Хайх

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг

21-р зууны хоёр дах арван жилийг тодорхойлох шилдэг бүтээлүүд

Text: Ө.Тодгэрэл


Хэдийгээр 2020 он гараад багагүй хугацаа өнгөрч байгаа ч бид өнгөрсөн арван жилийг дүгнэж хараахан дуусаагүй байна. Тэр дундаа бугуйн цагны салбарт 2010-2019 онууд гайхалтай бүтээлүүдээр дүүрэн, маш баялаг үе байсан тул бид цаг сонирхогч уншигч нартаа зориулан ийнхүү сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цагийг хүргэж байна. Эдгээр цагууд нь одооноос 50, 100 жилийн дараа ч түүхэнд бичигдсэн чухал бүтээлүүд хэвээр байх тул та цаг худалдан авахаасаа өмнө энэ нийтлэлтэй заавал танилцаарай!


Бидний амьдралынхаа турш худалдан авах цөөн чухал зүйлсийн нэг бол яахын аргагүй бугуйн цаг юм. Бугуйн цаг нь цаг хугацаа харуулдаг өдөр тутмын хэрэгсэл байдгаас гадна биднийг хэн болохыг илэрхийлж, хувийн стиль ба мэдрэмжийг илтгэж чаддаг маш хүчирхэг тунхаглал юм. Гэхдээ үүнээс илүүтэй зах зээлийн үнэлгээг ойлгодог хүмүүсийн хувьд бугуйн цаг нь юуны түрүүнд маш ухаалаг хөрөнгө оруулалт байдаг. Мэдээж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэлгээ нь буурах биш, харин эсрэгээрээ өсдөг бугуйн цагнууд тун цөөн ч цагны мэдлэгээ дээшлүүлэн судалгаа хийж үзсэнээр дараагийн 50 жилд ч үнэ цэнээ алдахгүй жинхэнэ үнэт эрдэнийг олж авах боломжтой юм.

Мэргэжилтнүүдийн судалснаар бусад бүх брэндүүдтэй харьцуулахад Rolex брэндийн нэр төр болон үнэлэмж олон жилийн турш тогтвортой байж, эрэлт нь өссөөр байгаа тул тус брэндийн цагууд хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт болдог байна. АНУ-ын Нэр Төрийн Институт ч мөн энэ тодотголыг бататгаж, Rolex-ийг дэлхийн хамгийн нэр төртэй бугуйн цагны брэндээр нэрлэсэн байдаг. Тэртээх 1905 оноос түүхээ эхлүүлсэн Rolex брэндийн цагнууд өнөөдрийг хүртэл олдоход бэрх, хэдэн жилээр хэмжигдэх хүлээлгийн урт жагсаалттай байдаг нь үнэхээр гайхалтай. Бугуйн цагны ертөнцөд ийм тогтмол амжилттай явсаар ирсэн брэнд хуруу дарам цөөн бөгөөд олон жилийн ухаалаг маркетинг, өндөр чанар болон шинэлэг дизайны ачаар Rolex гэх нэр өнөөдөр амжилт гэдэг үгтэй ижил утгатай болоод буй юм. 

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 1)

Rolex-оос гадна сүүлийн арван жилийн хугацаанд бугуйн цагны салбарт чухал хувь нэмэр оруулсан олон цаг бий. Бугуйн цагаар мэргэшсэн нэр хүндтэй Hodinkee вебсайтын мэргэжилтнүүд энэ сэдвээр тун сонирхолтой ярилцлага хийсэн бөгөөд ингэхдээ хамгийн шилдэг, шинэлэг, өвөрмөц цагуудыг авч хэлэлцэн, шилдэг 10 цагны жагсаалтыг гаргасан байна.

Энэхүү жагсаалт нь ерөнхийдөө тансаг зэрэглэлийн Швейцар цагуудаас бүрдсэн хэдий ч бид сүүлийн арван жилийн тухайд ярилцаж байгаа тул технологийн дэвшлийг дурдалгүй өнгөрч болохгүй. Apple, Samsung зэрэг брэндийн ухаалаг цагууд бидний бугуйн цагны тухай ойлголтыг өөрчлөн, хувьсал хийсэн нь үнэн. Тэр ч бүү хэл ухаалаг цагууд анх зах зээлд нэвтрэхэд хүмүүс Швейцар бугуйн цагны салбарт хүчтэй өрсөлдөгч гарч ирлээ хэмээн шуурч байсан ч үе бий. Гэхдээ Лондонд байрлалтай Knight Frank зөвлөгөөний компанийн хийсэн судалгаанаас харахад, тансаг зэрэглэлийн Швейцар бугуйн цагуудын үнэлгээ эсрэгээрээ сүүлийн 10 жилийн хугацаанд 60% өссөн байна. Мөн Hodinkee-гийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ухаалаг цагууд нь Швейцар цагуудад бодит өрсөлдөгч болж чадахгүй бөгөөд ердөө үнэ болон практик хэрэглээний хувьд шинэ хэрэглэгчдийг татаж чадсанаар ийнхүү амжилттай байгаа юм.

Харин Швейцар брэндүүдийг дүгнэхэд, сүүлийн арван жилийн хугацаанд Tudor брэнд Black Bay нэртэй бугуйн цаг гаргаснаар АНУ, Япон, Англи зэрэг бугуйн цагны салбарын топ гурван зах зээлд өндөр амжилт үзүүлэн, брэндийнхээ үнэ цэнийг өсгөж чадсан ба мэргэжилтнүүдийн онцолсноор өнгөрсөн 10 жил тэдний хувьд маш чухал үе болсон байна. Түүнчлэн Richard Mille брэнд уламжлалт цагуудаас тэс ондоо, асар хөнгөн, дизайны хувьд бидний урьд өмнө харж байгаагүй RM27-01 гэх загвар гаргаснаар бугуйн цагны салбарт багагүй тэсрэлт хийж, алдартнуудын зүүх дуртай цагны брэнд болсон юм. Мөн мэдээж хамгийн эртний, хамгийн үнэ цэнэтэй брэндээр нэрлэгддэг Patek Phillippe дэлхийн хамгийн өндөр үнэтэй, угсралтын маш нарийн ажиллагаа орсон Grand Master Chime загвар танилцуулж, цаг сонирхогчдын хувьд механик угсралтын төгс гүйцэтгэлийг харуулсан гээд сонирхолтой үйл явдлууд их байлаа. Гэсэн ч Hodinkee-гийн мэргэжилтнүүд сүүлийн арван жилийн шилдэг бугуйн цагаар Rolex брэндийн Daytona 116500LN загварыг санал нэгэтэйгээр нэрлэсэн тул бид жагсаалтаа уг цагаар эхлүүлэхээр шийдлээ. Харин дараа дараагийн загварууд дараалал үл хамааран, санамсаргүй байдлаар жагссан байгаа.

Rolex Daytona 116500LN


2016 онд танилцуулагдсан 116500LN лавлах дугаартай, зэвэрдэггүй ган их биетэй, цоо шинэ Rolex Daytona нь хар өнгийн керамик тойргоороо танигддаг бөгөөд дэлхийн хамгийн хүсэмжит цагаар нэрлэгддэг. Танилцуулагдаад дөрвөн жил өнгөрч байгаа ч хүлээлгийн жагсаалт нь одоо хүртэл хэдэн жилээр хэмжигдэж байгаа нь уг цагны дэлхийн зах зээл дээрх статусыг илтгэх юм. Шинэ 116500LN загвар нь Daytona цувралын урьд өмнөх загваруудаас үзүүлэлт, дизайны хувьд төдийлөн ялгагдахгүй, хэмжээний хувьд ч 29 жилийн турш стандартаа хадгалсаар ирсэн 40 мм диаметр бүхий нүүртэй хэдий ч цоо шинэ хар цагаан өнгө хосолсон керамик тойрог нэмэгдсэнээр бүх зүйл өөрчлөгдөж, ийнхүү олон хүний мөрөөдлийн цаг болон хувирсан билээ.

Hodinkee-гийн мэргэжилтнүүдийн онцолсноор Rolex нь зуу гаруй жилийн турш шинэлэг, шилдэг бүхнийг танилцуулсаар ирсний ачаар одоо хөдөлшгүй статустай болсон брэнд юм. Тэд домог болсон загварууддаа үл ялиг шинэчлэлт оруулан дахин худалдаанд гаргахад ч хүртэл дэлхийн бүх цаг сонирхогчид шуурч эхэлдэг нь брэндийн тэрхүү хөдөлшгүй статустай холбоотой билээ. "Rolex домгуудыг бүтээдэг ба Daytona нь тэрхүү домгуудаас бүрдсэн гэр бүлийн гялалзсан од нь юм. Та энэ цагийг cool хүүхдүүдийн ширээнд суух урилга л гэж бод" хэмээн Hodinke-гийн мэргэжилтнүүд Daytona бугуйн цагийг тодорхойлсон юм. 

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 2)
Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 3)
Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 4)

Rolex Daytona 116500LN

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 5)

OMEGA Trilogy set


2017 онд танилцуулагдсан Trilogy нь Omega брэндийн домогт цагууд болох Speedmaster, Seamaster болон Railmaster гэх гурван загварыг шинэчлэн гаргасан сет юм. Omega тухайн загваруудынхаа 60 жилийн ойд зориулан энэхүү цөөн тоогоор үйлдвэрлэгдэх, бага зэрэг шинэчлэгдсэн дизайнтай гурван загварыг гаргасан бөгөөд энэ нь цаг цуглуулагчдын хувьд маш чухал үйл явдал болсон юм. Тэр дундаа Omega брэндийн түүхийг мэддэг, үнэлдэг хүмүүс Trilogy сетэд багтсан гурван загварыг маш нандин, ховор эдлэлүүд гэж харсан ба ирээдүйд үнэлгээ нь улам бүр өсөхийг сайн ойлгосон билээ. Мөн Hodinkee-гийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Omega брэндийн энэ танилцуулга нь винтэж бугуйн цагны трендийг үүсэхэд нөлөөлсөн юм. Шинэчлэгдсэн Seamaster болон Speedmaster загварууд 39мм, харин Railmaster 38мм диаметр бүхий "тропикал хар" өнгийн нүүртэй бөгөөд энэхүү олон жилийн өмнө ашиглагддаг байсан хар өнгө нь цагийн эрхээр наранд цайрч, бор туяатай болдгоороо алдартай. Тухайн үед "тропикал хар" өнгийг үйлдвэрлэлийн алдаа гэж үзэж байсан ч одоо эсрэгээрээ цаг цуглуулагчдын хувьд илүү үнэ цэнэтэй деталь болж хувирсан билээ.

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 6)

Omega SEAMASTER 300

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 7)

Omega RAILMASTER

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 8)

Omega SPEEDMASTER '57

Richard Mille RM27-01


RM27-01 бол өдөр тутамд зүүх зориулалттай, боломжийн үнэтэй цагуудын хамгийн cool нь гэж хэлж болно. Хэрвээ та уг цагны тухай дуулж байгаагүй бол энэ нь анх теннисчин Рафаэль Надальд зориулан бүтээгдэж байсан ба итгэмээргүй хөнгөн (19 г) гэдгээрээ алдартай. Хөдөлгүүр нь дөрвөн ширхэг ган кабелнаас бүрдэх бөгөөд зузаан нь ердөө 0.35 мм. Их бие нь маш бат бөх anthracite полимер материалаар хийгдсэн ба суур нь титан юм. RM27-01 загвар нийт 50 ширхэг үйлдвэрлэгдэж, тухайн үедээ бүгд 740 ам.доллараар борлуулагдаж дууссан билээ. Харин одоо уг загварын шинэчилсэн хувилбарууд борлуулагдаж байгаа. Hodinkee-гийн мэргэжилтнүүдийн онцолсноор цаг сонирхогч хэн бүхэн энэ цагийг хэзээ нэгэн цагт заавал туршиж үзэх ёстой бөгөөд энэ нь "таны гартаа зүүх хамгийн гайхалтай зүйлсийн нэг байх болно" хэмээн хэлсэн юм.

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 9)

Richard Mille RM27-01

TUDOR Black Bay


Өнгөрсөн 10 жил Tudor брэндийн хувьд амжилтаар дүүрэн өнгөрлөө. Тэд бугуйн цагны хамгийн том гурван зах зээл болох АНУ, Англи болон Япон улсуудад брэндийнхээ үнэлэмжийг нэмэгдүүлж, илүү олон шинэ хэрэглэгчдийг татаж чадсан нь ерөнхийдөө Black Bay загварын ач тус билээ. Одоо Tudor-ийг Black Bay цаггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Өмнө нь хүмүүс Tudor брэндийг илүү боломжийн үнэтэй Rolex гэж хардаг байсан бол өнгөрсөн арван жилийн хугацаанд Tudor өөрийн байр суурийг бэхжүүлэн, зах зээлийн тодорхой хэсгийг эзэлж чадсан юм. Хэтэрхий их мөнгө зарцуулах боломжгүй ч чанар сайтай, дизайны хувьд загварлаг бугуйн цаг авахыг хүссэн хүмүүс одоо юуны түрүүнд Tudor-ийг зорьж, уг брэндийн цагыг бахархалтайгаар зүүдэг болсон билээ. Tudor нь 2000$-3000$ үнэлгээтэй цагуудын төрөлд хамрагддаг хэдий ч брэндийн хамгийн алдартай Black Bay загварын хувьд 6000$-7000$ үнэлгээтэй цагуудтай дүйцэхүйц өндөр чанартай болохыг Hodinkee-гийн мэргэжилтнүүд онцолсон юм.

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 10)

Tudor Black Bay 79220R

APPLE Watch Series 3


Мэдээж сүүлийн 10 жилийг технологийн дэвшилгүйгээр тодорхойлохын аргагүй. Энэ нь бугуйн цагны салбарт ч хамааралтай бөгөөд ухаалаг цагууд яагаад энэ жагсаалтад орсныг тайлбарлах шаардлагагүй биз ээ. Гэхдээ мэргэжилтнүүд яг юуны учир Apple Watch ухаалаг цагны Series 3 загварыг онцолсон бэ гэхээр энэ нь брэндийн гаргасан анхны үүрэн холбооны сүлжээтэй загвар тул гар утасны тусламжгүй ажиллаж, өдөр тутмын чухал хэрэгцээнүүдийг хангах чадвартай анхны бие даасан ухаалаг цаг нь юм.

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 11)

Apple Watch Series 3

BVLGARI Octo Finissimo


Octo Finissimo загварыг энэ жагсаалтад оруулсан шалтгаан нь тус цагны бусдаас өөр, шинэлэг дизайнд оршиж байгааг Hodinkee-гийн мэргэжилтнүүд тайлбарлалаа. "Маш нимгэн бөгөөд хавтгай. Бусад цагуудаас тэс ондоо, өвөрмөц атлаа хэт чарласан биш харин ч цэмцгэр. Анх танилцуулагдаж байх үедээ үнэхээр гайхшруулж чадсан" хэмээн тэд ярьсан юм. Bvlgari брэнд нь техникийн үзүүлэлтийн хувьд бугуйн цагны зах зээлд нэр хүндтэй бөгөөд энэ цаг нь ч мөн далайн 30м гүнд тэсвэртэй, автомат хөдөлгүүртэй, титан их биетэй ба дэлхийн хамгийн нимгэн гурван цагны нэгд тооцогддог байгаа.

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 12)

BVLGARI Octo Finissimo


MB&F Legacy Machine 1


Швейцарын бие даасан MB&F брэнд нь 2011 онд Legacy Machine One гэх маш үзэсгэлэнтэй цагийг танилцуулж, тухайн ондоо Grand Prix d'Horlogerie de Geneve (GPHG)-ээс шилдэг эрэгтэй бугуйн цагаар өргөмжлөгдөж байсан. 44 мм диаметр бүхий нүүртэй, нүүрний урд хэсэгт байршсан тэнцвэржүүлэгч хүрдтэй, босоо цахилгаан нөөцтэй энэ цаг нь 19-р зууны олд-скул маягаар бүтээгдсэнээрээ онцлог. Энэ загварын ачаар хуучны цаг угсралтын техникүүд эргээд үнэлэгддэг болсон гэж хэлж болно.

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 13)

MB&F Legacy Machine 1

SWATCH SISTEM51


Дэлхийн хамгийн анхны бүхэлдээ автомат машинаар угсрагдсан механик хөдөлгүүртэй цаг. Swatch брэнд механик цагны ирээдүй яг л Sistem51 загварын адил боломжийн үнэтэй, өнгөлөг, өргөн сонголттой байна гэдгийг онцлон, 2013 онд энэхүү цагийг гаргаж байсан юм. Өнөөдөр ч энэ цагны эргэн тойронд шуугиан дэгдсэн хэвээр бөгөөд ихэнх хүмүүс энэ загварыг бэлгэнд өгөхөд төгс сонголт гэж үздэг.

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 14)

SISTEM NOTTE

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 15)

SISTEM BAU

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 16)

SISTEM BLUSH

AUDEMARS PIGUET Royal Oak


Швейцарын домогт бугуйн цагны дизайнер Жеральд Жента амьд байх хугацаандаа дэлхийн топ гурван бугуйн цагны брэндийн нэгд тооцогддог Audemars Piguet-тэй хамтран Royal Oak гэх гайхалтай цагийг бүтээж байсан. Тэрээр 1972 онд найман хадаастай дуулга өмссөн усанд шумбагчийг харснаар Royal Oak цагийг бүтээх санаагаа олсон бөгөөд ингэхдээ найман өнцөгт хэлбэртэй тойрог зохион бүтээж, тойрог дээр найман хадаас байршуулсан байдаг. Зэвэрдэггүй ган их биетэй, 39 мм диаметр бүхий нүүртэй 1972 оны Royal Oak загвар бугуйн цагны салбарт домог болсон тул Audemars Piguet брэнд 2012 онд уг загварынхаа шинэчилсэн хувилбарыг гаргахаар шийдэн, дизайнд нь багахан косметикийн өөрчлөлт оруулснаар хэрэглэгчдэд дахин нэг удаа хүргэж байсан билээ. Royal Oak цаг нь AP брэндийн түүхийг өгүүлж, мөн чанарыг нь илтгэдэг учир ийнхүү сүүлийн 10 жилийн шилдэг 10 цагийн нэгээр зүй ёсоор тооцогдож байна. Тэр ч бүү хэл Hodinkee-гийн мэргэжилтнүүдийн онцолсноор Royal Oak бол зөвхөн сүүлийн 10 жилийн ч биш бүр бүхэл бүтэн зууны шилдэг цагуудын нэг юм.

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 17)

AUDEMARS PIGUET Royal Oak

Patek Phillippe Grandmaster Chime


Дэлхийн хамгийн анхны бугуйн цагийг 1868 онд зохион бүтээж байсан Patek Phillippe нь өнөөдөр дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн Швейцар бугуйн цагны топ гурван брэндийн нэгд тооцогддог. Өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн гэхээс илүү урлагийн бүтээл мэт гайхалтай нарийн хийцтэй цагуудыг танилцуулдаг Patek Phillippe 175 жилийнхээ ойн баярт зориулан 2014 онд Grandmaster Chime гэх нийт найман жилийн турш 100,000 гаруй цагийн хугацаанд бүтээж байж төгс болгосон бугуйн цагийг танилцуулж, ердөө долоон ширхгийг худалдаанд гаргасан билээ. Харин 2016 онд тэд Grandmaster Chime загварын зэвэрдэггүй ган их биетэй 6300A лавлах дугаартай шинэ хувилбарыг гаргасан бөгөөд энэ нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан цаг болж, дэлхийн рекордыг эвдэж байсан юм. Grandmaster Chime нь хоёр талаар зууж болох хос нүүртэй гэдгээрээ онцлог бөгөөд нүүрний диаметр нь 48 мм ба нийт 214 эд ангиас бүрддэг. Hodinkee-гийн мэргэжилтнүүд энэ цагийг “Хэдий музейд байрших түвшний гайхалтай бүтээл гэдэг нь үнэн ч өдөр тутамд хэрэглэхэд хэт хүнд, хэт үнэ цэнэтэй” хэмээн тодорхойлжээ.

Сүүлийн 10 жилийн шилдэг 10 бугуйн цаг (фото 18)

Patek Phillippe Grandmaster Chime

Rolex Mongolia

Утас: 7777 7797

Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх