Монголын эзэнт гүрний түүхийг өгүүлэх үзэсгэлэн Лондон хотын Royal Academy of Arts-д дэлгэгдэнэ
Түүх соёлоо олон улсад сурталчлах, үндэсний өвөө хадгалан хамгаалах ажил үргэлжилсээр энэ удаад Лондон хотод ирээд байна. Бид Их Британийн хамгийн эртний дүрслэх урлагийн сургууль гэгддэг Royal Academy of Arts буюу Эзэн хааны урлагийн академиар зочилж манай улсын соёл урлагийн салбарт тохиож буй бас нэгэн чухал үйл явдлыг гэрчиллээ.
Соёлын биет өв буюу түүх соёлын дурсгалт зүйлсийг хилээр гаргах хориотой боловч он цагийн явцад манай орноос тэрхүү үнэт өвийг үй олноор нь хууль бусаар гадаад улсууд руу гаргасан байдаг. Түүнчлэн зарим улс соёлын үнэт олдворуудыг судалгаа, эрдэм шинжилгээний зорилгоор авч явсан ч эргүүлэн өгөөгүй тохиолдлууд ч цөөнгүй бий. Иймд Соёлын Яам Монголын түүх соёлтой холбоотой хамгийн их олдворууд байрлаж буй есөн улсад албан шаардлага хүргүүлэн 2026 онд олдворуудаа эргүүлж авахаар төлөвлөсөн байна.
Улмаар буцааж авсан, соёлын өв бүхий үнэт олдворуудаа Лондон хотын Эзэн хааны урлагийн академийн галерейд 2027 оны гуравдугаар сараас эхлэн зургаадугаар сар хүртэл үзэсгэлэн болгож гаргахаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Эзэн хааны урлагийн академийн захирал Аксель Рюгер нар энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэж, үргэлжлүүлээд Микеланжело, Жон Констебл зэрэг дэлхийн суутнуудын бүтээлүүдийг үзэж сонирхсон юм. “Энэ үзэсгэлэн нь Монголын соёл урлаг, Монголын эзэнт гүрэн дэлхийн соёлд хэрхэн нөлөөлсөн талаар дэлгэрэнгүй харуулах болно. Royal Academy of Arts нь дэлхийд уран бүтээлчдийн нөлөөллийг нэмэгдүүлэх, сургах тал дээр илүү анхаарч ажилладаг. Тийм ч учраас Монгол улсын дүрслэх урлагийн салбарынхан Royal Academy of Arts-тай хамтран монгол уран бүтээлчдийг сургах, чадавхжуулах ажил дээр хамтарч ажиллахаар ярилцаж санамж бичиг зурлаа” хэмээн Соёлын Сайд онцолсон юм.
Энэ үеэр мөн Монгол улс Их Британи улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан соёлын онцгой ач холбогдолтой олон ажлууд хэрэгжиж байгааг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх дурдав. Тэрээр “Их Британид монголын түүхийг дэлгэн харуулж, энэ түүхээр дамжуулан олон зуун жилийн харилцааны онцлог, уламжлал, соёлыг сурталчлах ач холбогдолтой” гэв. Харин Эзэн хааны урлагийн академийн захирал Аксель Рюгер “Энэхүү үзэсгэлэнг гаргахад Монгол улсын засгийн газартай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бидний хувьд анх удаа Монгол улстай хамтарч байгаа бөгөөд үзэсгэлэнг гаргахад дэмжлэг үзүүлж байгаад туйлын таатай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт