2025 оны аяллын гол чиг хандлагууд
Та 2025 оны аяллаа төлөвлөж амжсан уу? Туршлагатай аялагчид жилийн өмнөөс эхлэн ирэх жилийнхээ төлөвлөгөөг боловсруулж, санхүүгээ бэлдэхээс гадна тухайн жилийн аяллын тренд, шинэ чиглэл зэргийг судалдаг. Тэгвэл Airbnb-ээс эхлээд Booking.com хүртэл дэлхийн аялал жуулчлалын томоохон компаниуд аль хэдийн энэ онд эрэлттэй байх трендүүдийг нэрлэжээ.
Аяллын компаниудын гаргасан чиг хандлагуудыг хэрэглэгчдийн зан төлөв, захиалгын өгөгдөл зэрэг дээр суурилан үнэлж, хэрэглэгчдэд танилцуулдаг. Энэ нь тухайн онд аялах шинэ, халуун цэгүүдийг нээхэд тус болохоос гадна бид дэлхийг хэрхэн, яаж, яагаад судлах ёстой тухай бодлогошроход хүртэл хүргэдэг байна.
Тухайлбал, дэлхийн тэргүүлэгч, аялал жуулчлалын чиг хандлагыг урьдчилан таамаглах Globetrender агентлагийн гүйцэтгэх захирал Женни Саутан "Аялал жуулчлалын чиг хандлага нь бидний эргэн тойрны ертөнцтэй хэрхэн харьцах талаар тодорхой ойлголт, зураглалыг өгдөг учраас хүмүүс шинээр үүсэж буй трендийг дагах нь элбэг байдаг” хэмээн тайлбарлалаа.
Харин футурист соёл судлаач, Bureau концепц товчооны гүйцэтгэх захирал, хэрэглэгчийн зан төлөвийн талаарх шинжээч Жасмин Бина “Аялал жуулчлалын чиг хандлага нь өдөр тутмын амьдралын дүрмийг түдгэлзүүлсэн үед хүмүүс үнэхээр юу хүсэж байгааг харуулах боломжит цонх болж өгдөг. Яг одоо тэдний хүсэж байгаа зүйл бол өөрчлөлтийг мэдрэх явдал юм” хэмээжээ.
Ингээд энэ оны аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиг хандлагуудтай танилцаж, мартагдашгүй сайхан аяллаа төлөвлөхийг санал болгож байна.
1. Noctourism

Noctourism – гэдэг нь nocturnal (шөнө) + tourism (аялал жуулчлал) гэх үгсийн товчлол бөгөөд шөнийн аялал жуулчлалыг хэлдэг. Шөнийн аялал жуулчлалд шөнийн музей, биолюминесценц буюу гэрэл ялгаруулдаг амьтад, мөн Туйлын туяа үзэх зэрэг багтдаг аж. Тэгвэл нарны идэвхжил 2025 онд дээд цэгтээ хүрч, дэлхийн агаар мандалтай харилцан үйлчлэхийн тулд дунджаас их хэмжээний цэнэглэгдсэн тоосонцор илгээснээр Туйлын туяа харах гайхалтай боломжийг бий болгох болно.
Их Британийн Trailfinders аялал жуулчлалын компани Туйлын туяа харахад хамгийн тохиромжтой газраар Финландын Лапланд, Норвегийн Лофотены арлууд, түүнчлэн Шпицберген, Исланд зэргийг нэрлэсэн байна. Мөн ноктотуризм нь аялал жуулчлалын салбарын гол зарчим болох дэлхий ертөнцтэй холбоо тогтоох зарчмыг баримталж ажилладаг давуу талтай.
2. Calmcations

Calmcations – гэдэг нь calm (тайван) + vacation (амралт) гэх үгсийн товчлол ба зөвхөн амар амгалан байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн амралтыг хэлдэг. Энэ амралтын чиг хандлага 2025 онд ч алдартай хэвээр байх бололтой. Аяллын трендийн гол анхаарах зүйл бол мэдээж дуу чимээ. Учир нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хийсэн судалгаагаар дууны бохирдол, дан ялангуяа тээврийн хэрэгслийн дуу чимээ нь Баруун Европт эрүүл мэндийн хоёр дахь чухал асуудал болж буйг тогтоосон байна.
Havila Voyages аяллын компани Норвегийн эрэг дагуу өдөр тутмын амьдралын чимээ шуугианаас холдож, чимээгүй орчинд амрах боломж олгох амралтын газар нээжээ. Тус газарт чимээ шуугианыг хянах болон дууны хэмжээг хэмждэг станцуудыг байршуулсан байна. Эдгээр станцууд нь тухайн газрын дуу чимээг Нью-Йорк, Парис, Лондон зэрэг хотуудын дуу чимээний түвшинтэй децибелээр харьцуулах боломжтой.
Үүнээс гадна Хельсинкийн арал дээр архитекторууд Мажамажа гэх жижигхэн байшингуудтай цоо шинэ амралтын газрыг нээсэн байна. Эл газар нь амрагчдад амар амгаланг олгохоос гадна, технологиос зугтаж, байгаль эх дэлхийтэй дахин холбогдох нэгэн боломжийг олгож буй хэрэг юм.
3. Аялал ба хиймэл оюун ухаан

Сүүлийн үед техник, технологи аялал төлөвлөхөд нэлээдгүй чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тодруулбал, Amadeus аялал жуулчлалын технологийн компанийн хийсэн судалгаагаар хэрэглэгчдийн 50% нь 2025 он хүртэл хиймэл оюун ухаанд тэргүүлэх ач холбогдол өгөх магадлалтай байгааг олж тогтоосон байна.
Үүнээс гадна тус судалгаагаар олон аялал жуулчлалын компаниуд технологийг хэрхэн ашиглахаа сайн мэдэхгүй хэвээр байгаа гэх дүгнэлтийг гаргажээ. Хиймэл оюун ухааныг ажилтайгаа уялдуулж чадахгүй байгаа компаниудыг Amadeus аялал жуулчлалын Byway компаниас үлгэр дуурайлал авахыг санал болгожээ. Byway өөрсдийн хиймэл оюун ухаан бүхий системийг нэвтрүүлж, улс хоорондын аяллын цагийн хуваарь болон нислэггүй аяллыг санал болгодог билээ.
Харин Tripadvisor зэрэг бусад компаниуд аяллын маршрут гаргахад тус болох хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа бол маш олон нисэх онгоцны буудлууд цаасан шошгоос татгалзаж, ачаа тээшийг илүү үр дүнтэй ангилах технологийг нэвтрүүлэн ашиглаж байна. Түүнчлэн Hyatt зочид буудал таны зүрхний цохилт, хөдөлгөөн, цусны даралтыг хянаж, илүү тав тухтай, сайн унтаж амрах боломжийг олгох хиймэл оюун ухаанаар ажилладаг орыг нэвтрүүлжээ.
4. Амралтын романс

Цахим хэрэглээний өсөлтийг дагаад цахим сэтгэцийн ядаргаа ч нэмэгдсээр байна. Ялангуяа харилцааны талаарх асуудал дээр энэ өөрчлөлт мэдрэгдэж байгаа тухай судалгаагаар гарчээ. Тухайлбал, Forbes Health-ийн 2024 онд хийсэн судалгаагаар Z үеийнхний 79% нь онлайн харилцаанаас ядарсан мэдрэмж авдаг гэдгээ илэрхийлсэн байна.
Харин энэ асуудлыг шийдэхэд туслахаар дэлхийн аялал жуулчлалын хандлагыг урьдчилан таамагладаг Globetrender болон Amadeus агентлагууд бодит амьдрал дээр шинэ хүмүүстэй танилцах трендийг энэ оны гол чиг хандлагын нэгээр нэрлэлээ. Мөн G Adventures болон Flash Pack зэрэг байгууллагууд нь нийгмийн харилцаа хайж буй ганц бие аялагчдад зориулсан өргөн сонголттой аяллуудыг санал болгодог давуу талтай.
5. Ер бусын чиглэл

2024 онд аялал жуулчлалын уламжлалт цэгүүд хэт их ачаалалд автсаны дараа аялагчдын дунд хүн бүрийн тэр бүр мэдээд байдаггүй чиглэлд аялах тренд дэлгэрээд байна. "Хүмүүс тэднийг чин сэтгэлээсээ угтаж, хүлээн авах газрууд руу аялахыг хүсэж байна" хэмээн Byway компани хэлжээ.
Тус компани нь "дуураймал газар нутаг" гэгддэг үзэгдлийг онцолсон бөгөөд энэ нь алдартай газруудтай “ижилхэн” газар нутагт зочлох шинэ тренд юм. Жишээ нь аялагчид Корнуоллд очихын оронд түүнтэй адилхан Норфолк руу аялж болно гэсэн үг.
Ерөнхийдөө 2025 онд гол чиглэлүүд аялал жуулчлалын уламжлалт хязгаараас бага зэрэг холдсон газрууд байхаар байна. Trailfinders компани Узбекистаныг хамгийн шилдэг газар хэмээн нэрлэсэн бол, тансаг аялал зохион байгуулагч Scott Dunn компани Занзибар, Мадагаскар дахь шинэ зочид буудлууд болон алс холын Алдабра арал дээрх тансаг дарвуулт онгоцоор зочлоход хамгийн тохиромжтой хэмээн онцолжээ.
Харин Airbnb-ийн 2025 оны топ 20 газар нутгийн жагсаалтад Милтон Кейнс болон зүүн Сассекс багтсан ба энэхүү жагсаалтыг хайлтын мэдээлэл болон тус вэбсайт дахь хүслийн жагсаалт дээр үндэслэн гаргасан байна. Нөгөөтээгүүр 2024 онд жуулчдын хөлд дарагдаж байсан Ром, Токио, Милан зэрэг хотууд энэ онд ч гэсэн эрэлттэй хэвээр байх болно.
6. Coolcations ба улирлын бус сафари

Coolcations – гэдэг нь cool (сэрүүн) + vacation (амралт) гэх үгсийн товчлол юм. Өмнөд Европт амралтаа өнгөрүүлж дадсан хүмүүсийн хувьд "хаана халуун байна вэ?" гэж асуухаас илүүтэй "хаана халуун биш байна вэ?" гэж асуух нь эрс нэмэгдсэн гэнэ. Уур амьсгалын өөрчлөлт нь бидний аялал хийхээр төлөвлөж буй газруудад улам их нөлөө үзүүлсээр байна. Scott Dunn компанийн 2024 онд Финлянд болон Норвег руу хийсэн захиалгуудын тоо 26%-иар нэмэгдсэн гэж мэдээлсэн бол зундаа 20 орчим хэмийн дулаантай хойд Европ руу илүү олон жуулчин аялах магадлалтай хэмээн таамаглажээ.
Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн далайн эрэг дээр амрах хүсэлтэй хүмүүсийн аялалд нөлөөлөөгүй бөгөөд зэрлэг байгаль, ан амьтан үзэх хүсэлтэй аялагчдад хүртэл нөлөө үзүүлсээр байгаа юм. Тодруулбал, Скотт-Данн дахь аяллын оргил үе цаг агаарын уур амьсгалаас үүдэн арванхоёрдугаар сараас гурван сар болон өөрчлөгдсөн байна. Энэ бол цаг агаарын өөрчлөлт аялалд нөлөө үзүүлдгийн бодит жишээ бөгөөд аялал жуулчлалын салбарынхан болон аялагчид үүнд дасан зохицох гэж хичээсээр байгаа юм.
7. Ностальгия буюу өнгөрснөө эргэн санагалзах

Хөгжмийн ертөнцийн домгууд болох болох Oasis хамтлаг, Eminem нар 2025 оны Тейлор Свифтийн тэсрэлтийг эвдэж, аялал жуулчлалын салбарт шинэ салхийг оруулж чадах болов уу?
Тейлор Свифтийн Eras аялан тоглолт 2024 оны арванхоёрдугаар сард өндөрлөсөн бөгөөд түүний тоглолт дэлхий даяарх аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээжээ. Үүнээс харахад орчин үеийн дуу хөгжмийн салбар аялал жуулчлалтай салшгүй холбоотой болж байна. Тэгвэл Eminem, Oasis зэрэг 1990-2000 онд ид мандаж байсан уран бүтээлчид ч мөн адил аялал жуулчлалын салбарт нөлөөлөх магадлалтай байгаа юм. Магадгүй энэ нь "эргэн дурсахуй" аялал жуулчлалын өсөлтийг бий болгох хөшүүрэг болж өгөх боломжтой.
Globetrender энэ чиг хандлагыг "Шинэ цэцэглэх үе" гэж нэрлэсэн бөгөөд милленниалууд өсөж, идэр насанд ирэх үед тэдний хүүхэд байхад дуртай байсан зүйлс дахин сэргэх болно хэмээн тэмдэглэжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ, Европын насанд хүрэгчдийн зуны зуслан, Polly Pocket буюу хүүхэлдэйн байшин шиг ретро поп-апууд ихсэх магадлалтай гэж таамаглаж байна. Магад энэ нь биднийг тодорхойгүй байдлаас амарч, бага насны тухтай ертөнцдөө буцаж очихыг хүсэж байгааг илтгэж буй нэгэн илрэл юм болов уу?
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт