
Өмнөд Солонгос бүсгүйчүүд дунд тренд болж буй Эктоин гэж юу вэ?
Шинэ найрлага
Эрүүл гэрэлтсэн арьсны гол түлхүүр нь бидний идэж буй хоол хүнс, амьдралын хэв маяг, арьс арчилгааны дадлаас шууд хамаардаг. Харин сүүлийн үед Өмнөд Солонгосын бүсгүйчүүд эктоин хэмээх найрлага агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилдаг болжээ.
Иймд уншигчдадаа зориулан бьюти салбарт эрэлтээрээ тэргүүлж буй эктоины талаар танилцуулахаар бэлтгэлээ.

ЭКТОИН ГЭЖ ЮУ?
Эктоиныг анх 1985 онд Галински хэмээх Германы эрдэмтэн Египетийн Вади Эль Натрун гэх нуураас нээн илрүүлсэн гэдэг. Энэхүү найрлага нь экстремолит буюу жижиг молекулд хамаарагддаг ба ган гачиг, хэт ягаан туяаны цацраг, цаг агаарын хэм гэхчлэн эрс тэс уур амьсгалаас эсийг хамгаалах гол үүрэгтэй аж. Цөөн үгээр хэлбэл эктоин нь арьсыг гаднын нөлөөнөөс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.
ЯАГААД ЭКТОИНЫ ТУХАЙ ГЭНЭТ ЯРЬЖ ЭХЛЭВ?
Эктоин нь бьюти салбарт нэгдээд удаагүй байгаа ч сүүлийн үед Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагдаж эхлээд байна. Өмнө нь эктоиныг хамгийн бага тунгаар арьсны бүрхүүлийг хамгаалах зорилготой гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад багтаадаг байсан бол өдгөө дэлхийд тэргүүлэгч косметик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид эктоин найрлагыг өргөнөөр хэрэглэх болжээ. Тухайлбал, TikTok платформ дээр #ectoin хэмээх хэштэг хэдэн зуун сая хандалтыг цуглуулж чадсан төдийгүй жил бүр гоо сайхны чиг хандлагыг тодорхойлж, хэрэглэгчдэд мэдээлдэг Cosmetics Business компанийн зүгээс эктоиныг 2024 оны гол найрлага хэмээн дурдсан байна.

ЭКТОИН ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Арьсыг чийгшүүлэх
Арьсны өнгөн давхаргыг хамгаалах
Үрэвслийг намдаах
Антиоксидант үйлчилгээ үзүүлэх
Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх

ЭКТОИНЫГ ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ ХОСЛУУЛЖ ХЭРЭГЛЭВЭЛ ЗОХИСТОЙ ВЭ?
Эктоин нь AHA, BHA, витамин C зэрэг бусад найрлагатай харшилдаггүй, эсрэгээрээ маш сайн нийцдэг гэдгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг билээ. Тодруулбал, энэхүү найрлага нь гиалуроны хүчил, ниацинамид, антиоксидантуудын нөлөөг сайжруулж, дэмждэг бол AHA, BHA, ретинол зэрэг хүчтэй бодисуудыг илүү зөөллөж, арьсанд цочрол өгөхөөс сэргийлж өгдөг байна.
Мөн гоо сайхны эмч нар дерматит буюу арьс хуурайших, эмзэгших, загатнах шинжээр илэрдэг үрэвсэлтэй тэмцэх эмчилгээний явцад эктоин агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Эктоин нь хэвийн болон хуурай арьсанд чийгшүүлэх, уян хатан чанарыг сайжруулах, үрчлээг багасгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг бол эмзэг арьсанд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, тайвшруулж өгдөг давуу талтай юм.