
Өөртөө итгэлтэй, эрх чөлөөт амьдралын илэрхийлэл Max Mara брэнд Монголд
Шангри-Ла төвд үүд хаалгаа нээжээ
Өөртөө итгэлтэй, эрх чөлөөт, дэгжин хэв маягийг өдөр тутамдаа бүрдүүлж чаддаг хүчирхэг эмэгтэйчүүдийн сонголт бол яахын аргагүй Max Mara. Италийн сонгодог хийц, хувиршгүй чанараараа дэгжин байдлын хэм хэмжээг дэлхийд тодорхойлдог энэхүү брэнд Монгол дахь үйлчлүүлэгчдэдээ илүү ойртон, их хотын “зүрхэн цэг” Шангри-Ла Моллд дэлгүүрээ албан ёсоор нээжээ.
Амжилттай эмэгтэй бүрийн ард өөрийн гэсэн өнгө өнгийн түүх бий. Сорилт, эргэлзээ, итгэл дүүрэн шийдвэрүүд, дахин урагшлах хүч, тансаг байдал гээд энэ бүхэн тэдний амжилтын гол орцууд. Эрхэмсэг хийгээд дэгжин, дотоод мөн чанараараа гэрэлтдэг тэдгээр дүр төрх бүрийн ард Max Mara үргэлж хамт байсаар ирсэн билээ. Тэгвэл бид энэ удаа Max Mara брэндийн үнэнч хэрэглэгч, Монголын урлаг, загварын ертөнц, бизнес, боловсролын салбарт тэргүүлэгчдийн төлөөлөл, амжилттай эмэгтэйчүүдийг урьж, дотоод ертөнцөөр нь хэсэгхэн зуур аяллаа.
Топ модель Э.Одгэрэл


“2018 онд би найз Байгальтайгаа хамт Швейцар руу явж, Max Mara брэндийн Fall/Winter коллекцийн анхны захиалгыг хийхээр очиж байлаа. Тухайн үед загварын ертөнц тэр чигээрээ Teddy coat-р амьсгалж, тэр зөөлөн, дулаахан, тансаг пальтонд дурласан байсан.
"Max Mara бол сонгодог, гэхдээ үргэлж орчин үеийн"
Очоод загварын өрөө рүү нь явж ороход шинэ коллекц маань аль хэдийн бэлэн болчихсон, ягаан, шар, цэнхэр, номин ногоон гэх мэт сэтгэл сэргээсэн өнгөнүүд өрөөстэй. Хараад л шууд гайхширч байсан тэр мэдрэмжээ тод санаж байна. Одоо Max Mara гэхээр хамгийн түрүүнд пальто, цув санаанд ордог. Гэхдээ энэ брэндийн үнэ цэн дан ганц загвараар хэмжигдэхгүй. Тэдний материалын сонголт, нарийн хийц, загвар зохион бүтээлийн төгс хоршил нь брэндээ үргэлж амилуулж байдаг.
Миний хувьд Max Mara гэдэг бол бие даасан, эрхэмсэг эмэгтэйн дүр төрхтэй. Тэр эмэгтэй заавал өөрийгөө тайлбарлаж ойлгуулах шаардлагагүй. Тэр эмэгтэй үнэ цэнээ өөрөө мэдэрдэг. Тайван хэр нь хариуцлагатай, амьдралдаа чамбай ханддаг, аливааг зөөлөн, хүчтэй мэдрэмжтэйгээр харж чаддаг тийм эмэгтэйн мөн чанараар би Max Mara-г төсөөлдөг.
Max Mara мэдээж сонгодог. Гэхдээ зогсонги биш. Орчин үеийн хэв маяг, мэдрэмжийг үргэлж шингээсэн байдаг. Тиймдээ ч тэр үед хийсэн бидний анхны захиалга өнөөдөр Монголд Max Mara брэндийн албан ёсны Mono дэлгүүрийг нээх үндэс суурь болж чадсан болов уу.”
Zoma Kitchen & Bar-ийн үүсгэн байгуулагч Н.Болормаа


“Лондонд оюутан байхдаа би хагас цагаар ажил хийдэг байлаа. 2007, 2008 оны хавьцаа. Тухайн үед надад Max Mara-ийн алдарт Bond Street салбарт ажиллах боломж гарсан нь миний хувьд үнэхээр олзуурхууштай санагддаг. Анх ажлын ярилцлагад орох гээд очтол дэлгүүрийнх нь менежер надтай маш эелдэг, хүндлэлтэй, найрсаг хандсан нь одоо хүртэл сэтгэлээс гардаггүй юм. Уг нь тэр үед чинь би энгийн л нэг оюутан байсан шүү дээ. Гэтэл намайг яг л байнгын үйлчлүүлэгч шигээ хүлээж авч, брэндийн философио эхнээс нь тайлбарлаж ойлгуулж билээ.
"Анхны сэтгэгдэл гэдэг маш чухал. Max Mara-д энэ зарчим хүчтэй оршдог."
Max Mara-д ажиллаж байх хугацаандаа би анхны сэтгэгдэл ямар их үнэ цэнтэй болохыг илүү ойлгосон. Миний хувьд өнөөдөр ч энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлдэг. Ялангуяа үйлчилгээний салбарт маань маш чухал. Манай ресторанууд зүгээр л сайхан хоол, амттай дарс зардаг биш, харин үйлчлүүлэгчдэдээ сайхан дурсамжийг бүтээж өгдөг гэж би харах дуртай. Хүмүүс орж ирэхдээ мэдээж хэрэг янз бүрийн л сэтгэл зүйтэй байгаа. Тиймээс ямар ч тохиолдолд халуун дотноор угтаж аваад, тухайн мөчийг нь сайхан болгох боломж бүрддэг. Үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа хүн бүр, ялангуяа менежерүүд энэ боломжийг олж харж, хүн бүрд анхны тэр сайхан сэтгэгдлийг төрүүлж, холбогдож чадвал үйлчилгээний салбар өөр түвшинд хүрнэ гэдэгт би итгэдэг.”
“Гончигсумлаа” сангийн үүсгэн байгуулагч Гэгээ
“Шинийг эрэлхийлдэг байдал, үргэлж шинийг бүтээх гэсэн хүсэл минь намайг загварын ертөнц рүү хөтөлсөн. 1990-ээд оны үед алдарт загвар өмсөгч Клаудия Шифферийн зургийг харсан мөчөө одоо ч тодхон санадаг. Гайхалтай эмэгтэй, гайхалтай бүтээлийг амилуулсан байхыг нь хараад сэтгэл догдолж, загварын урлагт анх дурлаж байлаа.


Загвар, урлаг, гоо зүй, тансаг байдал гэхээр миний хувьд Итали улс шууд санаанд ордог юм. Гар урлалын гайхамшиг, соёлын гүн гүнзгий уламжлалтай энэ орон бол дэлхийн урлагийн үнэт өвийг тээгч гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Сэргэн мандалтын үеэс өнөөг хүртэл урлагийн бүхий л салбарыг хөгжүүлсэн түүхийг нь бид мэднэ шүү дээ. Тиймдээ ч тэнд очих болгондоо би дотоод ертөнцөө дахин сэргээж, шинэ мэдлэг, шинэ сэдлийг олж авдаг. Үнэндээ Италиас суралцах зүйл хэзээ ч дуусашгүй. Энэ их know-how, чанар, хийцийн арвин туршлагаас би монгол залуучууддаа хуваалцахыг үргэлж хүсдэг. Тиймдээ ч “Гончигсумлаа” сан маань Италийн уран бүтээлч, артистуудыг эх орондоо урьж авчран, монгол залуучууд, уран бүтээлчидтэй туршлага солилцох гүүр нь болохоор зорин ажиллаж байна.
“Шинийг эрэлхийлэх хүсэл минь намайг үргэлж урагш хөтөлдөг.”
Мөн манай сан өсвөр насны хүүхдүүдийн хөгжлийг дэмжихээр урлаг, спорт, уран зураг, сэтгэлзүйн эрүүл мэнд гэсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Өсвөр нас бол хүний амьдралын хамгийн соргог, нандин, анхны мэдрэмжүүдээр дүүрэн үе. Тиймээс хүүхдүүд тэр болгоноо чөлөөтэй илэрхийлж, бүтээлч сэтгэлгээгээ алдалгүй хөгжүүлэх боломжийг олгох нь бидний бас нэг зорилго. Тэд ямар ч мөрөөдөлтэй байсан хамаагүй, гагцхүү тэр мөрөөдлөө бодит болгоход нь л дэмжлэг үзүүлэхийг хүсдэг дээ.”
Max Mara брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч, Байгал Хаус компанийн Гүйцэтгэх захирал О.Нинжин
“Max Mara моно дэлгүүрийг Монголд нээхэд хамт олон маань хамгийн их урам зориг болж өгсөн. Max Mara брэнд өөрөө ур чадвар, чанар гэсэн хоёр гол 'орцоор' ялгарч чаддаг гэж би боддог. Ур чадвар гэдэг бол чанартай бүтээлийн үндэс. Чанар өөрөө бүтээгдэхүүн дээр илрэхээс гадна, цаашлаад хүний амьдралын хэв маягт нөлөөлж байдаг. Max Mara энэ философийг өөртөө шингээсэн брэнд.


"Сэтгэл шингэсэн бүтээлд үнэ цэн оршдог.”
Италийн бусад брэндүүдтэй хамтарч ажиллаж байхад ч гэсэн олон зүйлийг суралцах боломжтой. Тэдний өв соёл, гар урлалын ухаан, уламжлалаа нандигнан авч яваа тэр сэтгэл, утга учир, үнэ цэн гээд бүгд бүтээгдэхүүнийх нь чанараас шууд мэдрэгддэг. Энэ нь бидний хувьд Монголынхоо өв уламжлалыг тээж, хөгжүүлж яваа Байгал брэндийн маань философитой их нийцдэг юм. Тиймдээ ч Италийн туршлагаас байнга суралцаж, Байгал брэндээ гадаадын зах зээлд илүү хүчирхэг байршуулахаар зорин ажиллаж байна.”
“Sarnaikh Boutique”-ийн үүсгэн байгуулагч Ү.Сарнай
“Урлагийн гэр бүлд төрж өссөн миний хувьд урлаг гэдэг бол зүгээр нэг сонирхол бус, амьдралын минь салшгүй хэсэг. Төрсөн цагаасаа л урлагтай амьдарч ирсэн гэж хэлж болно. Энэ утгаараа интерьер, орчны тохижилт, цэцэг урлал зэрэг хийж бүтээж буй бүх л зүйл минь гоо зүй, тансаг байдалтай холбогддог. Үүнээсээ би амьдралын урам зориг, өнгө өнгийн торгон мэдрэмжийг авч хөглөгддөг дөө.


Max Mara бол миний хувьд амьдралын хэв маяг, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг төгс хослуулсан брэнд. Хүн өөрийнхөөрөө, хамгийн тав тухтайгаараа байх тэр мэдрэмжийг Max Mara-с авч болно.
"Урлаг, гоо зүй, яруу тансаг байдал бол миний амьдралын салшгүй хэсэг"
Италийн бусад брэндүүд, цаашлаад дэлхийн загварын ертөнцөд Max Mara өөрийн гэсэн өнгө төрх, хувиршгүй чанар хийцээрээ үргэлж ялгарч ирсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам Max Mara–ийн үнэ цэн улам л тодорно уу гэхээс бүдгэрдэггүй. Анх авсан тэр мэдрэмж, тухайн загвар, материалын тансаг хийц, цэмцгэр байдал нь олон жилийн туршид яг л хэвээрээ. Энэ чанараараа Max Mara цаг хугацааны шалгуурт тэсэж үлддэг брэнд.”
Max Mara брэндийн үнэнч хэрэглэгч Энхзаяа
“Байгал дэлгүүр Valentino брэндийг оруулж ирэх үед би анх Valentino-г их сонгодог байлаа. Дөрөв таван жилийн өмнөөс юм уу даа. Удалгүй Max Mara-г оруулж ирэхэд нь надад бүр ч илүү тохирч байгаа юм шиг санагдсан. Боловсролын салбарт ажилладаг хүний хувьд цэвэрхэн, ажил хэрэгч, аль ч улиралд гаргаж ирээд өмсөхөд тохиромжтой загваруудыг би илүүд үздэг. Өдөр тутмын ажил, албан уулзалт, хурал, лекц гээд олон нөхцөлд хамгийн сайн зохицдог.


Миний хувьд хүний амьдралын хамгийн чухал зүйл бол биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэнд. Энэ хоёр эрүүл байж хүн өөрийгөө нээж, амьдралын утга учрыг гүн гүнзгий мэдэрч чаддаг. Эрүүл мэндийн дараа зайлшгүй байх ёстой зүйл бол хүнлэг чанар буюу бусдыг ойлгох, энэрэнгүй, нинжин сэтгэл. Энэ нь биднийг зөвхөн сайн хүн болгоод зогсохгүй, нийгмээ эерэг энергиэр тэтгэх хүч юм шиг санагддаг.
"Max Mara бол ямар ч нөхцөлд өөртэй итгэлтэй байх сонголтыг танд олгоно”
Дараа нь мэдээж боловсрол. Хүн өөрийн сурсан мэдсэн зүйлдээ эзэн болж, мэргэжлээрээ тууштай байж чадвал ямар ч салбарт амжилтад хүрч чадна гэдэгт би итгэдэг. Тууштай зан чанар, чин сэтгэлээс урган гарсан хөдөлмөр хэзээ ч талаар өнгөрдөггүй. Энэ итгэл үнэмшил маань Max Mara брэндийн философитой гүн уялддаг. Өөрөөр хэлбэл, Max Mara хэзээ ч түр зуурын тренд хөөж бусдын араас явдаггүй. Харин ч эсрэгээрээ, өөрийн үнэт зүйл, хувиршгүй чанараа тууштай хадгалж, цаг хугацааны шалгуурыг даван гарч ирсэн брэнд. Энэ тууштай, өөртөө үнэнч байдал нь тэднийг дэлхийн хэмжээнд нэр хүндтэй, итгэл төрүүлэм брэнд болгосон байх.”




Тансаг орчин дэлхийн стандартаар Улаанбаатарт
Ийн ярилцахаар бид Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт сүндэрлэх Max Mara-ийн шинэхэн моно дэлгүүрээр зочилсон юм. Дэлгүүрийн хаалгыг нээх тэр агшинд ногоон өнгийн Calacatta чулуун хана, брасс хүрээ бүхий үүдний хэсэг харц булааж, италийн сонгодог хийц, тансаг орчин, таатай уур амьсгал биднийг угтсан билээ. Цааш алхвал нарийн шилэн ханаар тусгаарласан зохион байгуулалт, том зочны өрөө, нийт 150 м² талбай бүхий цэлгэр орчин нь танд үйлчилгээний дээд зэрэглэлийн мэдрэмжийг төрүүлэх болно.
Тэд энэхүү төслөө хоёр жилийн турш төлөвлөж, дэлхийн стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн интерьер концепцоор бүтээсэн байна. Итали өв соёл, орчин үеийн минимализмийг төгс хослуулсан энэ л орон зайд та өөрийн тансаг аяллыг эхлүүлж, итгэл дүүрэн сонголтыг хийгээрэй.
Max Mara
Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар Max Mara дэлгүүр
Холбогдох утас: 77733444
Instagram: @Baigalstore