд багтаагүй бүтээлүүд ч Каннын кино наадамд оролцох боломжтой юм. Хэрэв таны бүтээл кино наадмын шаардлагуудыг хангаж байвал та өөрийн киногоо Каннын кино наадам руу илгээж болно (Дэлгэрэнгүй мэдээллийг кино наадмын вебсайтаас харна уу). Заримдаа бүтээлээ өөрөө илгээх нь сонгон шалгаруулагчдын танилцуулсан бүтээлтэй ижил бололцоотойгоор кино наадамд оролцох боломжтой байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Ямар ч тохиолдолд тухайн киноны уран сайхны үнэ цэнэ хамгийн чухал зүйл нь болдог юм.

Каннын кино наадмын талаар таны мэдэх ёстой бүх зүйлс (фото 2)

Эрхэм хөтөлбөрийн захирал

Каннын кино наадамд оролцох бүтээлүүдийг хөтөлбөрийн захирал шийднэ. 1978-2001 он хүртэл энэхүү нэр хүндтэй албан тушаалыг бидэнд Ларс фон Триер, Квентин Тарантиног нээж өгсөн гавьяатай домогт Жиль Жакоб хашиж байжээ. Харин 2001 оноос эхлэн одоог хүртэл энэхүү үүргийг Тьерри Фремо гүйцэтгэж байна. Ерөнхийдөө Фремо зөвхөн кино наадмын хөтөлбөрийг хариуцаад зогсохгүй Каннын кино наадмыг тэргүүлж байгаа юм. Жишээ нь Netflix-ийн бүтээлүүдийг үндсэн хөтөлбөрөөс хасч, бас селфи хийхийг хориглосон хүн бол Фремо юм.

Каннын кино наадмын талаар таны мэдэх ёстой бүх зүйлс (фото 3)

Тэгвэл шүүгчид хэн бэ?

Каннын кино наадмын шүүгчдийг мөн л фестивалийн хөтөлбөрт оролцох кинонуудыг шийддэг хүмүүс сонгодог. Сонгон шалгаруулагчид өөрсдийн сонгосон кинондоо тааруулж шүүгчдийг сонгон, тэдний хийсэн ажлыг шүүгчид хэрхэн үнэлж, ямар шийдвэр гаргахыг тааварлан суудаг гэсэн мэдээлэл ч бий. Үүнийг Каннын кино наадамд шагнал хүртсэн бүтээлүүд ихэнх кино шүүмжлэгчдийн сэтгэлд хүрдэггүй, тус наадам хямралд орсон зэрэг асуудлуудтай олон хүн холбон тайлбарладаг юм. Кино наадмын шүүгчид ихэвчлэн жүжигчид, найруулагчид, кино шүүмжлэгчдээс бүрддэг. Энэ жилийн Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг жүжигчин Кейт Бланшетт ахалж байгаа бол "Un Certain Regard" гэх тусгай хэсгийн шүүгчдийг жүжигчин Бенисио Дель Торо хариуцаж байгаа.

Каннын кино наадмын талаар таны мэдэх ёстой бүх зүйлс (фото 4)

Хөтөлбөрийн калейдоскоп

Каннын кино наадам нийт дөрвөн хөтөлбөрөөс бүрдэнэ.

Кино наадмын үндсэн тэмцээний хөтөлбөр. Энэ хэсэгт орсон кинонууд Каннын кино наадмын гол шагнал болох "Palm d'Or" буюу "Алтан дал мод"-ын төлөө өрсөлддөг. Энэ хэсэгт өрсөлдөж буй кинонууд өнгөрсөн Каннын кино наадам зохиогдсоноос 12 сарын дотор гарсан байх ёстой бөгөөд тухайн кино бүтээгдсэн улсаас өөр оронд танилцуулагдаагүй байх хэрэгтэй. Мөн мэдээж хэрэг өөр кино наадамд оролцож болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Энэ хэсэгт ихэвчлэн Жим Жармуш, Пол Верховен зэрэг дэлхийд танигдсан алдартай найруулагчид өөрсдийн бүтээлээрээ өрсөлддөг байгаа. Мөн тэдэнтэй харьцуулбал тийм алдартай биш хэдий ч өмнөх Каннын кино наадамд оролцож байсан туршлагатай, сонгон шалгаруулагчдад таалагдсан найруулагчид өрсөлдөх боломжтой. Үндсэн тэмцээний хөтөлбөрт найруулагчдын анхны бүтээл танилцуулагдах нь маш ховор байдаг байна. Кино наадмын захирал Тьерри Фремогийн хэлснээр энэхүү хэсэгт маш олон үзэгчдийг татах боломжтой артхаус жанрын кинонууд танилцуулагддаг аж.

"Un Certain Regard" гэх тусгай хэсэг. Ач холбогдлоороо үндсэн тэмцээний хөтөлбөрийн дараа жагсдаг энэхүү хэсэгт бүрэн хэмжээний анхны эсвэл хоёр дах киногоо танилцуулж буй найруулагчид оролцдог. Тьерри Фремогийн хэлснээр уг хэсэгт маш шинэлэг уран сайхны шийдэлтэй бүтээлүүд өрсөлддөг гэнэ. Хамгийн гол нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн хүмүүс Францын кино театруудаас дэмжлэг авдгаараа давуу талтай.

"Синефондасьон" хөтөлбөр. Каннын кино наадмын уг хөтөлбөрт кино урлагийн сургуулиудын оюутнуудын бүтээсэн, нэгээс илүү цаг үргэлжилдэггүй кинонууд өрсөлддөг. Дээрх хоёр хөтөлбөрөөс ялгаатай нь энэхүү хэсэгт өрсөлдөж байгаа бүтээлүүдийг интернетэд цацахыг нь хориглодоггүй. Мөн Каннын кино наадмын дөрөв дэх албан ёсны хөтөлбөр болох богино хэмжээний киноны төрөлд өрсөлдөж буй бүтээлүүдийг ч мөн адил цахим ертөнцөд нийтэлж болдог байна.

Үүнээс гадна Каннын кино наадам нь тэмцээний бус хөтөлбөрт кинонуудыг сонгон танилцуулдаг уламжлалтай. Тухайлбал энэ хэсэгт блокбастерууд нээлтээ хийх нь элбэг байдаг (гэсэн ч тухайн кино нь найруулагчийн маш хүчирхэг үзэл санааг агуулж байх ёстой). Мөн албан ёсны тусгай танилцуулгууд ч бий. Жишээ нь кино театрт, далайн эрэг дээр гэх зэрэг байршлуудад кино үзүүлж мөн өмнө нь гарсан "сонгодог" кинонуудыг танилцуулдаг. Эдгээр кинонуудыг ч мөн сонгон шалгаруулагчид сонгож авдаг аж.

Түүнчлэн Каннын кино наадам сонгон шалгаруулагчдын оролцоогүйгээр хэд, хэдэн тусдаа хэсгийг зохион байгуулдаг. Үүнээс хамгийн алдартай нь "Найруулагчдын хоёр долоо хоног" ба "Кино шүүмжийн долоо хоног" юм. Энэ хоёр хэсэг нь Каннын кино наадмаас шалтгаалдаггүй бөгөөд хөтөлбөрт бие даасан шүүгчид ба эрхлэгчид бий.

Каннын кино наадмын талаар таны мэдэх ёстой бүх зүйлс (фото 5)

Яагаад Каннын кино наадам бусад фестивалиудаас илүү чухал вэ?

Венецийн кино наадмыг эсэргүүцэж гарч ирсэн Каннын кино наадам нь өнөөдөр Холливүүдийн киног ч давхар эсэргүүцэж байна. Учир нь энд шинэлэг байдал, найруулагчийн хүчирхэг үзэл санаа, туршилт, орон нутгийн ба дэлхийг хамарсан асуудлыг хөндсөн сэдэв, мөн уран сайхны зоригтой шийдлийг асар өндөр үнэлдэг бөгөөд тухайн бүтээл кино театруудаас хэр их мөнгө олж чадах нь огтхон ч чухал биш. Ер нь бол бүтээлүүд Каннын кино наадамд танилцуулагдсаныхаа дараа илүү өргөн хүрээний үзэгчдэд танигдаж, найруулагчид нь продюсеруудын сонирхлыг татаж, шинэ байр сууриндаа тохирсон илүү өндөр цалин авах нь элбэг тохиолддог.

Каннын кино наадам өнгөрсөн жилүүдийнхээ амжилт ололт, нээлтэд тулгуурлахгүйгээр жил бүр шинэлэг зүйл хийж чаддаг. Мэдээж хэрэг тус кино наадмын түүхэнд амжилттай эсвэл сул хөтөлбөртэй гээд янз бүрийн жилүүд тохиолдоно. Гэсэн хэдий ч Каннын кино наадам орчин үеийн кино ямар түвшинд явж байгаа ба ирээдүйд хаашаа чиглэж байгааг үргэлж тодорхойлж байдаг. Хэрэв ямар нэгэн улсад кино урлаг цэцэглэж байвал Каннын кино наадам заавал тухайн бүтээлийг үзүүлэх болно. Хэрэв сонгон шалгаруулагчид цаг үетэйгээ нийцсэн, шинэ төрлийн уран сайхны сэтгэлгээг олж харвал тухайн бүтээл Каннын кино наадамд заавал танилцуулагдана. "Алтан дал мод" шагналыг хүртсэн Феллинигийн "La Dolce Vita", Фрэнсис Форд Копполагийн "Apocalypse Now", Скорсезегийн "Taxi Driver", Содербергийн "Sex, Lies and Videotape", Тарантиногийн "Pulp Fiction" болон бусад олон кинонууд одоо сонгодог бүтээлүүдэд тооцогддог болсон. Сонгон шалгаруулагчид сонгосон ч, кино шүүмжлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан бүтээлүүд ч мөн түүхэнд бичигдэн үлддэг. Жишээ нь Дэвид Линчийн "Wild At Heart", София Копполагийн "Marie Antoinette", Микеланжело Антонинигийн "The Adventure" болон бусад олон кинонуудыг дурдаж болно.

Каннын кино наадмын талаар таны мэдэх ёстой бүх зүйлс (фото 6)

Хэрхэн кино наадамд оролцох вэ?

Каннын кино наадам бол жинхэнэ мэргэжилтнүүдийн цуглардаг газар гэж хэлж болох юм. Ерөнхийдөө наадмын аль нэг хөтөлбөрийн оролцогч, шүүгч, кино зах зээлийн төлөөлөгч, эсвэл нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч Каннын кино наадамд оролцоход хамгийн амархан байдаг. Мөн өмнө нь Каннын кино наадамд оролцож байсан туршлагатай найруулагч, продюсерууд зочин болж очдог. Үүнээс гадна ямар нэг кино клубын гишүүн эсвэл кино урлагийн сургуулийн оюутан яагаад тус кино наадамд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ дэлгэрэнгүй тайлбарласан захидал илгээж Каннын кино наадамд оролцох боломжтой. Эсвэл тус кино наадмын зохион байгуулалтанд туслах үүрэгтэй сайн дурын ажилтан болж кино ертөнцийн хамгийн том үйл явдлын нэг хэсэг болох боломжтой. Үүний тулд кино наадмын вебсайтад хүсэлтээ илгээхэд л хангалттай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх