Max Mara брэнд эмэгтэй 007 тагнуулчдад зориулсан цуглуулга бүтээлээ
Тагнуулч бүсгүйн өдөр тутмын хувцаслалт
Уран зөгнөлт ертөнцийн домогт тагнуулч Жеймс Бондын шинэ кинон дээр зохиолч Фиби Уоллер-Бриж ажиллахаар томилогдож шинэ эринд тохирсон хүйсийн тэнцвэртэй зохиол бичихээр болсон тухай мэдээ Max Mara брэндийн бүтээлч захирал Иан Гриффитэд шинэ цуглуулгын үндсэн санааг өгчээ. Тэрээр эмэгтэй 007 тагнуулч өдөр тутамдаа хэрхэн хувцаслах байсан бол хэмээн төсөөлж олон халаастай хүрэм, цэргийн аястай тренч цув, шулуун эсгүүртэй пальто зэрэг загварууд бүтээсэн байна. Дизайнер мөн өвдөг хүрсэн шоорт ба пиджакны хослол дээр онцгой анхаарал хандуулан хослолын олон хувилбарыг танилцуулсан бөгөөд Франц цэргүүдийн өнгөрсөн зууны эхэн үед өмсдөг байсан малгайг цуглуулгын гол аксесуараар нэрлэжээ. Харин шинэ загваруудыг Кайя Гербер, Жижи ба Белла Хадид гэх шинэ үеийн моделиуд тайзнаа амилуулсан байна.