Хайх

\"БИ\" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид

"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид

Мэдрэмжээ зургаар илэрхийлэх нь хүмүүн бидний хүн байхын хувь заяа билээ

Text: Ж.Булган



"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 1)

Налайж ургасан унтаа модод цасаа гөвөн урин цаг ирж буй сэвэлзүүр салхитай энэ өдрүүдэд хүмүүс бид нарны алтан туяа, бороо хоёрыг хүлээх л үлдлээ. Хүмүүн бидний зүрх сэтгэлийн булгиа болгон өөрийн учир, эргэх дөрвөн улирлын хүрд хүн болгонд адилгүй өнгөөр харагдана. Өөрийн дотоод оршихуйгаа таньж мэдэх ухамсрын аялал гүн, эцэс төгсөлгүй. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай, мэдэрсэн мэдрэмж бүрээ зургаар илэрхийлэх нь хүмүүн бидний хүн байхын хувь заяа билээ.

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зураач Пунцагийн Цэгмид хэмээх эгэлгүй нэгэн зураачийн бие даасан үзэсгэлэн нийслэл хотод маань дэлгэгдлээ. Их хотын маань төв цэгт байрлах Лхам галерейд танилцуулагдаж буй түүний үзэсгэлэн, монгол зон олон хийгээд гадаадын зочин гийчдийг нэгэн дээвэр дор урин дуудлаа. Хүүхэд ахуй цагаасаа дүрслэх урлагтай нөхөрлөсөн тэрээр жаран жилийн дараа анхны бие даасан үзэсгэлэнгээ танилцуулж буй нь ихэнх хүмүүсийн удаан хүлээсэн мөч байлаа. Үзэсгэлэнгийн нэр тун энгийн, “БИ”... Би гэж нэрлэх болсон шалтгаан ч угтаа их энгийн, ердөө л миний амьдрал ийн өнгөрч буй хэмээх эгэл гүн ухааныг нэгхэн үгээр илэрхийлсэн ажээ.

Зураачийн нүдээр Монголоо тольдон харсан өнцөг, Монгол ахуйг байгаа чигээр нь буулгасан бүтээлүүд нь тодорхой өнгө, арга хэлбэрт баригдсангүй. Ямарваа нэгэн бүтээл гарахдаа аргын ухаанаар дамжин гардаг гэдэгчлэн зураач өөрийн бүтээлийг янз бүрийн аргаар туурвиж, үзэгч олны мэлмийг баясгалаа. График зураг, пастелэн зураг, тосон будгаар илэрхийлэгдэх түүний бүтээлүүд таван өртөөтэй. Ирсэн зочид үзэсгэлэнгийн танхимд нар зөв тойруулан байрлуулсан хангай говь хосолсон Mонголын үзэсгэлэнт байгалийг зураачийн нүдээр харах аялал ийнхүү эхэлнэ...

Сүүн цагаан ханаар ахуй ааль, хөдөөгийн баясгаланг дүрсэлжээ. Шаргалтан харагдах уулсын орой, гэрийн тооноор буух үд дундын тэнгэрийн цэнхэр туяа, өвлийн цагаан шөнө. Уг бүтээлүүдийг харсан хэнбугай ч ийм дүр зургийг өмнө нь харж, туулж байсан мэт дотно.

"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 2)
"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 3)

''Ижий говь'' хэмээх түүний бүтээл үзэсгэлэнгийн бас нэгэн цөм болой. Эх орны маань хамгийн том цав газар болох Хэрмэн цавыг зураач дүрслэн харуулахдаа тод өнгийг түлхүү ашигласан нь уянгын хэтрүүлэг, оюун санааны халил төгөлдөржих мэт. Өвөрмөц тогтоцтой толгод, ганга жалгатай мөргөцгийг нарны туяанд хэрхэн харагдахыг ийн буулгасан нь түүний яруу хийгээд зоригтой гүйцэтгэлийн хоршоо ажээ. Тус бүтээлээ хайрт ээждээ зориулсан нь өвгөн зураач хүйн холбоогоо газар эхтэйгээ холбон мөнхөлжээ.

"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 4)

Тэрээр зөвхөн уран бүтээлч биш, бас аялагч. Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоор аялсан түүний тэмдэглэл өнөөдөр бидний өмнө зураасан зургаар дэлгэгдэж байна. Энэ бол зүгээр нэг дурсамжийн цуглуулга бус, газар орны зураглал шиг түүх, зураас бүртээ утга агуулсан уран дүрслэлийн аялал юм. Байгаль дэлхийн өнгө төрх, уул усны сүр хүч, моддын намуухан хөдөлгөөн, тосгон суурины дүрслэл хараа булаам бүтээл болон амилжээ. Харсан бүхнээ сэтгэлдээ тунгааж, зураасан зургийн нарийн мэдрэмжээр дамжуулан үзэгчидтэйгээ хуваалцсан нь түүний бүтээлийн жинхэнэ илэрхийлэмж. Та энэ үзэсгэлэнд зүгээр зураг үзэхгүй. Та хамтдаа аялна. Зураачийн зүрх сэтгэлээр туулсан замаар, зураас бүрийн гүн рүү өнгийж, түүний мэдэрсэн мэдрэмж, сэтгэлийн хэлбэлзлийг өөрийнхөөрөө мэдрэх аялал болно.

"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 5)
Зураг: Монголын Зураачдын Эвлэл 
"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 6)
"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 7)
"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 8)
"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 9)
"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 10)
Зураг: Монголын Зураачдын Эвлэл
"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 11)
Зураг: Монголын Зураачдын Эвлэл
"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 12)
Зураг: Монголын Зураачдын Эвлэл
"БИ" өнөөдрийг маргааш сануулах гэж бүтээдэг – П.Цэгмид (фото 13)

Бүтээл болгоныг цааш тоочин бичвэл энэ нийтлэл үл дуусах биз ээ. Зураачийн хэлэх гэсэн санаа, далд утгыг шүүн тунгаах дараагийн өртөөг бид танд үлдээе. Тус үзэсгэлэн нь тавдугаар сарын 2-ны өдөр хүртэл дэлгэгдэх бөгөөд Цэгмид гуайн зуу зуун бүтээлүүдээс түүвэрлэн толилуулагдаж байгаа юм. Түүний эцэсгүй урын сангийн цөөхөн бүтээлүүдийг та амжиж үзэх үлдлээ. Бидний дурдаагүй хамгийн сор бүтээлүүдийг өөрийн биеэр очиж үзээрэй.

Нийтлэлээ жаргаахын өмнө эмхэтгэн бичвээс: МУСГЗ, зураач Пунцагийн Цэгмидийн бүтээлүүд танд хамгийн дотно мэдрэмжийг л авчирна. Ахуй ааль, төрж өссөн говь нутаг, байгалийн өнгө төрхийг мэдрэхийн сацуу зураачийн өөрийн амьдрал, хайрт аав ээж, үр хүүхдүүдээ дурсан санагалзсан бодол, ахин нэг удаа өнгөрсөн рүү гээ аялах гэсэн хүслэн, өвгөн зураачийн дотор орших гүдэсхэн жаал хүүг та харах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх