Хайх

Анхаарлын төвд: The White Lotus 3 цувралын эргэн тойронд

Анхаарлын төвд: The White Lotus 3 цувралын эргэн тойронд

Спойлер агуулсан!

Text: Э.Цовоо


HBO Max-ын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох The White Lotus цувралын гуравдугаар бүлэг саяхан цацагдаж дууслаа. Тус цуврал нь нээлтээ хийсэн цагаасаа хойш өөрийн өвөрмөц уур амьсгал, нийгмийн асуудлуудыг хөндсөн ёжтой хошигнол, санаанд оромгүй үйл явдлаараа үзэгчдийг татсаар ирсэн юм. Мөн саяхан цувралын найруулагч Марк Уайт The White Lotus цувралын дөрөвдүгээр бүлэг хийгдэхээр болсон тухай албан ёсоор мэдэгдсэн нь үнэнч үзэгчдийнх нь хувьд баяртай мэдээ болсон билээ.

Иймд үзэгчдийн дунд халуун сэдэв болж буй The White Lotus цувралын гуравдугаар бүлгийн тухай сонирхолтой баримтуудыг уншигч та бүхэндээ хүргэж байна.


Уолтон Гоггинсын сэтгэл өвтгөм хуучны дурсамж эргэн сэргэсэн нь

Анхаарлын төвд: The White Lotus 3 цувралын эргэн тойронд (фото 1)

The White Lotus цувралд аавынхаа өшөөг авах зорилгоор Тайланд улсад ирсэн Рикийн дүрийг жүжигчин Уолтон Гоггинс бүтээсэн бөгөөд тэрээр мөн 20 жилийн өмнө тус улсад зочилж байсан түүхтэй. Тодруулбал, түүний эхнэр Лианна Гоггинс амиа егүүтгэж, Уолтоны амьдралд хүнд уй гашуу тохиолдсоноор тэрээр бага ч болов амар амгалан, тайвшралыг мэдрэхээр Тайландыг зорьж байжээ. 

Уолтон Гоггинс энэ талаар "Эхнэр маань нас барах үед би Рикийн дүр шиг л төөрөлдсөн, гарах гарцгүй болсон мэт мэдрэмж авч байсан. Тиймээс ч The White Lotus цувралын зохиолыг уншиж үзэхэд би үнэхээр Рикийг ойлгож, мэдэрч, хайрласан. Хүмүүс ч бас түүний дүрийг хайрлана гэдэгт итгэлтэй байсан. Миний бодлоор хувь тавилан надад энэ дүрд тоглох боломжийг олгосон байх" хэмээжээ. 

Үүгээр ч зогсохгүй The White Lotus цувралын кино багынхан гуравдугаар бүлгийн зураг авалтыг хийхээр Бангкокын Чао Праяа мөрний эрэг дээр очиход жүжигчин Уолтон Гоггинсын дотор маш хачирхалтай, үгээр тайлбарлаж боломгүй мэдрэмж төрсөн гэнэ. Учир нь цувралын зураг авалтыг Уолтоны Тайланд улсад анх ирэхдээ байрлаж байсан жижиг буудлын өмнө хийхээр төлөвлөсөн байж. Тэрхүү газрыг хараад Уолтон эргэн тойрны хүмүүстээ хандан "Өө бурхан минь... Энэ чинь миний 20 жилийн өмнө Тайландад ирэхдээ байрлаж байсан буудал байна шүү дээ" хэмээн гайхширан хэлсэн гэдэг. Энэ талаар дурсан ярихдаа Уолтон "20 жилийн зайтай, хоёр өөр хүн... Тэр үеийн би, одоогийн би, яг ижил газарт дахин уулзаж буй энэ хачирхалтай давхцалын утга учрыг одоохондоо би бүрэн ойлгож амжаагүй л байна" хэмээн хуваалцсан юм. 


Найруулагч Марк Уайт цувралд Айми Лу Вудийг тоглуулахын тулд HBO-тэй ширүүхэн маргаан үүсгэжээ

Анхаарлын төвд: The White Lotus 3 цувралын эргэн тойронд (фото 2)

Найруулагч Марк Уайт тус цувралд жүжигчин Айми Лу Вудыг тоглуулахын тулд HBO-тэй ширүүхэн маргалдаж байсан гэнэ. Энэ талаар Айми Лу Вуд GQ Hype сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан бөгөөд тэрээр "Майк намайг Челсигийн дүрд тоглуулах туйлын хүсэлтэй байсан боловч HBO энэ саналд дурамжхан байсан гэж би дуулсан. Энэ талаар сонсоод миний толгойд 'Би царай муутай учраас HBO намайг тоглуулахыг хүсэхгүй байгаа байх' гэсэн бодол л эргэлдэж байлаа" хэмээн хуваалцжээ. 

Гэвч Айми Лу Вуд эцэст нь өөрийн жүжиглэх чадвараа бататгаж, The White Lotus цувралын хамгийн хайрлагдсан дүрүүдийн нэг болж чадсан юм. 


Ямар дүр бүтээхээ мэдээгүй ч шууд л цувралд тоглохыг зөвшөөрсөн Патрик Шварцнеггер

Анхаарлын төвд: The White Lotus 3 цувралын эргэн тойронд (фото 3)

Жүжигчин Патрик Шварцнеггер The White Lotus цувралын сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдгээ мэдээд маш их баяртай байсан бөгөөд ямар дүр бүтээхээ бүрэн ойлгож, мэдээгүй ч шууд л тоглохыг зөвшөөрсөн гэнэ. Тэрээр энэ тухай Interview сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би цувралын зохиолыг уншаагүй байхдаа л цувралд тоглох саналыг зөвшөөрсөн. Тухайн үед миний толгойд зохиолыг унших ч бодол орж ирээгүй. Харин дараа нь зохиолоо уншаад 'Өө, бурхан минь' гэж бодсон" хэмээн түүний хувьд маш онцгой байсан тэрхүү мөчийг дурсжээ.


Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндсөн хэсэг 

Анхаарлын төвд: The White Lotus 3 цувралын эргэн тойронд (фото 4)

Цувралын төгсгөлийн ангид олон зүйлсийн зангилаа тайлагдаж, мөн гэнэтийн эргэлтээр дүүрэн үйл явдлууд тохиосон билээ. Үүний зэрэгцээ цувралын чухал дүрүүдийн нэг болох Жаклин, Кэйт, Лаури нарын дунд өрнөсөн "охидын яриа" үзэгчдийн сэтгэлд багагүй хүрээд амжсан байна. Тухайлбал, цувралын турш тэдний дунд өрнөсөн үйл явдал, зөрчилдөөн зэргийг ажвал тус гурван бүсгүйн харилцааг “токсик нөхөрлөл” гэж тодорхойлж болохуйц. Гэвч төгсгөлийн ангид найзууддаа бага зэрэг атаархдаг, өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бус Лауригийн яриа бүсгүйчүүдийн нөхөрлөл үргэлж төгс, өө сэвгүй байх албагүй, заримдаа шүүмжлэл, өрсөлдөөн, зөрчилдөөн аливаа нөхөрлөлийг бат бөх, гүнзгий болгодог, мөн хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах шиг болсон юм. 


Бүх жүжигчид ижил хэмжээний цалин авсан

The White Lotus цувралын гуравдугаар бүлэгт тоглосон бүх жүжигчид яг ижил хэмжээний цалин буюу анги бүрээс 40 мянган ам.долларын (140 сая төгрөг) цалин авсан гэнэ.

"The White Lotus-ын эхний бүлгийн зураг авалт яг цар тахлын үеэр хийгдсэн. Тухайн үед бидэнд кино бүтээх төсөв бага байсан учир жүжигчдэд ижил хэмжээний цалин өгдөг байсан. Энэ бол эхний бүлгээс эхлэн тогтсон дүрэм. The White Lotus-д цалин тохиролцох боломжгүй" хэмээн цувралын продюсер Дэвид Бернад The Hollywood Reporter сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна. 

Анхаарлын төвд: The White Lotus 3 цувралын эргэн тойронд (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх