Хайх

Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Text: Д.Марал


Аравдугаар сарын 27-ны сэрүү татсан намрын үдэш Улаанбаатарын зүрхэн тушаа орших Central Park барилгын 10 давхарт Лхам галерейн нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллаганы хүрээнд Монголдоо төдийгүй дэлхий дахинаа танигдсан реалист уран зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ толилуулж Лхам галерейн түүхийн эхлэлийг тавьсан юм.

Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 1)

Энэхүү галерей нь Монголын анхны олон улсын контемпорари урлагийн арт галерей гэдгээрээ онцлог ба дотоодын төдийгүй Төв Азийн уран бүтээлчдийг дэлхийд сурталчлах, тэднийг дэмжих зорилготой бий болсон билээ. Мөн Лхам галерей нь Монголын баялаг урлагийн өв соёл болон түүхийг бусдад таниулах зорилгоор орон орны урлаг судлаачдаас бүрдсэн мэргэжлийн хамт олонтой хамтран боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа гэнэ. Галерейн үүсгэн байгуулагч М.Нацагсүрэн хүндэтгэлийн үгээ хэлэхдээ “Лхам галерейн нэр нь миний эмээгийн нэр юм. Тэрээр миний хувьд хамгийн нандин, дотнын хүн байсан ба би түүнээс маш их зүйлд суралцаж, урам зориг авч байсан тул энэ нэрийг сонгосон. Бид салбартаа мэргэшсэн зөвлөхүүд болон гаднын баг хамт олонтой хүчээ нэгтэн уран бүтээлчдээ олон улсын хэмжээнд гаргахыг зорин ажиллах болно. Энэ зорилгын дагуу мөн 2023 оны нэгдүгээр сараас эхлэн томоохон үзэсгэлэнгүүд гаргахаар төлөвлөж байгаа юм. Иймд хүмүүс хүрэлцэн ирж энд дэлгэгдэх гайхалтай уран бүтээлүүдийг таашаан сонирхоосой гэж хүсэж байна” хэмээсэн юм. 

Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 2)
Лхам галерейн үүсгэн байгуулагч М.Нацагсүрэн

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд уран зураач Отгонтүвдэн үргэлж сэтгэлдээ тээж явдаг санаагаа хэрэгжүүлэхээр шийдэж үзэсгэлэнгээ “Өнгөрсөн Одоо” гэж нэрийдсэн нь түүний хувьд чухал учиртай билээ. Тэрээр өнгөрсөн, одоо гэдэг хоёр үгний дунд холбоос үг байхгүй байгаагийн шалтгаан нь одоо цаг гэдэг нь удаан оршин тогтнодоггүй ба яг одоо болж байгаа зүйл тэр дороо л түүх буюу өнгөрсөн цагт тооцогдож эхэлдэг болохыг тайлбарласан юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд зураач өөрийн арга барилаа өөрчилж, шинэ хэв маягуудыг уран бүтээлдээ тусгаж эхэлсэн ба энэхүү үзэсгэлэн Отгонтүвдэн уран бүтээлчийн замналыг харуулахын сацуу цаг хугацаа, орон зайгаар аялуулж, өнгөрсөн болон одоог нэгэн зэрэг харуулна.


“Хүмүүс хуучин үеийн урлаг болон орчин үеийн урлаг гэж ангилаад байдаг. Би бол тэгж ангилах дургүй. Урлаг хэзээ ч хуучирдаггүй. Энэ үзэсгэлэн урлагийг цаг хугацаагаар баримжаалах боломжгүй гэдгийг харуулах болно”

- Б.Отгонтүвдэн.


Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 3)
Зураач Б.Отгонтүвдэн

Галерейн нээлтийн арга хэмжээнд уригдсан зочдын дунд урлаг, загвар, бизнес гээд салбар салбарын эрхмүүд байлаа. Үзэсгэлэнгийн танхим руу ороход цагаан өнгө давамгайлсан, илүү дутуу детальгүй минимал дотоод засал болон зөөлөн гэрэлтүүлэг нь зочдын бүх анхаарлыг бүтээлүүд рүү хандуулах зориулалтаар хийгдсэн байв. Түүнчлэн хийлчдийн квартет хамтлагийн эгшиглүүлэх сонгодог аялгуу болон морин хуурын үзүүлбэр тухайн орчинд бүрдсэн уур амьсгалтай сүлэлдэн онцгой нэгэн хоршлыг үүсгэжээ. Танхимын ханануудаар хар цагаан хөрөг зургууд, Монголын ахуй соёл болон түүх, зураачийн өдөр тутамдаа хардаг дүр зургууд, түүний гэр бүл гээд Отгонтүвдэнгийн Санкт-Петербург хотноо, И.Е.Репиний академид суралцаж, багшилж байхдаа зурсан зургууд, мөн эх орондоо ирснээсээ хойш туурвисан шинэхэн бүтээлүүд өлгөгдсөн юм. Тэр дундаас зураач өөрийгөө охины хамтаар зотон дээр буулган дүрсэлсэн нь цугласан зочдын анхаарлыг ихэд татан, сонирхолтой хэлэлцүүлэг өрнөхөд хүргэсэн билээ. Мөн Отгонтүвдэнгийн гэргий Ариунаа өөрийг нь дүрсэлсэн зургуудыг тус арга хэмжээн дээрээс анх удаа хараад нүүрэндээ ичингүй инээмсэглэл тодруулан бүтээлүүдийг ажиглах нь үдшийн хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа. 

Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 4)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 5)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 6)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 7)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 8)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 9)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 10)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 11)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 12)

Зочид зураачийн өөр өөр цаг үед бүтсэн зураг тус бүрийн өнгө, техник, өгүүлэмж зэргийг анхааралтай гэгчээр ажиглан, төрсөн мэдрэмжээ бусад зочидтой төдийгүй Отгонтүвдэнтэй өөртэй нь хуваалцах боломжтой байсан нь мартагдашгүй дурсамжийг бүтээж чадсан юм. Ерөөс үзэсгэлэн бүхэлдээ сэтгэл булааж, бишрэл төрүүлж чадсан ба Лхам галерейн бүтээлч захирал, мөн тус үзэсгэлэнгийн куратороор ажилласан Кристианна Бонины хэлсэн “Отгонтүвдэн зураачийн уран бүтээлүүд хүнийг ховсдох мэт гайхамшигтай. Ганцхан бийрийн зураасаар л хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг чадварлаг зураач” гэх үгстэй нь санал нийлэхгүй байхын аргагүй байв. Кристианна мөн галерейн үйл ажиллагааг танилцуулахдаа “Лхам галерей нь орчин үеийн урлаг болон соёлын үндэс тавигдах суурь нь болж, улмаар бүхий л төрлийн бүтээлч санаанууд урсан орж ирэх нээлттэй хаалга, мөн онцгой нэгэн платформ гэдгийг хүмүүс хараасай гэж хүсэж байна. Тун удахгүй та бүхэнд сонирхолтой хөтөлбөрүүдээ хүргэнээ” гэж амласан билээ.

Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 13)
Лхам галерейн үүсгэн байгуулагч М.Нацагсүрэн, Лхам галерейн бүтээлч захирал Кристианна Бонин нар

Ингээд зочид галерейн хамт олон болон зураачтай дотнын яриа өрнүүлж тусгай зассан хэсгээс улаан, цагаан дарснаас сонголтоо хийн, төрөл бүрийн зууш амтлан цагийг таатай өнгөрүүлж байх зуур хөөмийч Д.Даваасүрэн хэл хуур зэмсгийн үзүүлбэр үзүүлж, дараагаар нь жааз дуучин Б.Солонго “Shiny Stockings”, “Misty”, “Совин билгийн дуу”, “Сэтгэл догдлуулсан орой” зэрэг сонгодог бүтээлүүдийг эгшиглүүлэн сонор, мэлмийг баясгасан билээ. Нээлтийн үйл ажиллагаанд ирж, Лхам галерейн хамт олны шингээсэн хүч хөдөлмөр, том зорилгыг өөрийн биеэр мэдэрсэн зочид онцгой концепц, шинэлэг өнгө төрхтэй орон зай энд бий болсныг тэр үдэш мэдэрлээ. 

Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 14)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 15)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 16)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 17)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 18)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 19)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 20)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 21)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 22)
Лхам галерейн нээлтийн хүрээнд зураач Б.Отгонтүвдэн “Өнгөрсөн Одоо” үзэсгэлэнгээ дэлгэлээ (фото 23)

“Өнгөрсөн Одоо” үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал Central Park барилгын 10 давхарт дэлгэгдэнэ.

Lkham Gallery

Хаяг: СБД, 1-р хороо, Central Park, 10 давхар

Утас: +976 99243226

Facebook: Lkham Gallery 

Instagram: @lkham_gallery

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх