Хайх

Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага

Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага

Text: Х.Батсүх


Velin сэтгүүлийн урлаг соёл буланд нийтлэгдсэн, Монголын хөгжмийн салбарт өөрсдийн ондоошлыг хайж, шинээр эрэлхийлсэн уран бүтээл туурвиж чаддаг амьд хөгжмийн mxrningstar хамтлагтай хийсэн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.


“mxrningstar хамтлагийн хүн цомог бол гайхамшигтай цомог”

Монголын хөгжмийн салбарын хувьд 2024 он тун онцгой жил болж байна. Зуны турш үргэлжилсэн олныг хамарсан задгай талбайн нүсэр тоглолтууд, зохиогчийн эрх болон оюуны өмчийн талаарх хэлэлцүүлгүүд, мөн ойрын хэдэн жил ус агаар мэт хүлээгдэж байсан амьд хөгжмийн олон цомгууд энэ жил нээлтээ хийв.

Өнгөрсөн хугацаанд Монголын хөгжмийн салбарт өөрсдийн ондоошлыг хайсан, шинээр эрэлхийлсэн олон бүтээл, цомгууд гарч байсан түүхтэй. Монгол нь монголоо хайх аяны үргэлжлэл, мөн өнөөгийн бидний амьдарч, бүтээж буй нийгмийн шууд тусгал болсон бидний дундах уур бухимдлын өмнөөс нэг чанга орилсон бүтээл болох mxrningstar хамтлагийн “хүн” цомог хэдийн бидний сонорт хүрээд байна.

mxrningstar хамтлагийн “хүн” цомог нийт долоон дуутай. Monadd лэйблээс гаргаж буй уг цомог 2024 оны 10-р сарын 22-нд бүх хөгжмийн платформуудаар цацагдаж эхэлсэн ба тус цомгийн “бодлын гүнээс” дуу Улаанбаатар радиогийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байгаа бол саяхан цацагдсан цомгийн гол сингл “хүн” мөн жагсаалтад шинээр орж иржээ. Тун удахгүй тэдний анхны бие даасан тоглолт болох бөгөөд тоглолтын бэлтгэлийн үеэр mxrningstar болон шинэ цомгийнх нь тухай ярилцахаар бид уулзлаа.

Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага (фото 1)

Гунигтай залуугийн өөрийгөө илэрхийлэх боломж хөгжим байв

Хамтлаг таван гишүүний бүрэлдэхүүнтэй. Бид хамтлагийн дуучин Б.Аззаяа буюу Morningstar-ийг эчнээ танина. Анх Pluto planet, Chihiro дуунуудаараа олонд танигдаж байсан энэ залуу Монголын хип-хоп, орчин цагийн хөгжмийн нэгэн том давлагааны хэсэг байв. Анх дуулж эхэлсэн цагаасаа тайзан дээр биеэ авч явж буй байдал, үзүүлбэр, хоолойгоороо бусдаас хол ялгарах нь түүнийг зөвхөн тайзанд зориулан бүтээсэн мэт. Гэхдээ түүнд дуучин, урлагийн хүн болох боломж бүүр сүүлд олджээ. Түүнээс “хэзээ дуулж эхэлсэн бэ, яагаад дуучин болохоор шийдсэн бэ?” гэж асуухад:

Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага (фото 2)
Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага (фото 3)

Азаа: “Хүмүүсийн хэлдгээр эмо, гунигтай залуугийн өөрийгөө илэрхийлэх боломж хөгжим байв. Өөрийгөө илэрхийлэх аргаа олохгүй явж байгаад Playtime наадмаар дамжуулан хөгжимтэй танилцсан нь надад өөрийгөө илэрхийлэх боломж бас дуучин болох замыг нээж өгсөн” гэв.

Дуулахаас гадна тэр дуунуудынхаа шүлгийг өөрөө зохиодог.

Азаа: “Төгсөх ангид орох үед надад хамгийн таалагддаг хичээл уран зохиол, монгол хэлний хичээл байсан. Хэдий эсээ их бичдэг байсан ч, тэрийгээ тухайн үедээ нэг их ойлгож байгаагүй. Дараа нь нэг ая аваад шүлэг бичээд, дуулаад үзсэн чинь болохоор байсан тул дууны шүлэг бичиж эхэлсэн юм. Анх Pluto Planet дууны шүлгийг хийгээд аялгууг нь гаргачхаад таньдаг хүндээ үзүүлсэн чинь намайг Man On The Moon ахтай танилцуулж, миний анхны дууны хоолойг бичиж өгсөн. Дараа нь олон дуун дээр минь хамтарч ажилласан” гэв.

mxrningstar

Тэр анх хөгжим хийж эхэлсэн цагаасаа эхлэн амьд хөгжмийн хамтлагтай болох сонирхолтой байсан бөгөөд хамтлагийн гишүүдтэйгээ уулзах боломж O.Yu Sessions-д оролцох үеэр бүрджээ.

Азаа: “Би O.Yu Sessions орохдоо, хамтлагтай болохыг мөрөөддөг, хамтарч хамтлаг байгуулахыг хүсэж байгаа залуучууд байвал надтай холбогдоорой гэсэн юм. Тэгтэл над руу Эрка (Н.Эрдэнэбаяр) холбогдсон. Эрка өөрөө бөмбөр тоглодог, өөрөөсөө гадна манай ритм гитарчин Эба (Г.Эрдэнэбаяр), даралтат хөгжимчин Эрдүк (Н.Эрдэнэсайхан), соль гитарчин Обо (З.Оюунболд) нарыг дагуулж ирсэн. Анх уулзаад тавуулаа хамт тоглож үзээд болох юм байна гээд хамт бэлдэж эхэлсэн”.

Тэд 2020 онд анх танилцсанаасаа эхлэн өөрсдийгөө бэлэн болох хүртэл гурван жил хамтдаа бэлтгэл хийжээ. Хамтлагийн тухай “хүн” цомог гарах хүртэлх хугацааны талаар хамтлагийн бөмбөрчин Эрка ярихдаа:

Эрка: “Өнгөрсөн хугацаанд нэг “хүн” болох гэж их бэлдлээ. Бид хэн юм бас mxrningstar гэж юу юм, энэ нэр юуг илэрхийлэх юм, бид юу хийх ёстой юм гэдгээ тодорхойлсон. Зүгээр л хөгжим тоглоод яваад байхаасаа илүүтэй цаашид үлдэх олон жилийн настай дуу, хөгжим хийхэд гол анхаарлаа хандуулж, ер нь бэлэн болох хүртлээ хүлээсэн”.

Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага (фото 4)

Азаа: “Бид нийлээд дөрвөн жил өнгөрсөн байна. Бид бүгдээрээ ер нь дуу муутай хүмүүс болохоор одоо л бие биеэ дөнгөж ойлгож эхэлж байна. Манай залуус бүх төрлөөр тоглож чадна. Рок байна уу, хип-хоп байна уу, бүх урсгалаар тоглож чаддаг. Би ч гэсэн рок, рэп, скрийм гэхчлэн бүгдийг нь дуулж чадна. Бид бол хамтлаг, хөгжим тоглодог эрх чөлөөтэй залуус учраас нэг хэв маягт баригдах дургүй”.

Хамтлаг анх бүрэлдэж эхэлсэн цагаасаа Monadd лэйблтэй хамтран ажиллаж байна. Манай дотоодын хөгжмийн салбарт лэйбл болон бичлэгийн студийн ялгаа төдийлөн бага, урлагийн менежментийн ойлголт саяхнаас л яригдаж байгаа. Monadd лэйбл Narabara, Есөн Эрдэнэ зэрэг хамтлагуудын тоглолтыг Монголд зохион байгуулахаас гадна уран бүтээлчийн менежмент, дистрибюшны чиглэлээр олон жил амжилттай ажиллаж байгаа туршлагатай хамт олноос бүрдсэн лэйбл.

Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага (фото 5)

хүн”

“хүн” цомгийн бичлэгийг The Library Records дээр 2023 оны төгсгөлд бичиж дуусгажээ. Цомогт “үүрнээсээ чи”, “гацдаа”, “гунигтай”, “бодлын гүнээс”, “хүн”, “бадамлянхуа”, “харгуй” гэсэн долоон дуу багтсан бөгөөд тэд 2020 онд анх цугласан цагаасаа дуунуудаа зохиож эхэлсэн байна.

Уг цомгийг анх сонсоход шууд анхаарал татах гол зүйл бол хамтлагийн тоглолт болон тэдний амбиц юм. Эхний мөчөөс эхлэн том тайз, стадионд зориулсан мэт хүчтэй задгай дуугаралт сонорыг мялаана. Сонсогчийн зүгээс уг цомгийг хөгжмийн спикер, чихэвчээр дамжуулан сонсохоос илүүтэй амьд тоглолтыг үзэх хорхой төрүүлж байгаа нь тун гайхалтай. Ялангуяа том тоглолт, тайзанд зориулсан ийм тоглолттой цомог, дуунууд тун цөөхөн гарж байгаа энэ үед цангаа тайлсан мэт мэдрэмжийг өгч байв.

Цомгийн тухай болон бичлэг, дуугаралтын талаар Эрка ярихдаа:

“Эхний цомог бол ерөнхийдөө бид өөрсдөө, дуу, тоглолт, бүх зүйл. Бид өөрсдөдөө зориулж энэ цомгоо хийсэн. Дуугаралтын хувьд цаашид илүү хөгжиж бас өөрсдийн хүсэж байгаа дуугаралтаа хийж чадах юм байна гэсэн мэдрэмж энэ цомгоос авсан. Тиймээс дараа дараагийн дуунууд, цомгоо өөрсдөө бичих бодолтой байгаа” гэв.

Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага (фото 6)

Харин хөгжмийн найруулгын тухайд хамтлагийн даралтат хөгжимчин Эрдүк ярихдаа:

“Мэдээж бид нарт өөр, өөрсдийн урам зориг авдаг дуртай уран бүтээлчид бий. Зарим нэг дуугаралт, тоглолт дээр бидэнд тэд нар маань нөлөөлсөн. Анх дуу зохиохоос эхлээд бүх зүйлсээ бүгдийг хамтдаа хийсэн болохоор тэр энэ нь гээд байхаар зүйл байхгүй. Яг хамтлагаараа энэ цомгоо хийсэн” гэж онцоллоо.

“хүн” цомгийн нэг нандин шигтгээ бол “хүн” дуу. Би Монголын хөгжмийн салбартай холбоотой ярилцлага, нийтлэл хийгээд бараг 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд монгол хөгжмийн агуулга, дараагийн үеийг тодорхойлох олон чухал цомгууд, дуунууд төрсөн. Харин уг цомгийн “хүн” дуу бол дараа үед үлдэх шийдэл, хөгжмийн тоглолт, шүлэг, дуулалтын хувьд монгол хүн л бүтээж чадах эх бүтээл, бодь амьтай гайхалтай дуу байв.

Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага (фото 7)

Цомгийн шүлгүүд болон дуунуудын талаар

Азаа ярихдаа “Анх бид нар 2020 онд цуглаад зохиосон анхны дуу бол “гацдаа”. Багаасаа энэ нийгмийг шүүмжлэх хүсэл бодол байнга байдаг байсан ба цаашдаа ч шүүмжилнэ гэж боддог. Гэхдээ би өөрийнхөө зохиосон дуугаа тийм, ийм гэж тайлбарлах сонирхол надад төдийлөн байдаггүй. Яагаад гэвэл хүн бүр өөрсдийнхөөрөө сонсоод хүлээж авч байгаа тул би нэг тодорхойлоод хэлчих юм бол үүндээ хөтлөөд байгаа юм шиг санагддаг. Сонсож байгаа хүн өөрөөр хүлээж авлаа гэж бодоход тэр хүний л өнцөг, мэдрэмж учраас заавал хөндлөнгөөс оролцох гээд байх шаардлагагүй гэж бодож байна.”

Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага (фото 8)

Хамтлагийн гишүүдтэй ярилцаж суухад тэдний уран бүтээл туурвих чин хүсэл бас хэлбэрт баригдахгүй байх хүсэл шууд анзаарагдана. Хамтлагийн гишүүд цомгоо бичиж эхлэхдээ өөрсдөдөө зориулж буюу аливаа тренд, урсгалд баригдахгүй, мөн хүмүүст таалагдах гэхээсээ өөрсдөдөө таалагдах хөгжмөө хийх хүсэлтэй байснаа ярьцгааж байв. Та нар өөрсдийн цомгоо юу гэж тодорхойлох вэ гэхэд “Бидний хувьд “хүн” цомог бол хаана ч байхгүй гайхамшигтай цомог, бусдыг нь сонсогчид хэлэх байх” гэснээр ярилцлага өндөрлөлөө.

Бидний өнөөгийн нийгэмд үе хоорондын харилцааны төвөгтэй байдал, нийгмийн шилжилтийн өмнөх болон дараа үеийн хоорондын үнэт зүйлсийн ялгаанууд заримдаа их хүчтэй анзаарагддаг. mxrningstar хамтлаг, тэдний анхны “хүн” цомог магадгүй энэ зөрчил, үнэт зүйлсийн зөрүүтэй байдалд, нийгэмд болон хүмүүст зориулсан эрх чөлөөг мэдэрч бас илэрхийлж чаддаг шинэ үеийнхний хариулт, мэдэгдэл байв.

Velin сэтгүүл: MXRNINGSTAR хамтлагтай хийсэн ярилцлага (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх