
BURO. Dining Guide: Улаанбаатар хотын хамгийн амттай стейкийг хаанаас олох вэ?
8 Ounce Steakhouse & Grill
“Хамгийн гоё стейк хаана байна?”, “Хамгийн амттай пиццаг аль ресторанаас олох вэ” гэх мэт мөнхийн асуултуудыг та долоо хоногт дор хаяж нэг удаа сонсдог гэдэгт итгэлтэй байна. Аз болоход харьцангуй шинэ боловч хоолны баялаг соёлтой хотод амьдардаг бид уламжлалт монгол хоолнуудаас эхлээд олон улсын зоогуудыг төрөл төрлөөр нь, хүссэн ресторанаасаа олох боломжтой болсон. Нөгөөтээгүүр амьдрал үргэлж буцалж байдаг их хотын иргэд бид ямагт шинэ зоог амталж, шинэ зүйлсийг туршиж үзэхийг хүсдэг учраас цоо шинэ халуухан цэг нээгдэхийг чих тавин хүлээдэг билээ. Ялангуяа мэргэжлийн ахлах тогоочийн гараа гарган бэлдсэн амтат хоол, тав тухтай орчин, сонирхолтой интерьер, дээд зэрэглэлийн үйлчилгээ зэргийг алийг нь ч орхигдуулалгүй өөртөө цогцлоосон “It” рестораныг хүсэмжилсээр байдаг. Тэгвэл энэ бүх шаардлагад төгс нийцсэн нэгэн рестораныг бид оллоо. Их хотын чимээ шуугианаас хол, тав тухтай байршилд буюу Залаатын аманд байрлах Ayan Zalaat дээд зэрэглэлийн зочид буудалд нээгдсэн 8 Ounce Steakhouse & Grill рестораныг танилцуулж байна. Монголын рестораны салбарт бас нэгэн гайхалтай амт болон өнгө аясыг нэмэхээр нэвтрээд буй тус рестораны онцлог, заавал туршиж үзэх ёстой зоогууд, орчин гэхчлэн чухал мэдээллүүдийг нэгтгэн хүргэе.
Ayan Zalaat дээд зэрэглэлийн зочид буудлын нэгдүгээрт давхарт байрлах 8 Ounce Steakhouse & Grill ресторанд нэвтэрмэгц Франц дахь дарсны эдлэн газрын зооринд аль эсвэл шале буюу Швейцарын Альпын нуруунд сүндэрлэх байшинд ороод ирсэн мэт сонирхолтой интерьертэй ресторан угтан авна. Нийт 167 м2 талбайтай энэхүү саруулхан ресторан нь 60 хүн хүлээн авах чадамжтай бөгөөд илүү тухтай орчинд зоог барихыг хүссэн зочид 10 хүний багтаамжтай VIP өрөөг сонгож болох юм. Харин ерөнхий тогоочын үүргийг төрөл бүрийн европ хоол, тэр дундаа стейкээр мэргэшсэн, салбартаа арвин туршлагатай Риккардо Риццоли хэмээх эрхэм гүйцэтгэдэг. Тэрээр багадаа аавынхаа ресторанд тусалж байх үедээ хоол хийх дуртай гэдгээ олж нээсэн ба түүнээс хойш энэ чиглэлдээ тууштай байсаар иржээ. Цаашлаад хоолны цэсийн хувьд “А лa карт” буюу чөлөөт сонголттой ба энд үхэр, гахай, тугал, шувууны дээд зэрэглэлийн махаар хамгийн амттай стейкийг бэлтгэдэг аж. Үүнээс гадна пицца, Франц маягийн сонгинотой шөл, чизкейк гэхчлэн бидний дуртай европ зоогуудыг ч санал болгодог байна. Ингээд 8 Ounce Steakhouse & Grill рестораны заавал туршиж үзэх хэрэгтэй онцлох хоолнуудтай танилцацгаая.




Таны хүссэнээр шарж өгөх амтат стейк
Төгс болгосон стейк бол аман доторх симфони гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Тэгвэл төгс гэж ямар стейкийг хэлэх вэ? Мэдээж хүн бүрд энэ ойлголт харилцан адилгүй ч үндсэн хэд хэдэн дүрмүүд бий. Ерөнхийдөө энгийн мэт атлаа нь тэр хэрээрээ тогоочийн ур чадвар, арга техникийг харуулдаг, элдэв амтлагч шаардлагагүй зоог бол стейк юм. Сайн чанарын мах, аманд ороод л хайлах зөөлөн, шүүслэг болголт, мөн үл ялиг ил галын амт бол амтат стейкийн гол цөм нь билээ. 8 Ounce Steakhouse & Grill ресторан rib-eye болон sirloin зэрэг шинэ, дээд зэрэглэлийн стейкийг захиалагчийн хүссэн болголттойгоор ил гал дээр шарж өгдөг бөгөөд ингэснээр яг л тэрхүү хүн бүрийн хүсдэг аманд ороод л хайлах зөөлөн, шүүслэг, мөн галын онцгой амттай болдог байна.

Уламжлалт аргаар бэлтгэсэн Франц сонгинотой шөл
Ромын эзэнт гүрний үед үүссэн гэгддэг сонгинотой шөлгүйгээр Франц үндэстний хоолыг төсөөлшгүй. Шарсан сонгино, үхрийн махны өтгөн шөл, шарсан талх болон бяслагаар хийдэг энэхүү зоог нь баялаг амттай ба тамир тэнхээ оруулах шидтэй тул Францдаа төдийгүй дэлхий даяар алдартай билээ. 8 Ounce Steakhouse & Grill ресторан тус зоогийг франц түмний идэх дуртай уламжлалт жор болон арга техникээр бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой. Иймд жинхэнэ Франц сонгинотой шөлийг амталж үзэхийг хүссэн хүмүүст уг зоог таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Жинхэнэ итали пицца
Пиццанд дурлагсдад бид тус рестораны маргерита болон пепперони гэсэн хоёр сонгодог төрлийг санал болгож байна. Неаполитан маягийн буюу уламжлалт нимгэн атлаа шаржигнасан гурил, шинэхэн улаан лоолийн сүмс, моцарелла бяслаг, цэвэр оливын тосоор хийсэн маргерита, мөн үл ялиг халуун ногоотой, час хийсэн амтыг мэдрүүлэх пепперони зэрэг шинэхэн, амттай орц найрлагуудыг ашиглан бэлтгэсэн пиццануудыг нэг удаа амсаад үзсэн байхад танд ахин дахин идэх хүсэл төрсөөр байх болно.

Монгол маягийн пирог
Аливаа улс орны хоолны соёлд мах, ногоо, жимс гэхчлэн төрөл бүрийн орц найрлагатай, өөр өөр нэр төрөлтэй ч дотроо шанзтай жигнэмэг бүхий зоог заавал түгсэн байдаг. Үүнийг бид пирог ч гэж нэрлэх нь бий. Улс орнууд өөр, өөрсдийн соёлд нутагшуулан бэлтгэх боломжтой, амттай, тэжээллэг, сэтгэл дулаацуулах хүчтэй гээд уг хоолны давуу талуудыг тоочоод баршгүй. Тэгвэл 8 Ounce Steakhouse & Grill рестораны зүгээс Монголын хоолны соёл, онцлогт тохируулан өөрсдийн хувилбарыг бүтээсэн байна. Энэхүү зоог нь зөөлөн үхрийн мах, шинэ ногоо, анхилам монгол халуун ногоонуудыг холин гурилаар бүрхэж алтан шаргал болтол нь жигнэснээр бэлэн болно.

Зөөлөн, чийглэг бүтэцтэй чизкейк
Тааламжтай зоогийн гайхалтай төгсгөл бол мэдээж хэрэг амтат дессерт гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэр тусмаа зөөлөн, чийглэг чизкейк идэх дургүй хүн энэ дэлхий дээр ховор гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь хэт нялуун бус, хэт хуурай биш яг л таарсан амт болон бүтэцтэй байх нь чизкейкийн гол шалгуур бөгөөд бид яг үүнд төгс нийцэх амттаныг олсон юм. Баялаг сүүн крем, шинэхэн жимс, Грэм жигнэмгээр хийсэн уг чизкейк нь амтлах бүрд ахин дахин идэх хүсэл төрүүлж юутай ч зүйрлэшгүй таашаалыг мэдрүүлнэ.
8 Ounce Steakhouse & Grill
Хаяг: БЗД, 11-р хороо, Дүнжингарав 1 гудамж, Бага тэнгэрийн амын зүүн талд
Захиалгын дугаар: 8598 9999
Facebook: Ayan Zalaat
Instagram: @ayanzalaat