Хайх

Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа

Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа

Text: Г.Тэмүүлэн


Хүн төрөлхтний түүхэнд мөнхлөгдсөн урлаг, архитектур, шинжлэх ухааны сод бүтээлүүд Флоренц хотоос төрөн гарч, зуун зууныг дамжин хадгалагдан, бидний оюун санаа хийгээд мэлмийг баясгасаар ирсэн нь энэхүү гайхалтай хот өв соёлын хувьд ямар их үнэ цэнэтэйг гэрчилнэ. Микеланжело, Сандро Боттичелли, Данте Алигери, Леонардо да Винчи тэргүүтэй гоц авьяастнуудын суут бүтээлүүдийг амилуулсан сэргэн мандалтын үеийн урлаг соёлын “өлгий нутаг” гэгддэг эл гайхамшигт хотод тэгвэл Монголын түүх соёлын бас нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал тохиолоо.

Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 1)
Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 2)
Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 3)

Тодруулбал Соёлын Яам Италид төдийгүй дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Флоренцийн их сургууль болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулж дэлхий дахинд улсаа сурталчлах үйл хэргээ үргэлжлүүлж байна. Ийнхүү Монгол соёлын төв байгуулагдсанаар баруун Европт Монгол судлалын салбарыг хөгжүүлэхийн сацуу эх орноо сурталчлан таниулахад чухал нөлөө үзүүлэх юм. Тухайлбал Монгол улсыг гадаад ертөнцөд зөвөөр сурталчлан таниулах, Монголын түүх соёлыг дэлхий нийтэд хүргэх, эрдэм шинжилгээний ажлууд хийгдэх ач холбогдолтой аж.

Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 4)
Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 5)
Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 6)
НСИСОУХ-ийн Эрдмийн зөвлөлийн дарга Д.Бум-Очир

Монгол соёлын төвийн нээлтэд Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, НСИСОУХ-ийн Эрдмийн зөвлөлийн дарга Д.Бум-Очир, Флоренцийн их сургуулийн захирал Алессандра Петруччи, Пармагийн их сургуулийн олон улсын харилцаа эрхэлсэн дэд захирал Мария Чечилия Манчинни болон бусад төлөөллүүд Флоренцийн их сургуульд хүрэлцэн ирж энэхүү төвийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр эхлүүллээ. Энэ үеэр мөн Д.Бум-Очир “Монгол болон бусад орны нүүдлийн соёл иргэншлийн талаарх шинжлэх ухааны мэдлэгийн асуудал” хэмээх сэдвээр сонирхолтой илтгэлийг танилцуулсан юм. Тэрээр энэхүү соёлын төвийн ач холбогдлыг тайлбарлахдаа “Тус соёлын төв нь их сургуулиуд дээр түшиглэн байгуулагдаж байгаа учраас эрдэм шинжилгээний ажилтай шууд холбоотой. Итали дахь Монголыг судалж буй түүхчид, археологичид болон бусад салбарын эрдэмтэд, судлаачид нэгдсэн Монгол соёлын төвтэй болж, улмаар Монголын талаарх судалгаа цаашид өргөжин, хөгжих боломжтой” хэмээн онцолж байна.

Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 7)
Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг болон Флоренцийн их сургуулийн захирал Алессандра Петруччи нар
Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 8)

Харин Флоренцийн их сургуулийн захирал Алессандра Петруччи “Энэхүү төв нээгдсэн нь их олон ач холбогдолтой. Нэгдүгээрт мэдээж Монгол болон Итали улс хоорондоо соёл уламжлалаа солилцох боломж бүрдэж байна. Мөн манай оюутнууд Монголын түүх, соёлыг илүү гүн гүнзгий судалж мэдэх боломжтой. Цаашлаад Монголоос оюутнууд хүлээн авахыг ч үгүйсгэхгүй. Монгол соёлын төвөөр дамжуулан үр өгөөжтэй ажлуудыг бүтээхийн зэрэгцээ хоёр орны эв найрамдалтай харилцаагаа ч бэхжүүлэх боломжтой” хэмээн өөдрөгөөр ярьж, сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.

Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 9)

Флоренцийн их сургуулийн Монгол соёлын төвийн танхимд зочилбоос Монгол хэл бичгийн сургалтын хэрэглэгдэхүүн, монгол бичгийн анхан, дунд, ахисан шатны унших бичиг, цуврал контент, манай орны талаар өгүүлэх ном хэвлэл, сурах бичиг гэхчлэн оюутнуудыг хэрэгцээтэй мэдээллээр хангах бүх төрлийн материалууд харагдаж байлаа. Мөн манай орны талаар илүү гүн гүнзгий судлахыг хүссэн хүмүүс цахим хичээлд ч давхар хамрагдах боломжтой гэдгийг Монгол соёлын төвөөс дурдсан юм. 

Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 10)
Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 11)
Флоренц болон Пармагийн их сургуульд Монгол соёлын төв байгуулагдлаа (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх