Селена Гомес богино хэмжээний аймшгийн кинонд тогложээ
Петра Коллинзийн бүтээсэн “A Love Story”
Дуучин Селена Гомес Канадын загварын гэрэл зурагчин, найруулагч Петра Коллинзийн бүтээсэн "A Love Story" нэртэй богино хэмжээний аймшгийн кинонд тогложээ. Энэхүү шинэ бүтээлийн кино зохиолыг Америкийн зохиолч, @SoSadToday гэх Twitter хуудасны үүсгэн байгуулагч Мелисса Бродер бичсэн байна.
Петра Коллинз өөрийн Instagram хуудастаа "A Love Story" киноны хэсгээс нийтэлсэн бөгөөд видеонд Селена Гомес цэнхэр өнгийн усанд хүний нүүрний хамт орж, хутганы ир долоож мөн амандаа нүдний алим хийсэн байгаа нь харагдана. Биеийн шар үс босгом энэхүү богино хэмжээний киноны бүрэн хувилбарыг саяхан нээлтээ хийсэн Instagram-ын IGTV тавцангаас үзэж болох юм.
Дашрамд дурдахад Петра Коллинз ба Селена Гомес нар өмнө нь хамтарч ажиллаж байсан туршлагатай. Тодруулбал өнгөрсөн жил Канадын найруулагч дуучин бүсгүйн "Fetish" клипийг бүтээсэн юм.