“Сэтгэлийн хат-өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн Монголд
Амстердам хотын Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сан болон Нидерландын Хаант Улсын хамтарсан Сэтгэлийн хат - өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын Лхам галерейд 2024 оны наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 18-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдахаар болжээ.
Энэхүү үзэсгэлэнд 2000-2021 оны хооронд зохион байгуулагдсан Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зураг тэмцээнээс шагнал хүртэж байсан онцлох гэрэл зургууд багтсан бөгөөд эдгээр зургууд нь охид, эмэгтэйчүүд өөрт тулгарсан сорилт, саад бэрхшээлүүдийг амжилттай даван туулж буй талаар харуулсан түүхэн мөчүүдийг тусгаж өгсөн аж.
Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сангийн тухай
Нидерланд улсын Амстердам хотод төвтэй Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Сан нь гэрэл зургийн сурвалжлагчид, баримтат гэрэл зурагчид болон дэлхий дахины үзэгчдийг найдвартай, үнэн бодит мэдээллээр дамжуулан холбодог бүтээлч, хараат бус, ашгийн бус байгууллага юм.
Тэдний үүсэл түүхээс дурдвал, 1955 онд Нидерландын хэсэг гэрэл зурагчид өөрсдийн бүтээлийг олон улсын үзэгчдэд хүргэх зорилгоор Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зураг хэмээх тэмцээнийг зохион байгуулж байжээ. Үүнээс улбаалан Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зураг гэх байгууллага салбарлан үүсэж байсан түүхтэй аж. Тэр цагаас хойш тэдний зорилго өргөжин тэлж, тус тэмцээн нь жил бүр зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болжээ. Цаашлаад тус байгууллага нь дэлхий дахинд түүхэн гэрэл зургуудыг дэлгэн үзүүлэх, үзэсгэлэн гаргах, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар олон сая хүмүүст хэрэгтэй, чухал түүхүүдийг танилцуулах болсон байна.
Сэтгэлийн хат - өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх үзэсгэлэнгийн талаар
Хүйсийн тэгш байдал, шударга ёс бол хүний үндсэн эрх төдийгүй нийгмийн бүлгүүд хоорондын харилцан уялдаа, холбоог бий болгоход чухал нөлөөтэй. Хэдий тийм боловч дэлхийн өнцөг булан бүрд эмэгтэйчүүдэд тэгш бус хандах хандлага амь бөхтэй оршсоор байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн төлөөлөл улс төр болон эдийн засагт хангалтгүй хэвээр л байгаа юм. Тухайлбал 2021 оны байдлаар дэлхий дахинд эмэгтэйчүүд засгийн газрын нийт 35,500 орчим суудлын дөнгөж 26.1%, 3,400 гаруй сайдуудын 22.1%, бүх удирдах албан тушаалуудын 27%-ийг бүрдүүлж байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь дэлхий дахины эрүүл мэнд, аюулгүй байдлыг хөндсөн ноцтой асуудлуудын нэг хэвээр байгаа хэдий ч гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодын, эсвэл бэлгийн халдлагад өртдөг гэсэн судалгаа бий.
Иймд Нидерланд улс эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдал, шударга ёсыг хангахын төлөө үүрэг хүлээсэн гэдгээ тус үзэсгэлэнгээр дамжуулан илэрхийлжээ. Тухайлбал тэд хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, жендерт суурилсан хүчирхийлэл, нөхөн үржихүйн болон тэгш боломжоор хангагдах эрхийн талаар олон гүнзгий ойлголтуудыг 13 улсын 17 гэрэл зурагчны бүтээлүүдээр дамжуулан харуулахыг зорьсон байна. Түүнчлэн сонгогдсон гэрэл зургуудад өгүүлэх түүхүүд нь одоо цагт эмэгтэйчүүдийн болон жендерийн асуудлууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг, мөн гэрэл зургийн сэтгүүлзүйд эдгээр асуудлуудыг дэлгэн харуулах арга замууд хэрхэн хөгжсөнийг харуулах чухал зорилготой аж.
Үзэсгэлэнд дэлгэгдэх онцлох бүтээлүүд
Энэхүү үзэсгэлэнд Финбарр О’Рейлли, Майка Элан, Каталина Мартин-Чико, Пабло Тоско, Оливиа Харрис, Террел Гроггинс, Жонатан Бахман, Хеба Хамис, Даниель Берехулак, Робин Хаммонд, Диана Маркосиан, Йан Граруп, Магнус Веннман, Фулвио Бугани болон бусад гэрэл зурагчдын бүтээлийг толилуулах бөгөөд үзэсгэлэнд дэлгэгдэх зургуудаас онцолбол:
Анна Бойазисын Усанд олсон эрх чөлөө гэрэл зурагт Занзибарын Муюуни далайн эргээс зайтай орших Энэтхэгийн далайд сэлэх, аврах ажиллагаа явуулах талаар сурч буй Кижини бага сургуулийн сурагчдын түүхийг харуулна. Занзибарын Архипелаго арлын иргэд "охидын биеийг бүрэн халхлах усны хувцас байхгүй" гэх шалтгаантай холбоотойгоор тэднийг усанд сэлж сурахыг эртнээс дэмждэггүй байжээ. Гэвч Хойд Занзибарт усанд живж осолдох тохиолдол их гардаг учир тус тоог бууруулах зорилгоор Панже төслийн хүрээнд нутгийн охид, эмэгтэйчүүдэд усанд сэлэх ур чадвар эзэмшүүлж эхэлсэн байна. (Гэрэл зураг | Анна Бойазис | Пулитцер Төв)
Форо Алаейны Эрх чөлөөний төлөө гэрэл зурагт Иран улсын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд орох эрхээ хасуулсан эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг харуулсан ба тэд хэрхэн эрэгтэй хүмүүс болж зүсээ хувилган, цэнгэлдэх хүрээлэнд орж, мөн энэ үеэрээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж буй талаар харуулжээ. (Гэрэл зураг | Форо Алаей | Пулитцер Төв)
Ирина Вернингийн Амлалт гэрэл зурагт Аргентин улсын Буэнос Айрес хотод амьдардаг 12 настай Антонелла охины талаар өгүүлжээ. Урт үсээрээ алдартай тэрээр Ковид-19 цар тахлын улмаас сургуульдаа суралцах боломжгүй болов. Харин суралцах хүслээр дүүрэн охин "Хэрэв хичээлдээ явах боломж олдвол үсээ тайруулна" хэмээн амлалт өгсөн аж. Энэ талаар гэрэл зурагчин "Антонелла сургуулийн амьдралдаа буцаж очихын тулд өөрийн хамгийн үнэт эрдэнэ болох үсээ оронд нь өгч байна" хэмээн хэлж байсан юм. Ийнхүү тэрээр 2021 оны есдүгээр сарын 25-ны өдөр амлалтаа биелүүлэн, хичээлдээ буцаж очихынхоо өмнө үсээ тайрчээ. (Гэрэл зураг | Ирина Вернин | Пулитцер Төв)
Lkham Gallery
Хаяг: СБД, 1-р хороо, Централ Парк Оффис, 10 давхар
Facebook: Lkham Gallery
Instagram: @lkham_gallery
Ажиллах цаг: Даваа - Баасан 10:00-19:00 цаг
Бямба - Ням 11:30-19:00 цаг.
Үзэсгэлэн үнэ төлбөргүй зохион байгуулагдана.